Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

2024 онд Хятадын газрын ховор элементийн экспорт өслөө

БЭЭЖИН, 1-р сарын 13 (Ройтерс) - Хятад улс дэлхийн ховор элементийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд 2024 онд газрын ховор элементийн экспортын биет хэмжээ 6%-иар өсөж, нийт 55,431 тонн 17 төрлийн ховор элементийг гадагш гаргасан гэж Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Энэ нь 2014 онд Ройтерс агентлаг бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин экспортын нийт үнийн дүн 36%-иар буурч 488.8 сая ам.доллар болсон нь өнгөрсөн онд нийлүүлэлт их байсантай холбоотой үнэ унасныг харуулж байна.

Жишээлбэл, Хятадад празеодимийн ислийн дундаж үнэ 2023 онд 37%-иар буурсаны дараа 2024 онд дахиад 26%-иар буурсан гэж ашигт малтмалын үнэ ханшны судалгааны “Shanghai Metals Market” компани мэдээллээ.

Хятад улс 12 дугаар сард 3326 тонн газрын ховор элемент экспортолжээ. Энэ нь 11 дүгээр сард экспортолсон 4416 тонн, 2023 оны 12 дугаар сард экспортолсон 3439 тонноос буурсан үзүүлэлт байсан.

Өнгөрсөн сард Хятадын газрын ховор элементийн импорт өнгөрсөн оны мөн үеэс 41.1%-иар буурч 9645 тонн болж, 2024 онд нийт 132,931 тонн импортолсон байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар 2024 онд импорт буурсан нь газрын ховор элементийн бусад хоёр том үйлдвэрлэгч болох АНУ болон Мьянмараас нийлүүлэлт багассантай холбоотой.

Энэ оны эхний 11 сард АНУ, Мьянмараас Хятад руу нийлүүлсэн ховор элементийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 14.6%, 31.6%-иар тус тус буурчээ.

Эх сурвалж: reuters.com