"TMK Energy" компани Монгол дахь "Гурвантэс XXXV" төслөөрөө дамжуулан хийн үйлдвэрлэлд томоохон алхам хийж, ХБНГУ-ын "Jens Energy" ХХК-тай (JEL) харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Хийн эрчим хүчний генераторыг 2025 оны эхээр Герман улсаас импортолж, TMK компанид нэмэлт зардал үүсгэхгүйгээр "Гурвантэс XXXV" нүүрсний давхаргын метан хийн төслийн талбайд суурилуулах юм.
Ингэснээр ТМК компани нүүрсний давхаргын метан хийгээр эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр Монголдоо анхдагч болох ажээ. Ирэх оноос эхлэн тус компанийн "Гурвантэс XXXV" төслөөс гарсан цахилгаан эрчим хүчийг орон нутгийн сүлжээнд нийлүүлэхээр төлөвлөж байна.
TMK-ийн туршилтын цооногууд 2025 оны 6 дугаар сарын 30 гэхэд хийн гарцын доод түвшнийг хангах эсэхээс эрчим хүч үйлдвэрлэх эхний-шатны боломж хамаарна.
Туршилт-олборлолтын төслөөс өдөрт дээд тал нь 15,000m3 хий олборлон борлуулах гэрээг хамгийн багадаа 2 жилээр байгуулах нөхцөлийг санамж бичигт тусгажээ.
2025 оны 4 дүгээр сарын 30-наас өмнө 6 цооногийн хийн гарц өдөрт доод тал нь 5,000m3 хүрсэн тохиолдолд ТМК нь эдгээр цооногуудаас JEL-д 15,000m3 хүртэлх хэмжээтэй хийг 2 жилийн хугацаанд худалдах, цаашид гэрээг 2 жил сунгах боломжтой байхаар тохиролцов.
JEL нь эрчим хүч үйлдвэрлэн тухайн бүс, орон нутгийн сүлжээнд нийлүүлэхтэй холбоотой зөвшөөрөл, бичиг баримтыг хариуцаж байгаа нь ТМК метан хийн төслөө улам хөгжүүлж, эрчимжүүлэх боломжийг олгож байна.
Санамж бичгийн гол нөхцөлүүд нь 2025 оны 6 дугаар сарын 30 гэхэд ТМК өдөрт хамгийн багадаа 5,000m3 хий олборлох, “Хий худалдах нарийвчилсан гэрээ”-г байгуулах, JEL 2025 оны 4 дүгээр сарын 30-наас өмнө Нарийн сухайт боомтоор харилцан хүлээн зөвшөөрсөн хийн эрчим хүчний генераторыг импортлон суурилуулах зэрэг болно.
ТМК Энержи компанийн гүйцэтгэх захирал ноён Дугал Фергусон:
“Бид JEL компанитай хамтран ойрын хэдэн сард Монголын нүүрсний давхаргын метан хийнээс эрчим хүч үйлдвэрлэхэд үр ашигтайгаар ашиглах, цаашид Монголын нүүрсний давхаргын метан хийн асар их нөөцийг ашиглан эрчим хүчний бие даасан байдалд хүрэх замыг эхлүүлэхээр хичээх болно”