Т.Бямбанаран
Цахилгаан болон цэвэр эрчим хүчинд шаардагдах зэсийн эрэлт хэрэгцээ 2025 он гэхэд 200,000 тоннын хомсдолд орох эрсдэлтэй тул Рио Тинто, Usha Resources, Taseko Mines зэрэг уул уурхайн томоохон компаниуд уг асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна.
Дэлхий дахин сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан машины зах зээл рүү хүч түрэн орж байгаагаас үүдэн зэсийн эрэлт хэрэгцээ урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрээд байна. Цахилгаан машины батарейгаас эхлээд салхин сэнс хүртэлх технологийн салшгүй нэг хэсэг болсон уг металл нь нийлүүлэлтийн хямралд өртөж, цэвэр эрчим хүчний шилжилтэд саад учруулж болзошгүй юм.
Швейцарийн UBS банк 2025 он гэхэд зэсийн нийлүүлэлтийн хомсдол 200,000 тонн давна гэж тооцоолжээ. Өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд 2050 он хүртэл жил бүр тэрбум гаруй тонн зэс шаардлагатай хэмээн Олон улсын эрчим хүчний чуулганаас мэдэгдсэн билээ.
Сүүлийн үед зэсийн үнэ унасан ч ийнхүү илүүдэлтэй байгаа нь түр зуурынх байж магадгүй тухай мэргэжилтнүүд анхааруулж байна. Сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан машины зах зээлийн эрэлт хэрэгцээ нийлүүлэлтээсээ давж, ирээдүйд зэсийн хомсдол нүүрлэхийг үгүйсгэх аргагүй.
Зэсийн олборлолт эхлүүлэхэд олон жил шаардлагатай тул хайгуул, олборлолтод нэн даруй хөрөнгө оруулах цаг үе ирээд байна.
Салбарын манлайлагчид хайгуулаа эрчимжүүлж байна
Зэсийн хомсдолыг бууруулахын тулд дэлхийн нөлөө бүхий уурхайн компаниуд арга хэмжээ авч эхэллээ. Тэдгээрийн дотор Usha Resources ХК багтаж байна. Тус компани Induced Polarisation (IP) гэх ашигт малтмалын хайгуулын судалгааг Квебек муж дахь зэс-алтны уурхайдаа эхлүүлжээ.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Дипак Варшни хэлэхдээ, "Энэхүү ажил нь манай компанийн хайгуулын стратегийн чухал үе шат юм. Бид хамгийн чухал талбайг сонгон авч, 2024-2025 оны өвлийн улиралд эхлэх анхны өрөмдлөгийн ажилдаа алмаазан өрөм ашиглана" гэсэн юм.
Тус талбай нь ашигт малтмалын баялаг нөөцөөрөө алдартай газарзүйн бүс болох Abitibi Greenstone Belt бүсэд оршдог ажээ. Тиймдээ ч зэсийн шинэ нөөц илрүүлэх боломж өндөртэй.
Үүний зэрэгцээ, Рио Тинто компани 25 мегаваттын (Мвт) хүчин чадалтай нарны цахилгаан станцыг АНУ-ын Юта муж дахь Kennecott зэсийн уурхайдаа барихаар төлөвлөж байна. Энэ шинэ байгууламж нь тус уурхайн одоо ашиглаж буй 5Мвт-ын нарны цахилгаан станцын өргөтгөл болох аж. Ийнхүү цэвэр эрчим хүч нэмэлтээр ашиглах нь уурхайн Scope 2 төрлийн хүлэмжийн хийн ялгарлыг (цахилгаан, дулаан гэх мэт эрчим хүчний хэрэглээнээс үүсдэг шууд бус ялгарал) 6%-иар бууруулах бөгөөд жилд 5,000 хийн түлшээр ажилладаг автомашиныг хэрэглээнээс хассантай дүйцэх юм.
"Тогтвортой үйл ажиллагаа болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нь манай компани төдийгүй орон нутгийн иргэдэд ашиг тустай" гэж Kennecott уурхайн Ерөнхий захирал Нэйт Фостер хэлсэн байна.
Мөн Taseko Mines компани Британийн Колумб мужид байрлах Гибралтар уурхайдаа 2024 оны гуравдугаар улиралд нийт 27 сая фунт зэс үйлдвэрлэж, ахиц дэвшил гаргасан тухайгаа мэдээлсэн.
Энэхүү компанийн Гүйцэтгэх захирал Стюарт Макдоналд уурхайн “Холбогч ам” (Connector Pit)-ны бүтээн байгуулалтыг онцлоод энэ нь 2025 оны зэсийн олборлолтод жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Хөрөнгө оруулалтын шаардлага ба дэлхийн хэмжээний үр дагавар
Wood Mackenzie судалгааны байгууллагын үзэж байгаагаар 2050 он гэхэд дэлхий нийтээр хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхийн тулд 78 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болно.
Зэс нь энэхүү шилжилтийн тулгуур түүхий эд болохынхоо хувьд сэргээгдэх эрчим хүчний технологи болон цахилгаан автомашины үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээг хангах учиртай.
Мөн НҮБ зэс тэргүүтэй ашигт малтмал цэвэр эрчим хүчний шилжилтэд онцгой чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэсэн юм.
Уул уурхайн технологийн дэвшил
Usha Resources компанийн Induced Polarisation судалгаа болон Рио Тинтогийн нарны эрчим хүчээр ажилладаг уурхай зэрэг шинэ санаачилгууд нь зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчны нөлөөллийг бууруулахад технологийг хэрхэн ашиглаж байгааг харуулж байна.
Usha Resources компанийн өрөмдлөгийн хөтөлбөр нь геохимийн хайгуулын дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн юм. Энэ нь өндөр өгөөжтэй ордыг илрүүлж, зэсийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой ажээ.
Зэсийн хомсдолыг бууруулах нь нэн яаралтай асуудал болоод байна. Цахилгаан автомашины хэрэглээ хурдацтай нэмэгдэж, сэргээгдэх эрчим хүч дэлхийн эрчим хүчний стратегийн гол цөм болж байгаа энэ үед зэсийн эрэлт улам өсөх нь дамжиггүй. Тэрхүү эрэлт хэрэгцээг хангахын тулд улс орнууд, салбарын манлайлагчид болон хөрөнгө оруулагчид уул уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд шийдэмгий алхам хийх нь зүйтэй юм.
Хэрэв зэсийн нөөцийг хангалттай бий болгож чадахгүй бол цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явц удааширч, нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх зорилго эрсдэлд орох болно.
Рио Тинто, Usha Resources, Taseko Mines тэргүүтэй нөлөө бүхий компаниуд уг сорилтыг шийдвэрлэхээр хүчээ дайчлан ажиллаж байна. Гэсэн хэдий ч зэсийн олборлолтыг дэмжихэд тогтвортой хөрөнгө оруулалт, шинэлэг санаачилга нэн чухал юм.
РИО ТИНТО 2025 ОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛАА НЭМЭГДҮҮЛЖ, ЗЭСИЙН ОЛБОРЛОЛТЫГ ӨСГӨХ ЗОРИЛТ ТАВЬЖЭЭ
Рио Тинто компани 2025 оны хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөгөө болон зэсийн олборлолтыг өсгөхөөр зорьж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь Монгол дахь олборлолт 50%-иар нэмэгдэнэ хэмээн таамаглаж байгаатай салшгүй холбоотой юм.
Рио Тинто 2024 оноос эхлэн жил бүр олборлолтын нийлмэл өсөлт нь дунджаар 3% гарна гэж тооцоолж байна. Тус компанийн ашиг, орлого төмрийн хүдрээс голчлон хамаардаг ч зэсийн үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж эхэлжээ.
Цаашилбал, 2030 он гэхэд Рио Тинто жилд 1 сая тонн зэс үйлдвэрлэх төлөвлөж байгаа бөгөөд хүлэмжийн хийн ялгарал багатай, өндөр чанартай түүхий эдэд төвлөрөн, цэвэр эрчим хүчний томоохон тоглогч болохыг зорьж байгаа аж.
Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм хэлэхдээ:
“Бид Монгол дахь Оюу Толгойн газрын гүний зэсийн уурхайг өргөтгөж, Гвиней дэх Симандугийн төмрийн хүдрийн агууламж өндөртэй төслийг хэрэгжүүлэхээс гадна Arcadium компанийг худалдан авах замаар литийн үйлдвэрлэлээ өргөжүүлж, ирэх 10 жилд илүү ашигтай ажиллана гэдэгт итгэлтэй байна”
Rio Tinto компани 2025 онд 11 тэрбум ам.долларын зардал гарна гэж тооцоолжээ.
Гвиней улсын Симандугийн төсөл нь дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн уурхай болох төлөвтэй байна. Тус уурхай 2025 оны эцэст ашиглалтад ороход далайгаар тээвэрлэх төмрийн хүдрийн хэмжээ дэлхийд ойролцоогоор 5%-иар нэмэгдэнэ. Рио Тинто энэ төслийг хэрэгжүүлэхэд 6.2 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний тэн хагасаас илүүг боомт, төмөр замын дэд бүтцэд зориулах юм.
Энэхүү компани өнгөрсөн 10 дугаар сард “Arcadium” литийн компанийг 6.7 тэрбум ам.доллароор худалдан авах гэрээ хийсэн. Энэхүү стратегийн алхам нь Рио Тинтог дэлхийн гурав дахь том литийн олборлогч болгож, цахилгаан автомашины батарейны нийлүүлэлтэд байр суурь нь бэхжинэ.
Үүнээс гадна, Рио Тинтогийн мэдэлд байдаг туршилтын “Ринкон” төсөл нь өнгөрсөн долоо хоногт литийн үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Гэсэн хэдий ч уг компанийн өөр нэгэн уурхай болох Сербийн Жадар төслийг хэрэгжүүлэх зөвшөөрөл авахад байгаль орчны эсэргүүцлээс үүдэн дор хаяж хоёр жил шаардлагатай гэж мэдэгдэв.
Рио Тинто компанийн зэсийн олборлолт 2024 онд 660,000-720,000 тонн байсан бол ирэх онд 780,000-850,000 тонн болж нэмэгдэнэ гэж таамаглаж байна.
2030 он хүртэл нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зардлаа 7.5 тэрбум ам.доллароос танаж, 5-6 тэрбум ам.долларт хүргэхээр шийджээ.
Эх сурвалж: evmagazine.com, reuters.com