Р.Ренчиндулам
Үнэт металлын салбарт дэлхийд тэргүүлэгч “Гереус прэшиүс металл” компанийн үзэж буйгаар алтны үнэ 2025 онд өнгөрсөн жилийнхтэй адил өсөлттэй байх ажээ.
Тодруулбал, үнэт металлын төлөвийн талаар жил бүр урьдчилсан мэдээлэл танилцуулдаг үйл ажиллагааны үеэр тус компанийн Үнэт металл худалдааны захирал Хенрик Маркс “Цаашид зээлийн хүү буурч, долларын ханш унаснаар унц алт 2950 ам.долларт хүрэх төлөвтэй байна” гэлээ.
Зээлийн хүүгийн бууралт нь алтны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, долларын ханшийг бууруулдаг. Хэдийгээр үнэт металлыг голчлон доллараар арилждаг ч долларын ханш унах, бага үнэлэмжтэй байх нь алтны үнэд эерэгээр нөлөөлдөг юм байна.
Товчхондоо, долларын ханш сулрах нь дэлхийн зах зээл дэх алтны ханшийг бууруулдаг ч нөгөө талдаа алтны эрэлтийг нэмэгдүүлж улмаар үнийг нь өсгөх боломж болдог юм.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар алтны үнэ ханш 2024 онд түүхэн дээд амжилт тогтоосон бол энэ жил ч энэ байдлаа хадгалах төлөвтэй байна.
Мөн хэдийгээр томоохон төв банкуудын алт худалдан авах хүсэлт хэвээр байх ч нийлүүлэлт өнгөрсөн жилийнх шиг байж чадахгүй байх магадлалтай аж. Учир нь, Хөрөнгийн биржийн хөрөнгө оруулагчид 2024 оны сүүлийн хагас жилээс эхлэн алт руу хошуурах нь нэмэгдсэн юм.
Гэхдээ, Хятадын Засгийн газрын эдийн засгаа эрчимжүүлэх арга хэмжээнүүд нь үр дүнд хүрч эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлж чадвал, БНХАУ болон БНЭУ 2025 онд алтны эрэлтийг баттай хангаж чадах юм.
Геополитикийн эрсдэлүүд хэвээр үргэлжилнэ
Түүнчлэн Украины дайн, Ойрхи Дорнодын ээдрээтэй нөхцөл байдал зэрэг геополитикийн асуудлууд ч энэ жилд үргэлжлэх төлөвтэй байгаа. Ийм ээдрээтэй цаг үед алтыг эдийн засгийн эрсдэлгүй хэрэгсэл гэж үздэг. Гэхдээ Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсноор алтны ханшид нөлөөтэй худалдааны тарифт тодорхойгүй байдал үүсэх магадлалтай хэмээн тус компанийн захирлууд болох Стеффен Мецгер, Стефан Стаубах нар үзэж байна.
Мөн Трампын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлогууд инфляцийг дахин өдөөх магадлалтай байна. Түүнчлэн АНУ-ын төсөв ихээхэн алдагдалтай, өр нэмэгдсээр, хүүгийн төлбөр огцом өссөөр байна.
Сүүлийн үеийн зээлийн хүүгийн бууралт энэ дарамтыг бага зэрэг бууруулж байгаа ч Засгийн газрын зардал буурах шинжгүй байгаа нь АНУ өрөө дарах шаардлагыг бий болгож магадгүй. Энэ нь эцсийн дүндээ алтны үнэ ханшид эергээр нөлөөлөх юм. Ингэснээр “Гереус прэшиүс металл” компанийн таамаглаж буйгаар 2025 онд унц алт 2,450-2,950 долларын үнэтэй байх төлөвтэй байна.
Эх сурвалж: heraeus-precious-metals.com