Ч.Сансар
Хятад улс Киргиз, Узбекистан руу шинэ төмөр зам тавихаар болж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү төсөл нь Хятад улсыг Төв Азийн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх аж.
Хятадын Кашгар хотыг Киргизстан, Узбекистаны хэд хэдэн хоттой холбох гэж буй 523 км төмөр замын төсөл хэрэгжээгүй, хэдэн арван жилээр гацсан билээ. Харин тус төсөл одоо албан ёсоор хэрэгжих нь тодорхой болсон бөгөөд эхний үе шат нь 2030 он гэхэд дуусах боломжтой юм.
“Хятадын төмөр зам” компани 11-р сарын сүүлчээр худалдан авалтын вэбсайт дээр барилгын тендер зарлалаа. Тус тендерийн хүрээнд Киргизстаны хэсэгт 33.9 тэрбум юанийн (4.7 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд 2030 он гэхэд барилгын ажил дуусна гэж мэдэгджээ.
Уг төмөр замын шугам нь Хятадыг Төв Ази, Ойрхи Дорнод, Европын орнуудтай холбосон өргөн төмөр замын сүлжээний анхны бүрэлдэхүүн хэсэг болно гэж шинжээчид үзэж байна.
Төмөр замыг өргөтгөж, Туркменистан, Иран, Турк руу барьж магадгүй гэж Шанхайн олон улсын судалгааны хүрээлэнгийн Даян дэлхийн засаглал судлалын хүрээлэнгийн дэд захирал Жао Лонг мэдэгдэв.
Хятад-Киргизстан-Узбекистаныг холбосон төмөр зам нь Хятадыг Оросоор дамжин Европтой холбосон Транс-Евразийн төмөр замаас илүү хурдан бөгөөд геополитикийн хувьд ашигтай зам байх болно.
Шинэ төмөр зам нь Хятадаас Европ руу одоогийн ашиглаж буй хуурай замаас долоо, найм хоногоор хурдан ачаа тээвэрлэх боломж олгоно.
Хятад-Киргизстан-Узбекистаныг холбосон төмөр зам барих саналууд 1990-ээд онд анх гарч, гурван улс 1997 онд төслийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Гэвч техникийн, улс төрийн болон санхүүгийн асуудалтай тулгарсны улмаас уг төсөл олон жил гацсан.
Гэсэн хэдий ч энэ жил төслийн ажлаа үргэлжлүүлэхээр болж, 6 дугаар сард Бээжинд болсон дээд хэмжээний уулзалтаар гурван улс төмөр зам барих Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан.
Хятадын Шинжаан телевизийн мэдээлснээр уг төслийг “барих-ашиглах-шилжүүлэх” загвараар хэрэгжүүлэх бөгөөд нийт 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм байна. Хамтарсан компанийн 51%-ийг Хятад эзэмшиж, Киргизстан, Узбекистан улсууд тус бүр 24.5%-ийг эзэмшинэ.
Эх сурвалж: South China Morning Post