Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсэгт хүнд даацын Өөрөө буулгагч “Komatsu HD 1500-8” загварын автомашинуудыг ашиглалтад хүлээн авлаа. Энэхүү “Кomatsu HD 1500-8” автомашинуудыг ашиглалтад оруулах, тууз хайчлах ёслолд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, геологи-минералогийн ухааны доктор Г.Ёндон, Ерөнхий инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Батмөнх, Захиргаа, удирдлага санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, Стратеги, хөгжлийн бодлогын газрын дарга П.Энхбат, Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий, Авто тээврийн цехийн дарга Я.Дамдиндорж, “Трансвест Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Төрнбүлл, Үйл ажиллагаа хариуцсан захирал Эндрью Хэрод, Худалдаа, Маркетинг хариуцсан захирал Д.Болдсүх, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий инженер Бэрри Паулин, Япон Улсын “Комацу” үйлдвэрийн бүсийн захирал Кеичи Ёонэхара, Корпорэйт бизнес менежер Хисанори Ишида, Трансвест Монголиа ХХК-ийн Хууль, эрх зүй хариуцсан захирал Б.Чулуунбаатар, Хүний нөөц, бизнес үйлчилгээ хариуцсан захирал Т.Алтанзул, Санхүү, корпорэйт үйлчилгээ хариуцсан захирал С.Ариунтуяа болон баялаг бүтээгч уурхайчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцов.
Хүлээн авсан Япон Улсын “Комацу” фирмийн өөрөө буулгагч машин нь уулын ажлын бүтээл өндөртэй, ашиглалтын зардал багатай, операторын тав тух, аюулгүй байдлыг хангасан, эргэн тойрноо бүрэн харах камер болон радартай, тоног төхөөрөмжийн даац, техникийн бусад мэдээллийг хиймэл дагуулын хяналтын системээр дамжуулдаг мэдээллийн технологи бүхий орчин үеийн техник юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Төрнбүлл нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлэхдээ: “Манай үйлдвэр 46 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Жилээс жилд уурхай гүнзгийрэхийн хэрээр үүнийг дагаад уулын цул тээвэрлэлтийн зай холдож байна. Үндсэндээ олборлолтын өртөг нэмэгдэж байна гэсэн үг. Эдгээр хүнд даацын машин дизель түлшээр ажилладаг. Ирээдүйд ашиглах хүдэр олборлолтын зардал өсөж байна. Хүдрийн агуулга буурч, хатуулаг нэмэгдэж, тээвэрлэлтийн зай уртсаж байна. Үүний эсрэг авч хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын гол зорилго нь бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах явдал юм. Иймээс нэн түрүүний шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж ажиллаж байгаа. Энэ чиглэлээр хэд хэдэн ажлыг үйлдвэрийнхээ төрсөн өдрөөр бэлэг барьж байна. Энэ хүрээнд Япон Улсын “Комацу” фирмийн 142 тонны даацтай автомашинуудыг Төрийн болон Орон нутгийн өмчийн бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлаж авсан. Анхны машин энэ оны наймдугаар сард ирж “Трансвест Монголиа” компанийн мэргэжилтнүүд үйлдвэрийн Авто тээврийн цехийн хамт олонтой угсарч эхэлсэн. Тэгвэл 12-р сарын 6-нд 10 дахь машинаа угсарлаа. Есдүгээр сараас эхний машинууд ажилласнаас хойш ажлын байрны зураг авалт хийж үзсэн. Өмнө ашиглаж байсан хүнд даацын автомашинуудтай харьцуулахад ажлын бүтээмж 9,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нөгөө талаас уулын тээвэрлэлтийн өөрийн өртөг ойролцоогоор 5,4 хувиар буурах давуу тал бий болсон. Тэгэхээр бүтээмж өсгөх, зардал бууруулах 10 техникийг өнөөдөр үйлдвэртээ авч байгаад сэтгэгдэл өндөр байна” хэмээн онцлов.
Япон Улсын “Комацу” үйлдвэрийн бүсийн захирал, Кеичи Ёонэхара: “Миний бие “Комацу” үйлдвэрээ төлөөлөн энэ сайхан ёслолд оролцож байгаадаа маш их баяртай байна. Манай дизайн инженерүүдийн бүтээсэн энэ машин, тоног төхөөрөмжүүд нь бүтээмж өндөртэй. Дээрээс нь стандартын шаардлага хангасан найдвартай байдлын нэгэн итгэлцүүр болж байгаа юм. Нөгөө талаар өөрийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр хүнд нөхцөлд бүтээмж өндөртэй ажиллах боломжийг бүрдүүлж өгснөөрөө илүү давуу талтай. Энэ том техникүүдийг ажиллуулж байгаа операторууд бол ажлын гол хөдөлгөх хүч нь. Тэгэхээр операторын ажлын орчин ая тухтай, аюулгүй ажиллах тал дээр маш сайн тооцон судалж үйлдвэрлэсэн техник юм. Мөн энэ техникийн бат бөх чанарт бүрэн найдаж болно. Эрдэнэт үйлдвэр “Комацу” фирмийг сонгосонд баяртай байна” гэв.