Т.Бямбанаран
Сүүлийн хоёр жилийн хугацаанд COVID-19 цар тахлын улмаас Хятадын эдийн засаг суларснаар зэсийн үнэ унасан юм. Харин үүний дараа сэргэж, түүхэн дээд хэмжээнд хүрч өсчээ. Тухайлбал, уг металлын үнэ 2022 оны 3 дугаар сард тонн тутамд 10,845 ам.доллар байсан бол 2024 оны 5 дугаар сарын 20-нд нэг тонн нь 10,900 ам.доллар болж, бүх цаг үеийн дээд цэгтээ хүрчээ.
Гэсэн хэдий ч гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, электрон бараа, тээврийн хэрэгсэл, барилга байгууламж зэрэгт өргөн хэрэглэгддэг зэсийн үнэ удалгүй 10,000 ам.доллароос доошилсон. Харин зэсийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч Хятад улс эдийн засгийн арга хэмжээ авахаа мэдэгдсэнээр 9 дүгээр сарын сүүлчээр буцаад 10,000 ам.долларт хүрээд байна.
2024 онд зэсийн үнэд нөлөөлсөн хүчин зүйлс
2024 оны 11 дүгээр сарын 18-ны байдлаар Лондоны металлын бирж (LME) дээрх нэг тонн зэсийн үнэ ойролцоогоор 9,035 ам.доллароор арилжаалагдсан нь мөн оны 5 дугаар сард хүрсэн дээд амжилтаас 17%-иар доогуур байв. Лондоны металлын бирж дээрх зэсийн үнэ он гарсаар 5.63%-иар, өнгөрсөн онд 9.3%-иар өссөн байна. Дараах жагсаалтаар энэхүү металлын үнэд нөлөөлөгч хүчин зүйлсийг товч дурдъя.
Эрчим хүчний салбар дахь зэсийн эрэлт
Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар удаашралтай байгаагаас үүдэн барилгын салбар дахь зэсийн эрэлт сул хэвээр байгаа ч нүүрстөрөгчийг бууруулах оролдлого болон цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь зэсийн үнэд эергээр нөлөөлөх төлөвтэй байна.
Зэс нь цахилгаан, дулааныг сайн дамжуулдаг тул утас, кабель хийхэд хамгийн тохиромжтой металл гэдгийг бид мэдэх билээ. ANZ Research судалгааны төвийн мэдээлснээр 2024 онд шинээр бий болж байгаа эрчим хүчний төрлүүд дэлхийн зэсийн нийт эрэлтийн 14%-ийг буюу 4 сая тонныг эзэлж байна. Ерөнхийдөө эрчим хүчний салбар зэсийн нийт эрэлтийн 29%-ийг бүрдүүлж байгаа бөгөөд нэмэлтээр 30 сая тонн зэс шаардлагатай гэсэн үг юм.
Тус судалгааны төвийн үзэж байгаагаар дэлхийн зэсийн эрэлтийн талаас илүү хувь нь Хятад, Энэтхэг тэргүүтэй Азийн бүс нутагт хамаарч байна.
Мөн АНУ-д сэргээгдэх эрчим хүч, батарей, хагас дамжуулагчийн үйлдвэр болон эдгээр чиглэлийн мэдээллийн төвүүдэд оруулах хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэж байгаагийн улмаас зэсийн эрэлт хэрэгцээ дагаад өсч байна.
Үүнээс гадна, сүүлийн жилүүдэд хэт халуун уур амьсгалын улмаас хөргөх технологийн эрэлт нэмэгдэн цахилгаан сүлжээнд дарамт учраад байна.
ANZ Research-ийн шинжээч Даниэл Хайнс, Сони Кумари нар хэлэхдээ, “Хятад улс сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтаараа тэргүүлж, дунд болон өндөр хүчдэлийн кабелийн эрэлтийг нэмэгдүүлж байна. Эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэхийг зорьж буй энэхүү улсын хувьд зэсийн эрэлт 2030 он гэхэд 6-8%-иар өсөх төлөвтэй" хэмээсэн юм.
Түүнчлэн, АНУ эрчим хүчний салбарт ихээхэн анхаарч байгаа нь дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээнд нөлөөлөх нь дамжиггүй.
Тус улсын эрчим хүч 2024 онд 1%-иар өссөн бол батарей болон хагас дамжуулагч чипийн үйлдвэрлэлээс хамаарч, 2025 онд 4 орчим хувиар өсөх магадлалтай юм.
Сүүлийн жилүүдэд зөвхөн үүгээр тогтохгүй цахилгаан тээврийн хэрэгсэл, нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлд зэсийн хэрэглээ асар ихээр нэмэгдэнэ.
ANZ Research байгууллагын тооцоолсноор уг салбар дахь зэсийн эрэлт 2030 он хүртэл жилд 4-5%-иар өссөөр 38.5 сая тоннд хүрэх боломжтой гэжээ.
Зэсийн нийлүүлэлтийн алдагдал
Зэсийн нийлүүлэлт 2024 болон 2025 онд зах зээлийн эрэлтийг хангахгүй байх эрсдэлтэй. Үүний шалтгаан нь зарим уурхайн үйл ажиллагаа саатаж байгаатай холбоотой ажээ. Панам улсын Кобре уурхай удаан хугацаанд хаагдсан явдал нь үүний нэгэн жишээ юм. Тус уурхайн үйл ажиллагааг Канадын First Quantum Minerals компани удирдан явуулдаг. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 28-нд Панамын Дээд шүүх тус уурхайн гэрээг баталсан хуулийг үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэнээр үйл ажиллагааг нь зогсоожээ.
Харин дэлхийд зэсийн олборлолтоороо тэргүүлэгч BHP компани 8 дугаар сарын 16-нд Эскондида уурхайн ажилчидтай цалингийн хэлэлцээрт хүрч чадсанаар гурван өдөр үргэлжилсэн ажил хаялтыг зогсоож, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн эерэг жишээг дурдаж болно.
Зэсийн олборлолтод эзлэх Хятадын байр суурь
Bloomberg-ийн мэдээлснээр Хятадын цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл энэ жил 5%-иар өссөн байна. Тус улс ихэнх цэвэршүүлсэн зэсээ гадагш экспортлохгүй байгаа ч зэс хайлуулах хүчин чадал нь өргөжсөөр байвал хилийн чанадад гаргаж магадгүй юм.
Хятадын зэс хайлагчид өөр хоорондоо төдийгүй дэлхийн бусад оронд шинээр байгуулагдсан зэс хайлуулах үйлдвэрүүдтэй ч өрсөлддөг.
Fitch Solutions судалгааны байгууллагын харьяанд байх BMI компани 10 дугаар сарын 8-нд гаргасан тайландаа цэвэр зэсийн үйлдвэрлэл өмнөх он мөн үеэс 3.6%-иар өснө гэж таамагласан бөгөөд энэ нь 2023 оны 4.7%-ийг бодвол харьцангуй бага үзүүлэлт билээ. Үүний зэрэгцээ, цэвэр зэсийн үйлдвэрлэлд Хятад болон Бүгд Найрамдах Конго улс нэлээн их хувь нэмэр оруулж байгааг дурдах нь зүйтэй.
Хятадын эдийн засгийн бодлого
Хятад улс 2024 онд эдийн засгаа 5%-иар өсгөх зорилтоо биелүүлэхийн тулд 9 дүгээр сарын сүүлээс эхлэн эдийн засгийн хэд хэдэн шинэ арга хэмжээ авсан. Үүнд, нэг их наяд юанийг зах зээлд нэмж нийлүүлэх, хүүгийн хувь хэмжээг удаа дараа бууруулах, ипотекийн зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг арга хэмжээ багтана.
Хятадын Төв банк орон сууцны ипотекийн зээлийн хүүг 0.5%-иар бууруулж, хоёр дахь орон сууц авахад шаардлагатай урьдчилгаа төлбөрийг 25%-иас 15% болгожээ.
Тус улс цар тахлын үеэр татварын орлого буурч, зарлага ихэссэнээс үүдэн асар их өрийн дарамтад орсон орон нутгийн засаг захиргааны асуудлыг шийдвэрлэхийг зорьж, 11 дүгээр сарын 7-нд зургаан их наяд юанийн төлөвлөгөөг баталсан билээ.
Эдгээр шинэ арга хэмжээ нь сүүлийн хэдэн сар зэсийн үнэ өсөхөд нөлөөлжээ. Гэвч Хятадын эдийн засгийн шинэ бодлого мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхэд хоёр, гурван улирал шаардлагатай.
Трамп ба АНУ-ын Холбооны нөөцийн банкны хүүгийн бодлого
АНУ-ын төв банкны үүрэг гүйцэтгэгч Холбооны нөөцийн сан (ХНС) нь хүүгийн хувь, хэмжээг 9 дүгээр сард 50 суурь пунктээр, 11 дүгээр сард 25 суурь пунктээр бууруулсан. Энэ үйл явдал зэс зэрэг эрдэс, бүтээгдэхүүний үнэд хүчтэй нөлөөлсөн.
Хүүгийн хэмжээ өндөр байсан нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд америк долларын ханшийг чангаруулж, үйлдвэрлэлд хэрэглэдэг металлын зах зээлд дарамт учруулсан.
Гэвч АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсан нь эрсдэл дагуулж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байна.
Холбооны сангийн хүү энэ онд ахин 25 суурь пунктээр буурна гэж ANZ судалгааны байгууллага таамаглаж байгаа. ХНС 12 дугаар сард дахин хуралдах бөгөөд ирэх онд гурван удаа 25 суурь пунктээр хүүгээ бууруулах төлөвтэй байгаа ажээ. Харин үүний дараа хүүгийн хувь хэмжээ буурах хурд аажмаар удаашрах хандлагатай юм.
BMI судалгааны байгууллага, “Трампын засаг захиргааны үед ХНС илүү хатуу бодлого баримтлах магадлалтай” гэснийг онцлох нь зүйтэй.
2024 оны зэсийн үнийн төлөв
Зэсийн хомсдол болон Хятадын эдийн засгийн бодлого зэргээс хамаарч 2024 оны эцэс гэхэд зэсийн үнэ ямархуу байх талаар шинжээчид өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна.
Тухайлбал, Sucden Financial компанийн гаргасан дөрөвдүгээр улирлын зэсийн үнийн тайланд 2024 онд нэг тонн нь 9,450-10,200 ам.долларын хооронд хэлбэлзэх төлөвтэй гэж үзсэн бөгөөд BMI байгууллага ч мөн зэсийн үнэ дунджаар 9,600 ам.доллар болж өснө гэжээ.
Харин эсрэгээрээ, Нидерландад төвтэй Internationale Nederlanden Groep (ING) корпорац зэсийн үнэ алсдаа буурна гэж таамаглаж байна. Өөрөөр хэлбэл, тус металлын үнэ 9,388 ам.доллар болох төлөвтэй байгааг тус корпорац мэдэгдсэн.
Үүнээс гадна, ANZ Research уг металл тонн тутамдаа 9,217 ам.доллароор арилжаалагдана гэсэн юм. Судлаач Хейнс, Кумари нар, “Зэсийн нийлүүлэлтэд тулгарч буй бэрхшээлүүд нь энэхүү зах зээлд сөргөөр нөлөөлж, ялангуяа Хятад улсын цэвэршүүлсэн зэсийн гарц багасах эрсдэлтэй байна” хэмээн үзсэн.
Үүний нэгэн адилаар Trading Economics компани 6 дугаар сард гаргасан таамаглалдаа зэсийн үнэ нэг фунт нь 4,83 ам.доллар байснаас жилийн эцэс гэхэд 4,4047 ам.доллар/ фунт болж буурах талаар мэдэгдсэн. Ийнхүү тус салбарын шинжээч, судалгааны байгууллагууд янз бүрийн таамаглал дэвшүүлсээр байгаа юм.
2025 оны зэсийн үнийн төсөөлөл
2025 оны зэсийн үнийн хувьд ч мөн адил шинжээчдийн санал зөрөлдөн хоёр хуваагдаад байна.
Тодруулбал, нэг тонн зэсийн үнэ 2025 онд 9,758 ам.доллар болох тухай Австралийн Ахлах эдийн засагчийн алба мэдэгдэж байсан. Бүр цаашилбал, BMI компанийн хувьд энэхүү металлын үнэ 2025 онд дунджаар 11,000 ам.долларт ч хүрэх боломжтой гэж таамаглажээ.
Харин ANZ Research 9,730 ам.доллар болно гэж үзсэн нь тус байгууллагын өмнө таамаглаж байсан үнээс буурсан үзүүлэлт юм.
ING корпорац ч мөн 9,950 ам.доллар/тонн болно гэж тооцож байсан бол хамгийн сүүлийн үеийн байдлаар 9,775 ам.долларт хүрнэ гэж мэдэгдээд байна.
Канадын үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын банк болох TD Securities үзэхдээ, "Энэхүү металлын үнэ нэгдүгээр улиралд нэг фунт нь дунджаар 4.45 ам.доллар, хоёрдугаар улиралд 4.35 ам.доллар болж бууран 2025 оны эцэс гэхэд тэрхүү үнэ нь тогтвортой байх төлөвтэй байна" гэсэн юм.
2024 онд нэг тонн зэсийн үнэ 8,600 ам.доллар байсан бол он гараад 8,400 ам.доллар болж буурна гэж Fitch Ratings-ын шинжээчид үзжээ.
2030 оны зэсийн үнийн төсөөлөл
Янз бүрийн хүчин зүйлсийн улмаас тооцоолоогүй нөхцөл байдал үүсэх тул 2030 он хүртэлх зэсийн үнийг таамаглахад бэрх юм. Гэсэн хэдий ч эрчим хүчний шилжилт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор ирээдүйд зэсийн үнэ дагаад өсөх хандлагатай ажээ.
Австралийн Ахлах эдийн засагчийн алба зэсийн үнэ 2025 онд тонн нь 9,758 ам.доллар, 2026 онд 9,766 ам. доллар болж өснө гэж таамагласан.
ING корпорацын хувьд 2025 онд 9,775 ам.доллар байсан металлын үнэ дараагийн жил нь 9,900 орчим ам.доллар байна гэжээ.
Мөн TD Securities банк зэсийн үнэ 2026 онд өмнөх жилийнхээс өсөх хандлагатай байна гэжээ. Өөрөөр хэлбэл, тухайн оны эхний улиралд нэг фунт зэс 4.37 ам. доллар, хоёрдугаар улиралд 4.39, гуравдугаар улиралд 4.42 ам.доллар болж нэмэгдэнэ. Ийнхүү 2026 оны сүүлийн улиралд фунт тутамд 4.44 ам.долларт хүрнэ гэсэн юм.
Зэсийн үнийн дүн шинжилгээ хийхдээ Fitch Ratings судалгааны байгууллага 2026 болон 2027 онд зэс дунджаар 7,500 ам.доллар болж эрс буурна гэж тооцоолсон.
Нийлүүлэлтээс эрэлт давж байгаа өнөө үед уг металлын үнэ үргэлжлүүлэн өссөөр 2026 онд 11,500 ам.доллар болоод зогсохгүй 2030 он гэхэд 15,800 ам.долларт хүрэх магадлалтай гэж BMI компани ойрын 5 жилийн зэсийн үнийн таамаглалдаа мэдэгдсэн юм.
Урт хугацаандаа зэсийн эрэлт нэмэгдэх нь зайлшгүй хэрэг. Учир нь ногоон эрчим хүчний шилжилтийн бараг бүхий л салбарт зэс нэн шаардлагатай. Иймээс 2030 он гэхэд үнэ нь илүү өсөх болно гэж тус компани үзэж байна.
Зэсийн нийлүүлэлтийн хомсдол, Хятад улсын эдийн засгийн бодлого зэрэг нь тус металлын үнэд нөлөөлөх нь дамжиггүй. Хэдийгээр урт хугацааны таамаглал гаргахад хүндрэлтэй ч цаашид зэсийн үнэ өндөр хэвээр байх ажээ. Учир нь, эрчим хүчний шилжилт, цахилгаан машин зэрэг дэвшилтэт технологийн салбарт зэсийн хэрэглээ нэмэгдсээр байх болно.
Эх сурваж: www.techopedia.com