Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Ураны салбарт “Цөн түрэх” Цөмийн энергийн тухай хууль

Mongolian Mining Journal. Nov.2024 

Р.Ренчиндулам

Монгол Улсын цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтыг нэмэгдүү­лэх зорилгоор 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг баталсан билээ. 

Энэ удаагийн УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэн баталлаа /2024.11.21/. Ингэснээр стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглах,  өндөр технологи нэвтрүүлэн нэмүү өртөг шингэсэн  бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр дундаа Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих Монгол, Францын хамтарсан “Зөөвч-Овоо” ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм.  

Энэ нь ураны төсөл ингээд жигдэрнэ гэсэн үг биш.   Францын   төрийн өмчит  “Орано майнинг” групптэй байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэх ажил үлдсэн. Хөрөнгө оруулалтын гэрээгээр дамжуулаад хөрөнгө оруулагч талд ч, Монголын талд ч  хэрхэн харилцан ашигтай байхыг эцэслэн шийдвэрлэх боломжтой.  

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 2023 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэрээ ураны төслийн талаар хоёр улсын төрийн тэргүүний түвшинд анхлан ярилцсан байдаг. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн оны 10 дугаар сард Франц улсад албан ёсны төрийн айлчлал хийх  үеэр уран олборлох, эрчим хүч, харилцаа холбоо, дэд бүтэц зэрэг олон салбарт харилцаа холбоог бататгах хэлэлцээрт гарын үсэг зурж, холбогдох баримт бичгийг байгуулсан.  

Ийнхүү хоёр орон ураны салбарт хамтран ажиллах протоколд гарын үсэг зурснаар “Орано май­нинг” компанийн хөрөнгө оруулалт­тай “Бадрах Энержи” ХХК-ийн хэрэгжүүлж буй  “Зөөвч-Овоо” ордын төслийг идэвхжүүлж, дараа дараагийн томоохон төсөл, хөтөл­бөрүүдийн эхлэлийг тавьсан юм.  

Уг хэлэлцээрийн протоколд  “Төрийн эзэмшлийн 10%-ийг давуу эрхийнх гэж үзвэл санхүүжилтийн үүрэг хүлээхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжих хугацаанд талууд урьдчилан харилцан тогтоосон нөхцөлтэй давуу эрхийн ногдол ашгаа тэргүүн ээлжид авна. Төсөл хэрэгжүүлэгч компанийн  дүрэмд  өөрчлөлт  оруулах зэрэг дээр хориг тавина” гэх зэрэг зүйлсийг тусгажээ. 
Төрийн тэргүүнүүдийн уулзалтаар төслийг хэрэгжүүлэх зорилго тавьсан ч  дорвитой урагшлахгүй явсаар жил гаруйн хугацаа өнгөрөөд байсан юм. Үүнд энэ чиглэлийн эрх зүйн орчин бүрдээгүй нь нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч тал өсөн нэмэгдэх АМНАТ төлье гэсэн ч цацраг идэвхт ашигт малтмалд хэрхэн АМНАТ тооцох талаар манай  улсын мөрдөж буй аль ч хууль тогтоомжид тодорхой тусгагдаагүй байсан юм. Тиймээс 2009 онд батлагдсанаас хойш 15 жил “гар хүрээгүй” Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй юм.  

Ажлын хэсгийнхний үзэж буйгаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн 6.2 /Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно/ заалтыг баримтлан хэрэгжүүлэхийг гол зорилго болгожээ. 

Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжсэнээр Монголын талын үр өгөөж 50+1 зарчимд хүрч, борлуулалтаас АМНАТ авах эрхийг хуулийн хүрээнд нээж байгаа юм. 

АМНАТ 14%-иас их байна

Дорноговь аймаг дахь  ашиглалтын  3 тусгай зөвшөөрөл эзэмшиж  буй “Бадрах Энержи” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа  “Зөөвч-Овоо” ураны төслийн хувьд Цөмийн цахилгаан станцын түлш буюу ураны ислийг /шар нунтаг/ боловсруулаад Франц руу гаргах юм. Одоогоор бүтээгдэхүүний борлуулалтаас 14%-иас их АМНАТ авна гэж төлөвлөж байна. Тодруулбал, суурь АМНАТ 5%, тусгай АМНАТ 5%, өсөн нэмэгдэх АМНАТ 0-9% /зах зээлийн үнэ ханшаас шалтгаалах бөгөөд одоогоор 4%/ -ийн, нийт 14%-ийн АМНАТ авахаар байна. Зах зээлд шар нунтгийн эрэлт нэмэгдэх тул цаашид нийт АМНАТ 19% хүрч өсөх магадлалтай. Олон улсын цөмийн энергийн агентлагаас ураны эрэлт 2024 онд 93 мянган тонн байгаа бол 2050 онд 177 мянган тонн болж нэмэгдэх тооцооллыг  гаргасан байдаг. Эрэлтээ дагаад үнэ нь нэмэгдэх нь тодорхой.  

Мөн Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийг дагаад Татварын тухай, Компанийн тухай болон Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж байна. Тухайлбал, энгийн эрхийн хувьцааг  давуу эрхийн хувьцаа болгосон юм. Гэхдээ энэ нь зөвхөн уг төсөл дээр хамаарах байдлаар хуульд тусгасан. Ингэж хуульд өөрчлөлт оруулснаар Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг цааш үргэлжлүүлэх боломж бүрдэж байна. 

 “Зөөвч-Овоо” ураны төсөл болон Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдахаар яригдаж буй зарим зүйлийг дурдъя.  

“Зөөвч-Овоо” ураны төсөл:
2025-2027 он хүртэл төслийн бүтээн байгуулалт өрнөнө. 
2028-2060 он хүртэл тус уурхай ажиллаж, олборлолтоо явуулна. 
2060-2070 онд уурхайг хааж, байгаль орчны нөхөн сэргээлт хийнэ.

“Зөөвч-Овоо” төслийн үр ашгийн тухайд, хэрэв Монголын тал 34%-иа аваад, зөвхөн суурь АМНАТ авахаар тохирвол төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт болох 1.6 тэрбум ам.долларын 34%-д ногдох санхүүжилтийг гаргах ёстой. Учир нь, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар улсын төсвөөс нөөцийг нь тодорхойлсон бол төр 50 хүртэлх хувийг нь үнэ төлбөргүйгээр эзэмшинэ, харин хувийн хэвшил өөрсдөө санхүүжилт гаргаад нөөцийг нь тодорхойлсон бол төр 34 хүртэлх хувийг нь эзэмшдэг.  Хэрэв энэ зарчмаар явбал урьдчилсан тооцооллоор жилд 169 сая ам.долларын цэвэр ашиг олохоос гадна Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсан үеэс эхлэн 34%-д ногдох 125 сая ам.долларыг Монголын тал төлж эхлэх ёстой.  Харин давуу эрхийн 10%, суурь АМНАТ, тусгай АМНАТ, өсөн нэмэгдэх АМНАТ-өөр тооцож авснаар урьдчилан тооцоолсон цэвэр ашгас 11 сая ам.доллароор бага ашиг олно. Гэхдээ хамгийн гол нь 34%-д ногдох Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан мөнгийг гаргахгүй. Хөрөнгө оруулалт дээр санхүүгийн хариуцлага хүлээхгүй, “Оюутолгой” шиг ирээдүйд өр үүсэхгүй гэж Ажлын хэсэг тайлбарлаж байна. 

Нэг үгээр хэлбэл, Монгол Улс давуу эрхээр 10%-ийг нь ямар ч төлбөр төлөлгүй авна, мөн 24%-д ногдох ашгийг татвар, төлбөр хэлбэрээр борлуулалтын ашгаас авах юм. Давуу эрхийн 10%-ийн хувьцаа авахаас гадна нийлээд 13 төрлийн татвар, хураамж авна. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 25%  /6 тэрбумаас дээш учир/, гааль, НӨАТ, онцгой татвар, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны татвар, үл хөдлөх, агаарын бохирдол, усны нөөц ашигласны төлбөр, зам ашигласны төлбөр, газрын төлбөр, улсын тэмдэгтийн хураамж, нөөц ашигласны хураамж, автотээвэр болон өөрөө явагч хэрэгсэл ашиг­ласны төлбөр зэрэг юм. Энэ бүхнийг хамтад нь тооцсоноор 50+1 зарчимд хүрнэ гэж үзэж байгаа юм. 


Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг үргэлжлүүлэхэд үүсэх асуудал

Цөмийн энергийн комиссын ажлын Албаны нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Төслийн үйл ажиллагааны үр дүнд 250 тонн цацраг идэвхт хаягдал үүснэ. Олон улсын болон Монгол Улсын зохих хууль, журмын дагуу хог, хаягдлын менежмент хийх үйл ажиллагааг Хөрөнгө оруулалтын гэрээндээ тусгана. 

Төслийн явцад 3 төрлийн хог хаягдал гарна. Шатах, тослох материал буюу аюултай хог хаягдлыг устгах үйлдвэр барина, цацраг идэвхт буюу шар нунтгийн сав, бээлий зэрэг хог хаягдлыг булшилна. Ердийн хог хаягдлыг шатаах гэсэн 3 аргаар хог хаягдлыг шийдэхээр тохиролцсон” гэв.

Хөрөнгө оруулалтын гэрээний явц одоогоор 60 гаруй хувьтай байгаа ч хамгийн их зөрчилтэй, санал нэгдэж чадахгүй байгаа хэсэг нь орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, байгаль орчны  нөлөөллийн үнэлгээ,  нөхөн сэргээлт, хаалтын гэрээний  төлбөрийг хаана, ямар нөхцөлтэй  урьдчилан байршуулах тухай асуудал юм. Хөрөнгө оруулагч талын зүгээс энэ мөнгийг Олон улсын банк, санхүүгийн байгууллагад байршуулж, баталгаа гаргуулах   бол Монголын тал энэ мөнгийг  Төв банкинд  байршуулах саналтай байгаа юм. Ингэхдээ Монголбанкинд валютын  тусгай данс нээж тэндээ  төвлөрүүлэх саналтай байна. Уг мөнгө дансанд нэгмөсөн байршихгүй, жилд 10 гаруй сая ам.долларыг төвлөрүүлсээр хаалт хийх үед 320 сая орчим ам.доллар болно. 
Энэ мөнгийг Төв банкинд төвлөрүүлснээр 4.8%-ийн хүү бодогдож, нийт 600 гаруй сая ам.доллар болох  бололцоотой гэж Ажлын хэсэг үзжээ. 

Хоёр дахь асуудал бол шар нунтгийг эцсийн бүтээгдэхүүн гэж үзэх эсэх асуудал. Монгол Улсын Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 10-ны 286 дугаар тогтоолоор шар нунтгийг эцсийн бүтээгдэхүүний жагсаалтад оруулсан. Тэгэхээр журмаараа бол шар нунтгаас НӨАТ авч чадахгүй нөхцөл байдал үүсч байгаа юм. Тиймээс шар нунтгийн НӨАТ-тай холбоотой асуудлыг Засгийн газар дахин авч үзэх шаардлага үүсээд байна. 


Ураны уурхайн ажиллагаа, эрсдэл...

Уран баяжуулах боломжтой таван улс бий. Тэдгээр нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын таван улс. Франц нь тэдний нэг, эрчим хүчнийхээ 68%-ийг Атомын цахилгаан станцаас  хангадаг. Өөрөөр хэлбэл, бид ураны уурхайг хэрхэн ажиллуулах талаар арвин туршлагатай оронтой хамтарч байна гэсэн үг. Түүнчлэн “Бадрах энержи” компанийн хэрэгжүүлж буй “Зөөвч-Овоо” төсөлд  ШУА болон Франц, Канадын компаниудаар хөндлөнгийн судалгаа хийлгэсэн бөгөөд олборлолт эхэлсний дараа ч судалгаа үргэлжлэх аж. Одоогийн судалгаагаар онцын эрсдэл үүсээгүй тул аюулгүй ажиллагааны дүрмээ мөрдөөд явахад эрсдэлгүй гэж үзэж байна. Мөн говийн   бүсийн гүний ус 20-25 метрийн гүнд байдаг. Харин уран нь 120-160 метрийн гүнд, шаварлаг элсэн үе давхарга дунд байдаг тул гүний усанд нөлөөлөхгүй гэж үзэж байгаа аж.

“Зөөвч-Овоо” ураны ордод газар доор уусган баяжуулах аргаар олборлолт явуулна. Газрын гүн рүү ус шахаж,   усанд ууссан ураныг   ялгаж, дээш татаж авах  улмаар усыг дахин доош шахах зарчмаар ашиглана гэсэн үг. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар усанд элсэн чихэр уусгахтай адил процесс газрын гүнд өрнөнө. Гүн рүү шахах шингэний 99% нь ус, 1%  нь хүхрийн хүчил байна. Одоогоор дэлхий дээр уран олборлож байгаа уурхайнуудын 50-60%  нь газар дор уусган баяжуулах энэхүү технологийг ашиглаж байна.  Өөрөөр хэлбэл, аюулгүй ажиллагааны дүрмээ баримтлаад ажиллахад технологи талаас онцын эрсдэл үүсэхгүй гэсэн үг.  
Түүнчлэн орон нутгийн иргэдтэй ойлголцож, хөрөнгө оруулагч талыг хамгаалах шаардлага үүсэх нь тодорхой. Хөрөнгө оруулагчдын зүгээс орон нутгийн хөгжилд зориулан  жил бүр 1 сая ам.доллар олгож байх санал тавиад байгаа. Энэ бүх хэлцэл Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед илүү тодорхой болох аж. 

Атомын цахилгаан станц барихад 15-20 жил шаардлагатай

Өнөөгийн байдлаар Монгол Улсад 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэгдсэн нь дэлхийн ураны нөөцийн 2%-ийг бүрдүүлж, хайгуулын дүнд 10 гаруй ордыг нээн тогтоосон  байна. Ийм нөөцтэй хэрнээ зөвхөн шар нунтаг гаргадаг орон болоод үлдэж болохгүй. Нэгэнт цацраг идэвхт ашигт малтмал олборлож байгаа  бол Атомын цахилгаан станцтай болох нь зүй ёсны шаардлага.   
Цөмийн түлш ашиглан 1кВт цаг эрчим хүч үйлдвэрлэхэд нүүрс ашиглахаас 68 дахин бага хэмжээгээр хүлэмжийн хий ялгаруулдаг. Тийм ч учраас дэлхий дахин хатуу түлшнээс эрчим хүч гаргаж авахаас зайлсхийж илүү дэвшилтэт технологи руу шилжиж байна. Одоогоор 32 улс 440 цөмийн реактор ашиглаж байгаа бол шинээр барьж байгаа 63, барихаар төлөвлөсөн 88, ирээдүйд төлөвлөж байгаа 344 реактор байгаа нь үүний нотолгоо. 

Гэвч Атомын цахилгаан станцтай болох нь тийм ч амар бүтдэг ажил биш бололтой. Ажлын хэсгийн өгч буй мэдээллээр, 350 мВт-ын Атомын цахилгаан станц барихад багадаа 8 жил, түүнээс дээш чадалтайг баривал 15-20 жил шаардлагатай байдаг аж. Энэ хугацааг хүлээж болох ч яг Атомын цахилгаан станц барих уу гэдэг дээр Ажлын хэсгийнхэн баттай хариулт өгч чадахгүй байгаа юм. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  Атомын цахилгаан станцтай болох суурь судалгааны ажлыг эхлүүлнэ гэж тусгасан. Нэгэнт Засгийн газар хөтөлбөртөө тусгасан юм бол хэрэгжилтийн эхлэлийг тавих л шаардлагатай. 

“Зөөвч-Овоо” ордод жилд 2500 тонн ураны исэл олборлохоор төлөвлөж байгаа. Мөн олборлосон уранаа экспортлоод эхэлсэн үеэс буюу 2028 оноос давуу эрхийн 10%-д ногдох ногдол ашгаа хүртээд эхэлнэ. Үүн дээр татварын орлогууд нэмэгдээд төсөл хэрэгжих хугацаанд нийт 5.6 тэрбум ам.долларын ашигтай ажиллана гэж Ажлын хэсэг тооцоолж байна. Эдийн засгийн дээрх үр өгөөжийг ашиглан Атомын цахилгаан станцтай болж, эрчим хүчний хараат байдлаас ангижирч болохгүй гэж үү. 

Ийнхүү олон жил гацсан ураны төсөл  амжилттай хэрэгжиж, эдийн засгийн эргэлтэд орсноор  Монгол Улсын эдийн засаг сууриараа тэлж, тэр дундаа эрчим хүчний салбар урагшлах,   амбицлаг томоохон төслүүдэд хөрөнгө оруулагчдын  сонирхлыг татах, цаашлаад геополитикийн хувьд томоохон боломж, гарц нээгдэх учиртай.