Газпром компани "Сибирийн хүч" хоолойгоор жилд 38 тэрбум шоо метрт байгалийн хий Хятад руу нийлүүлж байгаа гэж тус компани Даваа гарагт мэдэгдэв. Энэ нь тус компани “Сибирийн хүч” хоолойг дээд хүчин чадлаар ашиглаж байна гэсэн үг. Газпром 2019 оноос тус хийн хоолойгоор Хятад руу хий экспортолж эхэлсэн аж.
"Хятадын зах зээл дээр Оросын байгалийн хийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа бөгөөд манай хий Хятадын эдийн засгийг эрчим хүчээр хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа" гэж "Газпром"-ын гүйцэтгэх захирал Алексей Миллер Оросын "Интерфакс" агентлагт мэдээлсэн байна.
“Газпром болон CNPC (Хятадын Үндэсний Нефтийн Корпораци) хооронд байгуулсан урт хугацааны гэрээнүүд нь манай хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлж байгаа. Хийн салбар дахь бидний стратегийн түншлэл нь цаашид улам хөгжиж, Орос, Хятад хоёрт үр өгөөжөө өгнө гэдэгт би итгэлтэй байна” гэж Миллер хэлснийг иш татав.
Европын зах зээлийн ихэнх хэсэг нь Газпромын хувьд хаалттай байгаа. Тиймээс Газпром компани Европ дахь алдагдлаа нөхөхийн тулд Хятад руу анхаарлаа хандуулж байгаа.
Газпромын хөрөнгө оруулалт одоо Оросын зүүн хэсэг, Ямал хойг дахь байгалийн хийн ордууд руу чиглэж байна. Орос-Украины дайн хүртэл Газпром компанийн гол экспортын зах зээл Европ байсан бол дайнаас хойш Хятад руу хий нийлүүлэх хандлагатай болсон.
Гэхдээ "Сибирийн хүч-2" хоолой барих магадлал бага байгаа бололтой. Орос улс Хятадтай хийн үнэ ханш дээр тохиролцож чадахгүй байна. Мөн Хятадад ашигтай нөхцөл бүрдэхгүй бол Бээжин Оросын байгалийн хийг импортлох нүсэр том хийн хоолойг барих сонирхол байхгүй байна.
Эх сурвалж: mining.com