Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

АНУ-д хийн түлшний үнэ буурна

Инфляц буурч, дотоодын газрын тосны үйлдвэрлэл нэмэгдэж байгаагаас шалтгаалаад энэ онд АНУ-д хийн түлшний үнэ бага зэрэг буурна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

2024 оны эхний хагаст хийн түлшний үнэ өссөн бол сүүлийн хагаст буурсныг тайланд онцолжээ. Улсын хэмжээнд нэг галлон хийн түлшний дундаж үнэ 2024 онд 2.98 ам.доллар байсан нь өмнөх жилийнхээс 12 центээр буурсан үзүүлэлт болохыг АНУ болон Канадын шатахууны үнэ, чанар, байршил зэргийг мэдээлдэг GasBuddy-д мэдээлсэн байна.         

АНУ-д бүс нутаг, мужаас шалтгаалаад хийн түлшний үнэ харилцан адилгүй байдаг ч улсын хэмжээнд дунджаар 2.89 ам.доллар байгаа юм. Тухайлбал, GasBuddy-гийн онцолж буйгаар АНУ-ын Хавайд хамгийн өндөр үнэтэй буюу нэг галлон хийн түлш 4.47 ам.доллар байгаа бол Оклахомад 2.51 ам.доллар байгаа юм.   

GasBuddy-гийн шатахууны  дүн шинжилгээний газрын дарга Патрик Дэ Хан “2024 оны сүүлийн хэдэн долоо хоногт хийн түлшний үнэ өссөн ч жилийн дунджаар нь авч үзвэл улсын хэмжээнд буурсан үзүүлэлттэй байна. Ингэснээр сүүлийн хоёр жилд дараалан хийн түлшний үнэ буурлаа” гэж мэдэгдлээ. 

“Мөн 2025 онд энгийн шатахууны үнэ буурах төлөвтэй байна. 2024 онд шатахуун дунджаар 3.33 ам долларын үнэтэй байсан бол 2025 онд 3.22 ам.доллар байх төлөвтэй байна” гэлээ. 

Энэ нь хоол хүнс зэрэг гол нэрийн барааны үнийн өсөлтөд нэрвэгдэж байгаа иргэдэд тус дэмтэй юм. 

Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампийн худалдааны тарифыг нэмэх, хууль бус цагаачдыг албадан гаргах зэрэг нь хэрэглээний үнийг өсгөж магадгүй ч эдийн засагчдын олонх нь 2025 онд инфляц буурна гэж таамаглаж байгаа юм.

Дэлхийд алдартай санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компани болох “Goldman Sachs”-ын шинжээчид “Инфляц 2025 оны сүүлээр 2.8 хувиас 2.1 хувь болж буурна. Үндсэн тооцоололд худалдааны тарифаас үүдсэн инфляц 2.4 хувь орчим байна” гэж үзэж байгаа ажээ.

АНУ нь газрын тосны салбарт тэргүүлэгч гүрэн. 2023 онд өдөрт дунджаар 12.9 сая баррeль газрын тос олборлож байсан бөгөөд одоогоор нэг ч улс үүнийг давуулан биелүүлээгүй гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба мэдэгдлээ.

Эх сурвалж: cbsnews.com