Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс АНУ руу галли, германий, сурьма экспортлохыг хориглолоо

Ч. Сансар 

Байдены Засгийн газар АНУ-ын дэвшилтэт технологийг Хятадад худалдахад хязгаарлалт тогтоосноос хойш нэг өдрийн дараа БНХАУ АНУ-д галли, германий, сурьма зэрэг газрын ховор элементийг нийлүүлэхийг хориглосноо зарлав.

“Үндэсний аюулгүй байдлын үүднээс гаргасан уг шийдвэрийн хүрээнд АНУ руу экспортолж буй бал чулууг мөн бас хатуу хянах болно. Үндсэндээ галли, германий, сурьма болон хэт хатуу материалыг АНУ руу экспортлохыг зөвшөөрөхгүй"  гэж Хятадын Худалдааны яам мэдэгдэв.

Галли, германий зэрэг ховор элементүүд нь хагас дамжуулагч үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн германиум нь хэт улаан туяаны технологи, шилэн кабель, нарны зайд хэрэглэгддэг. Сурьма нь сум болон бусад зэвсэг үйлдвэрлэхэд өргөн хэрэглэгддэг бол бал чулуу нь цахилгаан машины батарейны үндсэн бүрэлдэхүүн хэсэгт ордог хамгийн том материал юм.

Одоогийн байдлаар дэвшилтэт технологид зайлшгүй гаардлагатай эдгээр материалуудын үйлдвэрлэлд Хятад улс тэргүүлдэг.

Өнгөрсөн сард АНУ-ын Геологийн судалгааны тайланд галли, германий экспортыг бүхэлд нь хориглох нь АНУ-ын эдийн засагт 3.4 тэрбум долларын хохирол учруулж болзошгүйг анхааруулжээ.

Өнгөрсөн онд дэлхийд нийт сурьмагийн олборлолтын 48%-ийг Хятад улс эзэлсэн бол  2023 онд нийт цэвэршүүлсэн германийн 59.2%-ийг, цэвэршүүлсэн галлийн 98.8%-ийг Хятад улс тус тус эзэлсэн гэж “Project Blue” зөвлөх компани мэдээлэв.

Роттердамд сурьмагийн гурвалсан ислийн үнэ 1-р сараас хойш 228%-иар өсч, 11-р сарын сүүлээр нэг тонн нь 39,000 долларт хүрсэн.

Эх сурвалж: mining.com