Р.Ренчиндулам
2024 оны эхний гурван улиралд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 94,974,6 тэрбум юань (13,004,3 тэрбум ам.доллар) болж, өмнөх оны мөн үеийнхээс 4,8 хувиар өссөн талаар “China Briefing”-д онцолжээ. Улирлаар авч үзвэл, нэгдүгээр улиралд ДНБ өмнөх оны мөн үеийнхээс 5.3 хувь, хоёрдугаар улиралд 4.7 хувь, гуравдугаар улиралд 4.6 хувиар өссөн байна.
2024 оны 9-р сарын Азийн хөгжлийн төлөв тайланд энэ оны бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг 5.0% байна гэж таамаглаж байв. Хэдий тийм ч АНУ болон Хятад улсын хооронд худалдаатай холбоотойгоор хурцадмал байдал үүсэх төлөвтэй болсон нь таамаглалыг багасгаж байна. Ялангуяа Трамп Ерөнхийлөгч болсныхоо дараа гаргах татвартай холбоотой шийдвэрүүдээс ихээхэн шалтгаалах болно гэдгийг барууны эдийн засагчид онцолж байна. Мөн тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл хумигдах, бүс нутгийн геополитикийн байдал хурцдах, уур амьсгалын өөрчлөлт болон цаг агаарын таагүй үзэгдлүүдээс шалтгаалсан түүхий эдийн үнийн өсөлт ч нөлөө үзүүлэх магадлалтай юм.
Хэдийгээр нөхцөл байдал ээдрээтэй байгаа ч Хятадын эдийн засагчид байдлыг өөдрөгөөр харж байна. Тэд цар тахлын үед ч Хятадын эдийн засаг хүндрэлийг амжилттай даван туулж байсныг дурджээ. Жишээлбэл, 2021 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 8.1 хувиар нэмэгдэж байв. 2021 онд Хятадын эдийн засгийн эргэлтийн хэмжээ 114 их наяд юань буюу 18 их наяд доллар давсан. Аж үйлдвэрийн салбар 8.2 хувиар буюу 7.1 их наяд ам.доллар, хөдөө аж ахуйн салбар 7.1 хувиар өсч, 1.3 их наяд орчим ам.долларт хүрч, үйлчилгээний салбар 8.2 хувиар өссөн түүхтэй.
Тиймээс ирэх 2025 онд Хятадын эдийн засгийн өсөлт 5 хувиас буурахгүй гэж өөдрөгөөр төсөөлж байгаа юм байна.