Дэлхий дээр хамгийн өргөн тархсан мөн хамгийн хүнд металл бол уран юм. Энэ металлын талаарх сонирхолтой мэдээллүүдийг Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль шинээр тохижуулсан ангийн ханандаа өлгөжээ. Уг тохижилтын ажлыг 2023 онд ШУТИС болон “Бадрах Энержи” компанийн хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд компани хийж энэ сарын 4-ний өдөр хүлээлгэн өгсөн байна.
Хүлээн авалтын үеэр ШУТИС-ийн захирал Т.Намнан “Монгол Улсад мэдлэг чадвартай, инженер сэтгэхүйтэй, үйлдвэрлэгч боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулж буйд баяртай байна,” гэв.
Шинэ уул уурхайн салбарыг хөгжүүлж байгаа “Бадрах Энержи” компани нь геологи, уул уурхай, цөмийн болон химийн технологиийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор ШУТИС- тай хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Оюутнуудад хамтарсан төсөл, дадлагын ажлаар дамжуулан үнэ цэн бүхий бодит туршлага эзэмжих боломж олгохын зэрэгцээ ГДУО технологийг танилцуулсан семинар зохион байгуулах, эрдэмтэн, багш профессоруудыг олон улсад нэр хүндтэй мэргэжилтнүүдийн сургалтад хамруулах зэрэг нь хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд төлөвлөгдөөд байгаа ажлууд юм.
Ийм сонирхолтой ангийг нээх үеэр “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард: “Хичээлийн танхимын тохижилтыг дэмжсэнээрээ манай компани ураны салбарын ирээдүйн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд оролцож байгаа юм,” хэмээв.
“Бадрах Энержи” компани нь 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлснээр 1,600 ажлын байр бий болгохоор төлөвлөөд байгаа. Үүнээс 800 орчим нь компанийн үндсэн ажилтнууд байх юм.