Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Трампын ялалт дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ

Т.Бямбанаран

АНУ-ын Ерөнхий­лөгчийн   сонгуу­лийн  өрсөлдөөнд Дональд Трамп ялалт байгуул­сан­ нь дэлхий дахинд эдийн засгийн томоохон нөлөө үзүүлнэ.

Хэрэв Трамп худалдааны тарифыг нэмэгдүүлэхээс эхлээд зохицуулалтыг бууруулах, газрын тосны өрөмдлөгийг нэмэгдүүлэх, НАТО-гийн түншүүддээ илүү өндөр шаардлага тавих зэргээр амлалтынхаа зарим хэсгийг биелүүлбэл тус улсын санхүү болон эдийн засгийн өсөлтөд дарамт ирж, инфляц, зээлийн хүү нэмэгдэн,  дэлхийн өнцөг булан бүрд нөлөөлөл нь тусах аж.

Трамп өнгөрсөн сард сонгогчдын зөвлөлийн 270 гаруй санал (Электорал коллегийн оноо) авч, Цагаан ордонд эргэн ирсэн юм.

Мөн түүний Бүгд найрамдах нам Сенатад хяналтаа тогтоож, Төлөөлөгчдийн танхимд ялалт байгуулах магадлалтай бөгөөд ингэснээр Ерөнхийлөгчийн саналыг хуульчилж, гол томилгоог батлах үйл явц хялбар болно.

“Трампын төсвийн амлалтууд нь АНУ-ын эдийн засаг болон дэлхийн санхүүгийн зах зээлд ихээхэн эрсдэл учруулж байна” гэж UniCredit группийн эдийн засгийн ахлах зөвлөх Эрик Нилсен хэлэв. “Түүний амлалтууд их хэмжээний алдагдалтай байгаа эдийн засгийг улам дордуулахын зэрэгцээ гол үзүүлэлтийг сулруулахыг зорьж байна.

Трампын бодлогын улмаас АНУ-ын Сангийн зах зээл, улмаар дэлхийн санхүүгийн тогтвортой байдалд ноцтой аюул нүүрлээд байна” гэж Нилсен хэлэв.

Импортын татвар, тэр дундаа гадаадын бүх улс орны импортын бараа бүтээгдэхүүнд 10%-ийн татвар, Хятадаас импортлох бараа бүтээгдэхүүнд 60%-ийн татвар ногдуулах зэрэг нь Трампын бодлогын гол үзэл баримтлал бөгөөд дэлхий дахинд далайцтай нөлөө үзүүлэх магадлалтай.

Тариф нь дэлхийн худалдаанд хязгаарлалт тогтоож, экспортлогчдын өсөлтийг бууруулж, оролцогч талуудын санхүүд хүндрэл учруулдаг. Ингэснээр АНУ-ын инфляцыг өсгөх төлөвтэй байгаа бөгөөд тус улсын Холбооны нөөцийн сангаас (ХНС) мөнгөний хатуу бодлого явуулахад хүргэж болзошгүй.

Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өсөлтийг “сул” байна хэмээн тодорхойлсон. Тэгтэл дэлхийн худалдаанд ийнхүү цохилт өгөх нь ирэх оны Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 3.2%-ийн өсөлтийг бууруулах эрсдэлтэй юм. 

Компаниудын импортын зардал хэрэглэгчдэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, тарифын улмаас АНУ-ын иргэдэд инфляцын дарамт ирэх магадлалтай. Ингэснээр ХНС өндөр хүүг удаан хугацаагаар барих эсвэл зээлийн хүүг дахин өсгөхийг үгүйсгэхгүй.

Хэрэв Трампын төсвийн зарлага болон татварын тухай амлалт  биелвэл дээрх таамаглал бодит болно. Энэ нь АНУ-ын өрийг 2035 он хүртэл 7.75 их наяд доллароор нэмэгдүүлэх боломжтой гэж Холбооны хариуцлагатай төсвийн хороо мэдэгдэв.

“Бүх нийтээр импортын татвар ногдуулах нь хамгийн их хохирол учруулна. Хэрэв тарифын бодлогыг хэрэгжүүлэхдээ бүх нийтэд биш харин хэсэгчлэн ногдуулбал дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө   бага байх болно” гэж ABN Amro банкны ахлах эдийн засагч Рожер Куадвлиг хэлжээ.

Хятад, Мексик улсуудад ирэх дарамт

Долларын санхүүжилтэд тулгуурла­сан, хөгжиж буй орнуудын хувьд санхүүгийн дээрх бодлогууд зээлийн хүүг өндөрсгөж, эдийн засгийг хүндрүүлдэг.

Хэрэв Трамп амласан ёсоороо Хятадад өндөр татвар ногдуулбал АНУ-ын инфляцад нөлөөлөгч хүчин зүйлс нь бусад орны бүтээгдэхүүний үнэд мөн нөлөөлж болзошгүй.

Дэлхийн хамгийн том экспортлогчийн хувьд Хятад улс эдийн засгийн өсөлтөө сэргээхийн тулд шинэ зах зээл хайж, АНУ-аас шахагдсан бүтээгдэхүүнээ өөр газар, ялангуяа Европ руу нийлүүлэх магадлалтай.

Худалдаанаас хамааралтай, нээлттэй эдийн засагтай орнуудын Бизнес итгэлийн индекс хурдацтай буурдаг тул төв банкууд шуурхай арга хэмжээ авах төлөвтэй байдаг.

JP Morgan банкны Евро бүсийн эдийн засагч Грег Фузеси хэлэхдээ, Европын Төв Банк (ЕТБ) Бизнес итгэлийн индекс судалгааны үзүүлэлтүүд буурахаас ч өмнө хүүгийн түвшинг 2% хүртэл бууруулж магадгүй. АНУ-ын тарифын бодлого тодорхой болсны дараа дээрх 2%-иас ч багасгах боломжтой гэж үзэж байна.

АНУ-ын импортын татварын эсрэг бусад улс хариу арга хэмжээ авснаар худалдааг улам хязгаарлаж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулахыг үгүйсгэхгүй.

ХНС-ийн хүү өндөр байхад бусад улсын зээлийн хүү харьцангуй бага байгаа нь америк долларын ханшийг өсгөх аж. Үүний нэг илрэл нь еврогийн болон иений ханш нэг шөнийн дотор 1.5%-иар унасан явдал юм. Гэвч дэлхийн өрийн 60-аас дээш хувь нь доллароор илэрхийлэгддэг тул хөгжиж буй орнуудад илүү их дарамт үзүүлнэ.

Үүнээс гадна, Мексик хамгийн их хохирол амсах магадлалтай улс юм. Трамп хил хаах тухай мэдэгдсэн нь аль хэдийн доройтсон эдийн засагт нь нэмэлт дарамт учруулаад байгаа юм.

TS Lombard компанийн Хөгжиж буй зах зээлийн макро стратеги хариуцсан Гүйцэтгэх захирал Жон Харрисон хэлэхдээ, “Мексикийн песо доллартой харьцах ханш нь 3%-иар буурсан тул тус улс хамгийн их эрсдэлтэй тулгараад байна” гэсэн юм. Худалдааны маргаан болон цагаачдыг буцаах заналхийлэл нь дотоод асуудлууд, тухайлбал картелийн үйл ажиллагаа, гэмт хэрэг, хүчирхийлэлд хяналт тавьж чадахгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүй.

Нөгөөтэйгүүр, Трампын бодлого Бразилд ашигтай тусах магадлалтай аж. Түүний анхны бүрэн эрхийн хугацаанд Хятад улс АНУ-аас худалдаж авдаг байсан шар буурцгаа Бразилаас орлуулан авч эхэлсэн нь Бразил-Хятадын худалдааны харилцаа сайжрах нөхцөл болжээ.

Европ шинэ сорилттой тулгарч байна

Харин Европын хувьд, Трамп НАТО-д үзүүлэх АНУ-ын дэмжлэгийг бууруулбал батлан хамгаалахын зардал нэмэгдэх эрсдэлтэй байгаа юм.

Дэлхийн II дайнаас хойш Европ АНУ-ын цэргийн хамгаалалтад найдаж ирсэн. Гэвч Украинд үргэлжилж буй дайны нөхцөлд АНУ хэрэв цэргээ татвал Европ энэ орон зайг нөхөх шаардлагатай болно. 

Гэвч Европын Холбооны Засгийн газрын өр аль хэдийн ДНБ-ий 90%-д хүрсэн тул санхүүгийн нөөц хязгаарлагдмал байна. Засгийн газрууд худалдааны хязгаарлалтаас болж сулраад буй эдийн засгийг дэмжихийн зэрэгцээ цэргийн зардлыг нэмэгдүүлэхэд хүндрэлтэй тулгарна. 

Зохицуулалтыг бууруулах Трампын бодлого хэрэгжихэд цаг хугацаа хэрэгтэй боловч “Базел-III” зэрэг олон улсын банкны дүрэм хамгийн түрүүнд сулрах эрсдэлтэй юм.

Шинэ дүрмүүдийг ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хэрэв АНУ нэрээ татвал тэдгээрийг үргэлжлүүлэх эсэхийг бодлого тодорхойлогчид хэлэлцсээр байна. 

 

https://www.reuters.com/markets/us/trump-victory-reverberate-through-global-economy-2024-11-06/