А.Халиун
Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтвортой байна. Юуны түрүүнд эдийн засгийн тогтворжилтод уул уурхайн олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, тээвэр логистик, боомтын сэргэлт голлон үр дүн авчирсан бол төсвийн зардлын тэлэлт, иргэдийн хувийн хэрэглээ идэвхжсэн зэрэг нь өсөлтийг хадгалахад нөлөөлжээ.
Уул уурхайн салбарын идэвхжлийн нөлөөгөөр төсвийн нөхцөл байдал сайжирсан ч тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлэх, бусад салбаруудыг дэмжих шаардлага хэвээр байна.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нүүрсний олборлолт, тээвэрлэлт эрчимжсэн нь голчлон нөлөөлөв. Цаашид томоохон зэсийн уурхай болох Оюу толгойн гүний уурхайн олборлолт, ураны ордын "Зөөвч овоо" зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж, экспорт нэмэгдсэнээр 2025- 2026 онд эдийн засгийн дунд хугацааны өсөлтийн төлөв эерэг хэвээр байх нь дамжиггүй.
2024 онд эдийн засгийн өсөлт хүлээлт, эрсдлийг давахад нөлөөлсөн хүчин зүйлүүд болон эдийн засгийн салбарын өөрчлөлт, шинэчлэл Онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ТӨСӨӨЛЛӨӨС 1.5%-ИАР БУУРЛАА
2024 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 4.8% байна хэмээн Дэлхийн банк төсөөлсөн бол Азийн хөгжлийн банк 4.1%-д хүрч өснө гэж тооцоолсноо зарлаж байв. Харин Монголбанк 2024 онд эдийн засгийн өсөлтийг 4 орчим хувьтай байхаар төсөөлж байсан бол эдийн засаг сэргэн сайжирч байгааг харгалзан өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлчээр өсөлтийн төсөөллөө 5.5% болгон шинэчилсэн. Гэвч шинэ оны өмнөхөн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, Монгол Улсын 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг Монголбанк 5.2% болгож, бага зэрэг бууруулснаа 12 дугаар сарын 13-ны өдөр зарлалаа.
"Эдийн засгийн өсөлт оны эхний III улирлын байдлаар 5%-тай гарчээ. Өсөлт удаашрахад зэс, алтны олборлолт хүлээлтээс бага гарсан нь нөлөөлсөн аж.
Мөн уул уурхай, барилга, боловсруулах салбарын үйлдвэрлэл өмнөхөөс саарч байгааг харгалзан 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг оны эцэст 0.3%-иар бууруулснаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлав.
Харин ирэх онд Оюутолгойн үйлдвэрлэл өсөх, энэ оны зудын нөлөө буурах зэрэг хүчин зүйлээс шалтгаалан эдийн засгийн өсөлт эрчимжиж, 7-8%-тай гарахаар байгааг мэдэгдэв.
Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2025 онд 6%-д хүрнэ гэж өөдрөгөөр таамагласнаа өнгөрсөн 9 дүгээр сарын Азийн хөгжлийн төлөв тайландаа онцолсон юм. 2024 онд уул уурхайн салбар болон төсвийн зардлын өсөлт эдийн засгийн тогтворжилтод эергээр нөлөөлсөн 4, Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд тохиогоогүй хатуу өвөл, зудын гамшиг нүүрлэснээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбар агших төлөвтэй байна. Харин 2025 онд хөдөө аж ахуйн салбар сэргэж, уул уурхай болон үйлчилгээний салбар өссөнөөр ДНБ-ий өсөлт хурдасаж, 6.0%-д хүрнэ гэж таамагласан байна.
ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЛЭЭ
2024 оны УИХ-ын Ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө эрчим хүчний реформ хийхээр тусгасан. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн 30 гаруй жилд хуучин тогтолцоогоороо үлдсэн ганц салбар бол эрчим хүчний салбар.
Станцууд хэрэглэгчдэд эрчим хүчээ үйлдвэрлэсэн өртгөөсөө бага үнээр нийлүүлдгээс алдагдалтай ажилласаар, станцуудын тоног төхөөрөмжүүд хуучирч, гал алдахын ирмэгт тулсан энэ салбарт 2024 онд эерэг өөрчлөлт гарлаа.
Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдийн цахилгааны тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэн мөрдүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр цахилгааны дундаж тариф 1 кВт.ц тутамд 216 төгрөг байсныг 280 төгрөг болгож бодит өртөгт хүргэв. Айл өрхүүдэд хэрэглээнээс хамаарсан 3 шатлалтай тарифыг нэвтрүүлэв.
Айл өрхийн цахилгаан, дулааны тарифт 2019 оноос өөрчлөлт ороогүй байсныг энэ удаа нэмлээ. Гэвч үнэ нэмсэн нь өрхийн орлогод сөргөөр нөлөөлөх тул иргэдийн хувьд таатай өөрчлөлт биш.
Эрчим хүчний реформын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байна. Эхний удаад эрчим хүчний үнийг бодит өртөгт нь хүргэлээ. Цаашид сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг татан өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын зэрэгцээ эрчим хүч экспортлогч орон болох зорилго тавин ажиллаж буйгаа Шадар сайд, Эрчим хүчний үндэсний реформын хорооны дарга Т.Доржханд онцлон хэлсэн юм.
НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨССӨН Ч ҮНЭ БУУРАВ
Засгийн газар 2024 оны төсвийг батлахдаа 60 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. 2024 оны 8 дугаар сарын 23- ны байдлаар 53 сая тонныг гаргасан бөгөөд оны эцэс гэхэд энэ үзүүлэлт 75 сая тоннд хүрэх хүлээлттэй байгааг Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо хэлж байв.
Харин өнгөрсөн 11 дүгээр сарын 15-ны байдлаар 68.7 мянган тоннд хүрч, нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.1%-иар өслөө. Экспортын байдалд нийцүүлэн төлөвлөлтөө ахиулж, энэ оны эцэс гэхэд 78 сая тонныг гаргах зорилт тавьжээ.
Манай улс нүүрсээ 100% БНХАУ-Д нийлүүлдэг. Урд хөршийн бодлого боловсруулагчид 2024 оны эдийн засгийн өсөлтөө 5%-д хүргэхээр зорьж буй ч зорилтдоо хүрэх магадлал улам буурсаар байна. Үүнд, үл хөдлөх хөрөнгийн салбарт үүссэн хүндрэл даамжирч, улмаар аж үйлдвэрийн салбарын өсөлт буурч байгаа нь төсөөллийн зөрүү үүсгээд буй юм.
Монгол Улсын нийт эдийн засгийн 93%-ийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Үүн дотроо нүүрс дангаараа 60%-ийг эзэлж байна. Нүүрсний үнэ сүүлийн нэг жилд буурч, 100 доллараас 70-80 ам.доллар руу орсныг урд хөршид үүссэн дээрх шалтгаантай шууд холбоотой. Ийм үед манай талаас нүүрсний экспортын биет хэмжээ өссөн ч үнэ буурч байгаа нь орлогод сөргөөр нөлөөлнө. Үүнийг дагаж АМНАТ болон "Эрдэнэс Тавантолгой"-н орлого буурна. Хамгийн том нөлөөлөл Төсвийн орлого бүрдүүлэлт болон Засгийн газар зардлаа санхүүжүүлэхэд сөргөөр нөлөөлөх давхар давхар үр дагавартайг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлав. Энэ нь нүүрсний хуучин оны нөхцөл байдал, ирэх оны төлөвийг харж, эрсдэлийг тооцсон дүгнэлт аж.
Засгийн газар 2025 оны төсөвт нүүрсний хэмжээг энэ оныхоос бага зэрэг өсгөж, 83 сая тонноор тогтсон бол 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлтийг 32.8 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьжээ. Гэхдээ урд хөршийн зах зээлийн төлөвийг харж, төлөвлөлтөө тооцсоноо Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийн төсөл хэлэлцэх үед тайлбарлаж байсан юм.
АНХ УДАА АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТАЛЛАА
Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аар 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр баталсан 2025 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсныг УИХ хүлээн авлаа. Ц.Элбэгдорж, Х.Баттулга зэрэг ye үеийн Ерөнхийлөгч нар Төсвийн тухай хуульд бүхэлд нь биш, хэсэгчилсэн хориг тавьж байсан ч эрх баригч МАН олонхийг бүрдүүлсэн УИХ хоригийг хүлээн авч байсангүй.
Харин энэ удаа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг УИХ үг дуугүй хүлээн авсан нь анхаарал татах үйл явдал мөн бөгөөд МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгчийн нөлөө УИХ-д их байгааг нотлов.
Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсан үндэслэлдээ, Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлж, өрийг алдагдалгүй бууруулан төсөв батлахыг сануулсан. Төрийн тэргүүний өгсөн чиглэлийн дагуу алдагдалгүй төсөв батлахын тулд Засгийн газар өмнөх төсвөөс 1.9- 2.4 их наядыг танах хэрэгтэй болов.
Төсвийг танахдаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл болон хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмжийг бууруулаагүй. Мөн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж зэрэг өрхийн орлогыг дэмждэг төсвийн бүхий л зардлуудыг хэвээр үлдээжээ.
Харин бүх төсөвт байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, гэрээт ажилтан ажиллуулах, цахим орчинд шүүмжлэл дагуулсан Соёлын эрхийн бичиг, төрийн захиргааны байгууллагын үр дүнгээр шагнаж, урамшуулах, гадаад томилолтын зэрэг зардлыг тус тус 50%-иар бууруулснаа Сангийн сайд УИХ-д танилцуулсан.
Эцэст нь УИХ-аар 2 сар гаруйн турш хоёронтаа хэлэлцсэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль батлагдсанаар төсвийн нийт зарлага 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2%- д хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болов. Ийнхүү анх удаа алдагдалгүй төсөв баталсан хэмээн Сангийн яам онцолж байна.
ЭКСПОРТЫН ГОЛ ГАРЦЫН АСУУДАЛ ШИЙДЭГДЛЭЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 11 дүгээр сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Шанхай хотноо болсон Хятадын олон улсын импортын VII экспотой давхцсан энэхүү айлчлалын үеэр Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай /2024.11.05/ албан ёсны уулзалт хийсэн юм.
Уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагааны 8 баримт бичигт гарын үсэг зурж, баталгаажуулсны нэг нь олон жил яригдсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталгаажуулав.
Засгийн газар хоорондын уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт- Ганцмод боомтын хил дамнасан гүүр барих ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах буюу ажил эхлэх гарц нээгдэж, 16 жил гацсан төсөл хөдлөх эрх зүйн орчин бүрдсэн юм.
Тавантолгой-Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл 2008 онд эхэлсэн. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн нүүрсний ордыг улсын хилтэй холбох Тавантолгой- Гашуусухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд эхлүүлж, хил хүртэлх 233.6 км төмөр замыг 2022 онд барьж дуусгаад байсан юм.
Гэвч урд хөршийн Ганцмод боомттой холбож чадалгүй өнөөг хүрснийг хоёр тал өндөр дээд түвшинд хэлэлцэж, эцэслэн шийдсэн нь энэ. Хилийн хоёр талд ойрхон буй төмөр замыг холбосноор манай талаас экспортлох уул уурхайн бүтээгдэхүүнийг саадгүй тээвэрлэх, өртөг буурах давуу талтай ба тэр хэрээр эдийн засгийн өгөөжтэй тул Ерөнхий сайд ач холбогдол өгч буй хэрэг.
Монголын тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбох тохиролцоонд хүрсэн бөгөөд одоо салбарын яам болон хоёр талын холбогдох байгууллагууд ажилдаа орсон. БНХАУ-ын Ерөнхий сайд "Гашуунсухайт-Ганцмод боомтоо эхлээд холбоё. Дараа нь Ханги- Мандал, Шивээхүрэнгийн боомтыг холбоход бэлэн байна" гэж байр сууриа илэрхийлсэн нь өнгөрч буй оны улс төр, эдийн засгийн хүрээнд хүлээлт үүсгээд байсан асуудлыг шийдвэрлэсэн, ач холбогдолтой үйл явдал онцолж байна.