Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Adani” группын хайлуулах үйлдвэрийн өргөтгөл нь Энэтхэгийн цэвэршүүлсэн зэсийн импортыг бууруулна

 

Ч.Сансар 

Тэрбумтан Гаутам Аданигийн зэс хайлуулах шинэ үйлдвэр нь хүчин чадлаа нэмэгдүүлснээр Энэтхэг улс цэвэршүүлсэн зэс импортлох шаардлагагүй болно гэж тус улсын Уул уурхайн яам баасан гарагт мэдэгдэв.

Том эдийн засагтай улс орнуудын дунд хамгийн хурдацтай хөгжиж буй Энэтхэг улс өнгөрсөн онд зэсийг чухал ашигт малтмал гэж тодорхойлсон бөгөөд эрэлтээ хангахын тулд гаднаас зэс импортолдог.

Зэсийн гол хэрэглэгчид нь барилгын салбар, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгчид болон ногоон эрчим хүчний салбарынхан: цахилгаан автомашин, нар, салхины цахилгаан станц үйлдвэрлэгчид.

Adani Enterprises Ltd-ийн охин компани болох Kutch Copper Ltd үйлдвэрээ аль хэдийн ашиглалтанд оруулсан бөгөөд ирэх оны 2-3 дугаар сард бүрэн хүчин чадлаараа ажиллах төлөвтэй байна.

Уул уурхайн яам “Уг үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Энэтхэг улс цэвэршүүлсэн зэсээр өөрийгөө бүрэн хангаж, импортоо эрс бууруулна” гэж мэдэгджээ.

Гужарат мужийн баруун хэсэгт орших Мундра хотод оршдог 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй зэс цэвэршүүлэх үйлдвэрийн хүчин чадал 500 мянган тонн бөгөөд 2028-2029 он гэхэд 1 сая тоннд хүрнэ гэж Kutch Copper Ltd-ийн захирал энэ оны эхээр Ройтерс агентлагт ярьжээ.

Энэтхэг улс 2024 оны 3-р сар хүртэлх санхүүгийн жилд 363,000 тонн цэвэршүүлсэн катодын зэс импортолсон бөгөөд нийт зэсийн импортын гуравны хоёрыг Япон нийлүүлсэн гэж Уул уурхайн яам мэдэгдэв.

Энэтхэг жилдээ 555,000 тонн цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэж, 750,000 гаруй тонныг хэрэглэдэг. Энэтхэг улс эрэлт хэрэгцээгээ хангахын тулд жилд 500 мянга орчим тонн зэс импортолдог.

Энэтхэгийн цэвэр эрчим хүч, цахилгаан автомашин руу шилжих бодлогын үр дүнд 2030 он гэхэд тус улсын зэсийн хэрэгцээ хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters.com