Ч.Сансар
Хятадын "Xiamen C&D" групп болон Оросын "Норникель” компани хамтарсан үйлдвэр Хятадад байгуулж Норникелийн зэсийн түүхий эдийг боловсруулахаар хэлэлцэж байна гэж хоёр эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлэв.
ОХУ-ын эсрэг барууны орнууд хориг арга хэмжээ авсны улмаас “Норникель” үйлдвэртээ зориулж тоног төхөөрөмж импортлоход хүндрэлтэй учирч байна.
“Норникель” Арктикийн бүс нутагт байрладаг үйлдвэрээ хааж, 2027 оны дундуур Хятадад зэсийн үйлдвэр байгуулна гэж 4 дүгээр сард мэдэгдэж байсан. Харин түүнээс хойш тус компани цоо шинэ үйлдвэр барихын оронд одоо ажиллаж буй хайлуулах үйлдвэрийн тодорхой хувийг худалдаж авахаар судалж эхэлсэн гэж эх сурвалж хэллээ.
“Манай компани Хятадад үйлдвэрлэл явуулах талаар хэлэлцээ хийж байна. Тохиролцоонд хүрвэл бид мэдээллээ олон нийтэд өгнө" гэж “Норникель” хэллээ.
Уг хайлуулах үйлдвэр нь Шаньдунд хотод байрладаг Yanggu Xiangguang Copper бөгөөд Xiamen C&D ихэнх хувийг эзэмшдэг гэж эх сурвалжууд мэдээлжээ. “Норникель” компани болон Xiamen C&D нар эцсийн тохиролцоонд хүрээгүй байгаа.
Xiangguang жилдээ 400 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь “Норникель”-ийн зэс боловсруулах хэрэгцээтэй бараг таарч байна.
“Норникель” өнгөрсөн онд 425,000 тонн цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэсэн нь дэлхийн үйлдвэрлэлийн бараг 2%-ийг эзэлж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар хайлуулах үйлдвэр хүчин чадлынхаа 60-80% ашиглаж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд илүү их түүхий эд хэрэгтэй аж.
“Норникель”-ийн түүхий эдийг боловсруулсан тохиолдолд Xiangguang бүтээгдэхүүнээ Лондоны металлын биржид (LME) худалдах эрхгүй болно гэсэн үг. Учир нь тус бирж 4-р сарын 13-наас хойш ОХУ-д үйлдвэрлэсэн металлыг системдээ бүртгэхийг хориглосон.
Норникель Оросын бусад бизнесүүд шиг барууны хоригт өртөөгүй. Гэвч барууны олон хэрэглэгчид тус компанитай гэрээгээ сунгахаас татгалзсан. Тэр цагаас хойш Норникель металлын бизнесээ Хятад руу шилжүүлж эхэлсэн.
Хэрэв хоёр тал хамтран ажиллах тохиролцоонд хүрвэл зэсийн баяжмалыг боловсруулахын тулд Xiangguang хайлуулах үйлдвэртээ технологийн шинэчлэл хийх шаардлагатай болно.
Эх сурвалж: reuters.com