Т.Бямбанаран
ШИНЭ ДЕЛИ, 1-р сарын 9 (Ройтерс) - БНЭУ Монгол улстай геологи, хайгуулын чиглэлээр урьдчилсан гэрээ байгуулах төлөвтэй байгаа тухай Энэтхэгийн засгийн газрын холбогдох албан тушаалтан мэдэгдэв.
Манай орон зэс болон коксжих нүүрсний арвин баялагтай. Харин Энэтхэг улс эрчим хүч, барилга, цахилгаан автомашин, ган үйлдвэрлэл зэрэгт шаардлагатай коксжих нүүрсээ ихэвчлэн импортоор авдаг.
Энэтхэгийн Засгийн газар харилцан ойлголцлын санамж бичгийг баталж, улмаар хоёр улс удахгүй гарын үсэг зурах төлөвтэй байгаа юм.
Ройтерс агентлагийн мэдээлснээр “Adani”, “Hindalco”, “Vedanta” зэрэг компаниуд Монголоос зэс нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Талууд зэс болон коксжих нүүрсийг Энэтхэгийн компаниудад нийлүүлэх маршрутыг тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд БНХАУ-аар биш ОХУ-ын Владивостокоор дамжих маршрутыг Энэтхэгийн тал илүүд үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
Азийн хоёр их гүрэн болох Энэтхэг, Хятадын харилцаа 2020 онд хилийн маргааны улмаас хямарсан ч энэ явдлаас хоёр жилийн дараа зөрчилтэй цэгээс цэргээ татах хэлэлцээрт хүрснээр харилцаа нь сайжирч эхэлсэн юм. Хятадаас ялгаатай нь Энэтхэг улс Оростой ойр дотно харилцаатай байдаг.
Энэтхэгийн JSW Steel болон төрийн өмчит Steel Authority of India (SAIL) компаниуд хоёр удаа коксжих нүүрс тээвэрлэх талаар Монголын эрх баригчидтай 11 дүгээр сард хэлэлцээр хийсэн гэж Ройтерс мэдээлэв.
Эх сурвалж: www.reuters.com