Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Г.Ёндон: Энэ жил шинэчлэн тооцсоноор 3.4 тэрбум тонн нөөцтэй нь тогтоогдсон

Р.Ренчиндулам

Саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэр “илүү том саалийн үнээ” болжээ. Учир нь, энэ жил хийсэн шинэчилсэн тооцооллоор тус үйлдвэрийн нөөц 3.4 тэрбум тонн гэж тогтоогдсон бөгөөд энэ хэрээр үйлдвэрийн ажиллах хугацаа, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь ч нэмэгдэж байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэрийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө, хувь нэмэр, өнгөрсөн-одоо-ирээдүй" сэдэвт судалгааны үр дүнг өчигдөр /2024.12.11/ танилцууллаа. Тус судалгааг “MMCG” судалгаа, зөвлөх үйлчилгээний компани гүйцэтгэсэн бөгөөд үйлдвэрийн ажлын үр дүнг тоон хэлээр товч харуулахыг зорьжээ.  

Ч.Даваасүрэн: Сүүлийн жилүүдэд оруулсан хөрөнгө оруулалтын нөлөөгөөр үйлдвэрийн ашиглалтын хугацаа нэмэгдсэн

“MMCG” компанийн Бодлогын судалгаа эрхэлсэн захирал Ч.Даваасүрэн судалгааны үр дүнгийн талаар тодруулахад дараах тайлбарыг өглөө.

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ДНБ-ий 3-5 хувийг эзэлж, улсын төсвийн 10 орчим хувийг бүрдүүлж байна. Сүүлийн жилүүдэд оруулсан хөрөнгө оруулалтын нөлөөгөөр үйлдвэрийн ашиглалтын хугацаа нэмэгдсэн. 2023 оны байдлаар улсын төсвөөр дамжуулаад иргэн бүрд 560 мянган төгрөг оруулсан байна. Экспортоороо улсын валютын нөөцийн 30 гаруй хувийг бүрдүүлж байна. 2023 онд 1.1 тэрбум ам.долларыг Монголбанканд зарсан нь долларын ханшийг тогтвортой байлгахад нөлөө үзүүлсэн. Зэсийн үнийн өсөлттэй холбоотойгоор тухайн цаг үеүдэд валютын нөөцөд нөлөөллөө үзүүлж байгаа. Тухайлбал, 2019 онд зэсийн борлуулалт сайн байгаагүй бол тухайн үед ам.долларын ханш 900 төгрөгөөр илүү байх байсан. Цаашид Үйлдвэрлэл технологийн паркууд ашиглалтад орсноор зэсийн баяжмалыг боловсруулан экспортолж илүү нэмүү өртөг шингээх болно. Жишээ нь, 7000 ам.долларын өртөгтэй баяжмалыг боловсруулснаар 9100 ам.доллар болгох зэргээр нэмүү өртөг шингээж экспортлох юм. Сэргээгдэх эрчим хүч эрчимтэй хөгжиж байгаа энэ цаг үед аж ахуйн нэгжүүд маань кабел утас, нано нунтаг, зэс бэлдцүүдийг бэлтгэн нэмүү өртөг шингээснээр одоо борлуулж байгаа баяжмалын үнэ цэнийг 30-50 хувь нэмэгдүүлэх боломжтой. Эдгээр судалгааг шинжлэх ухаанд суурилсан судалгааны аргаар боловсруулсан.

Түүнчлэн судалгааны гол үр дүнгээс дурдвал:

-Эдийн засаг, нийгмийн шилжилтийн хүндхэн үед Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын ДНБ, улсын төсвийн орлогын 1/3-ийг  бүрдүүлж, хүндрэлийг давах “амь тариа” болж байжээ.

-Улсын төсөвт 2023 онд оруулсан орлогыг Монгол Улсын иргэн бүрд хуваавал 577 мянган төгрөг ногдож байна.

-Эрдэнэт үйлдвэр 6,900 ажиллагчидтай. Эдийн засагт үзүүлж буй нөлөөгөөрөө нийт 22 мянган ажлын байрыг бий болгожээ.

-Шууд бус болон өдөөгдсөн нөлөөгөөр ханган нийлүүлэгчид, орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд 3.8 их наяд төгрөгийн нэмэгдэл өртөг, 942.1 тэрбум төгрөгийн цалингийн орлогыг бий болгожээ.

-Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдын төлсөн НДШ-ээр 11 мянган ахмад настны тэтгэврийг сар бүр олгож байна.

-Цар тахлын үед Монгол Улсын 980 мянган өрхийн цахилгаан, дулааны төлбөрийг төлжээ.

-2023 онд 1.1 тэрбум ам.долларыг Монгол банканд борлуулсан нь 2023 оны дундаж гадаад валютын улсын нөөцийн 28.3%-ийг эзэлж байна. 2019 онд ам.долларын ханш 2,664 төгрөг байсан ба хэрэв Эрдэнэт үйлдвэр байгаагүй бол 3,634.3 төгрөгт хүрэх байжээ. 

Г.Ёндон: Эрдэнэт үйлдвэр нь 2079 оныг хүртэл ашиглах нөөцтэй

Мөн энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонгоос цаг үеийн зарим зүйлсийг тодрууллаа.  

-Эрдэнэт үйлдвэрийн нөөцийг шинэчлэн тогтоосон, цаашид нөөц улам нэмэгдэнэ гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эрдэнэт үйлдвэр энэ жил шинээр нөөцөө тодорхойлсон. 2021 онд хийсэн тооцоогоор 2.9 тэрбум тонн нөөцтэй гэж байсан бол энэ жил шинэчлэн тооцсоноор 3.4 тэрбум тонн нөөцтэй гэж гарсан. Бид Австралийн нэр хүндтэй компаниар ТЭЗҮ хийлгэсэн. Энэ ТЭЗҮ-ээр дахин 55 жил ашиглах үйлдвэрлэлийн нөөц батлагдсан. Одоо энэ талаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр нь 2079 оныг хүртэл ашиглах нөөцтэй гэсэн үг. Энэ нь одоо ашиглаж байгаа ордын хувьд юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2022 онд ашиглалтын 6 лиценз шинээр авсан. Үүний нэг Оюутын орд дээр 2023 онд хайгуулын ажил эхлүүлсэн. Одоогийн байдлаар 400 гаруй сая тонн нөөц тогтоогдоод байна. Хайгуулыг цааш үргэлжлүүлж байгаа тул нөөц улам нэмэгдэнэ гэх мэдээллийг манай хайгуулын мэргэжилтнүүд өгч байгаа.

-Үйлдвэрийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тоон хэлээр тайлбарлавал?

“Эрдэнэт үйлдвэр” нь 2016 онд 100 хувь Монголын аж ахуйн нэгж болсон. 2019 онд ТӨҮГ болсон. Сүүлийн жилүүдэд борлуулалтын орлого болон улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа орлого жил бүр нэмэгдэж байгаа. 2023 онд Эрдэнэт үйлдвэр нь 45 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Тус онд аудитлагдсан тайлангаар Эрдэнэт үйлдвэр нь 4 их наядыг давсан борлуулалтын орлоготой ажиллаж, 2 их наядыг давсан татвар хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Мөн Ковидын үед 18 сарын хугацаанд аж ахуйн нэгж, айл өрхийн цахилгаан, дулаан, тогны мөнгийг төлж байсан. Үүнд 1.1 их наяд гаруй төгрөгийг зарцуулсан.

Үйлдвэрийн нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тодорхойлохоор тендер зарлаад “MMCG” судалгааны компанийг сонгосон. Энэ компани судалгаа хийхдээ олон улсын судалгааны аргачлалыг ашигласан. ДНБ-д үзүүлж буй нөлөөлөл, салбар хоорондын тэнцэл зэрэг дээр тулгуурлан уг тооцооллыг гаргасан. Тэгэхээр үүнээс хойш Эрдэнэт үйлдвэрийг тодорхойлсон янз бүрийн үг хэллэг ашиглах бус, бодит тоон мэдээлэлд тулгуурлаад ярих боломжтой болж байгаа. Энэ нь бидний судалгааны зорилго.

-Үйлдвэрийг илүү нээлттэй, шилэн байлгахын тулд ямар ажил хийж байна вэ?

-Анх ажил авах үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс өгсөн үүрэг даалгавар нь энэ үйлдвэрийг ил тод, нээлттэй болгох, мөн зэс боловсруулах үйлдвэр байгуулах. Эрдэнэт үйлдвэр нь зэсийн баяжмалаа экспортлоод орлого олдог, нөгөө талаас худалдан авалт хийдэг. Худалдан авалтаа ТӨҮГ-ын хувьд тендерээр зохион байгуулдаг. Энэ мэтчилэнгээр орж, гарч байгаа мөнгөн урсгалыг нээлттэй байлгах бодлого баримталж байгаа. Өөрөөр хэлбэл, орж байгаа мөнгөн урсгал буюу зэсийн баяжмалаа биржээр дамжуулан арилжаалах бодлого баримталж байгаа. Эрдэнэт үйлдвэр 2024 оны дөрөвдүгээр сараас эхлээд нийт найман удаа зэсийн баяжмалын арилжаа хийсэн байна. Ингэхдээ сар бүр 3 мянган тонноор худалдсан. Энэ жилийн хувьд 30 мянган тонныг арилжаагаар борлуулах төлөвлөгөөтэй байсан. Дөрөвдүгээр сарын арилжаа амжилттай болсон. Тавдугаар сарын арилжаа дээр орж ирсэн компани худалдаж авахдаа төлбөрөө хийж чадаагүйгээс хэлцэл цуцлагдчихсан байгаа. 6-11 дүгээр сар хүртэл сар бүрийн арилжаа дээр худалдан авах компани оролцоогүй. Үүнд зэсийн зах зээлд болж байгаа үйлд явц нөлөөлж байна гэж үзэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас“Эрдэнэс Монгол” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг биржийн арилжаагаар зэсийн үнэ боловсруулж буй аргачиллаа илүү боловсронгуй болгож, танилцуулах даалгаврыг бидэнд өгсөн. Үүнийг хэрэгжүүлэхээр бид ажиллана. Мөн 2025 онд энэ жилийнхээс 2 дахин их буюу 60 мянган тонн зэсийн баяжмалыг биржээр арилжаалах төлөвлөгөөтэй байгаа.

Мөн гарч байгаа мөнгөн урсгал буюу худалдан авалт дээр тендерийн наймаа зэрэг зүйлсийг Эрдэнэт үйлдвэртэй холбон ярьдаг. Эрдэнэт үйлдвэр жилд 1500 тендер зарладаг. 500-600 компани үүнд яллаа гэхэд ялагдсан компанийн зүгээс гомдоллосон зүйлсийг ярьдаг, шалгаруулалтад оролцсон албан хаагчдыг харддаг. Тэгэхээр энэ гомдоллыг багасгах үүднээс 2024 оны долдугаар сараас тендер зохион байгуулалтад хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа. Одоохондоо бидний бүтээсэн хиймэл оюун ухаант хүн маань “балчир” байгаа тул бүх үнэлгээг уламжлалт аргаар нягталж, тулгасан. 2025 оноос Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалт, тендерийн бүх үйл ажиллагааг хиймэл оюун ухаанаар явуулна. Мөн 2026 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит газрууд энэ системийг нэвтрүүлж, 2027 оноос төрийн бүх байгууллагын тендерийг хиймэл оюун ухаанаар явуулахаар Засгийн газраас төлөвлөөд байгаа.

-Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн баригдах Үйлдвэрлэл технологийн паркийн ажил ямар түвшинд явж байна вэ?

-Үйлдвэр технологийн парк нь Эрдэнэт үйлдвэрийн ойрын дөрвөн жилд хэрэгжүүлэх төсөл. Мөн Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг. Одоогоор үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явж байгаа. Автозам, төмөр зам, цахилгаан, ус хангамжийн ажил хийгдээд явж байна. Бид 2025 онд дэд бүтцийн ажлыг дуусгах үүрэг даалгаврыг Засгийн газраас авсан. Үйлдвэр технологийн паркийн хамгийн гол  үйлдвэр нь зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр. Зөвхөн энэ үйлдвэрийн тухайд 833 ажлын байр бий болно.