Р.Ренчиндулам, Т.Бямбанаран
Д.Жаргалсайхан: Өгөөжтэй уул уурхай гэх ойлголтыг тодорхой болгох хэрэгтэй
“Монголын уул уурхайн салбарын эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлэг өчигдөр /2025.01.16/ боллоо. Тус үйл ажиллагааг Монголын эдийн засгийн зөвлөл, Системийн инженерчлэлийн институт, “AustCham Mongolia” буюу Монгол дахь Австралийн худалдааны танхим хамтран зохион байгуулсан юм.
Бидний хийсэн судалгаа хуулийн зөрчилтэй хэсгийг олж, ойлгоход тус болно
Монголын эдийн засгийн зөвлөлийн захирал Ц.Түмэнцогт үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хууль, болон холбогдох хууль тогтоомжид аж ахуйн нэгжүүдийн бизнес эрхлэх эрх, эрх чөлөөг хамгаалсан байдаг. Гэвч зарим хуулийн эрх зүйн зохицуулалт болон олон улсын улс төр, нийгэм, соёлын орчны нөлөөллөөс үүдэн уул уурхайн салбарын аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тодорхой асуудлуудтай тулгарсаар байна. Энэ нь зах зээлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлтийг удаашруулах, бизнес эрхлэгчийн үйл ажиллагааны боломжийг хязгаарлахад хүргэж байна. Тиймээс уул уурхайн зарим хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага байна. Энэ удаагийн хэлэлцүүлэг нь Монголын уул уурхайн салбарын эдийн засгийн эрх чөлөөг сайжруулах, бизнест хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэх боломжит шийдлүүдийн талаар тодорхой чиглэл гаргаж, санал болгоход оршиж байна” гэлээ.
Системийн инженерчлэлийн институтийн Ерөнхий захирал Д.Жаргалсайхан “Бид уул уурхай, бизнес, Монголын нийгмийн харилцаанд өдөр бүр дурдагддаг хууль эрхзүйд судалгаа хийсэн. Одоогоор бид 40 орчим судалгаа хийснээс гурвыг нь онцолмоор байна. Нэгдүгээрх судалгаа нь Үндсэн хуулиар тодорхойлсон үзэл баримтлалыг шинжилж, системийн загварт оруулах, боломжийг эрэлхийлж хийсэн судалгаа. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт орсон үг бүрийг системийн аргаар тодорхойлох. Гурав дахь нь, Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа 160 дүрэм журмыг гурван шалгуураар шинжилсэн. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн суурь зарчимд нийцэж байгаа эсэх, хоёрдугаарт, тухай дүрэм, журам нь тухайн чиглэсэн асуудлыг шийдвэрлэх шийдэл байж чадаж байна уу. Гуравт, энэ дүрэм, журамд орсон хуулийн заалтууд нь тодорхой эзэнтэй, үйлдэл нь тодорхой байна уу. Бидний хийсэн судалгаа хуулийн зөрчилтэй хэсгийг олж, ойлгоход тус болно байх” гэв.
Зөрчлүүдийг залруулахын тулд бид ойлголтоо нэгтгэх хэрэгтэй
Дараа нь Монголын уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчинд хийсэн судалгааг танилцуулсан юм.
Системийн инженерчлэлийн институтийн гүйцэтгэх захирал Ч.Оюу-Эрдэнэ
-Монголын бизнесийн зөвлөлийн санаачилгаар “Уул уурхайн салбарын оролцоог зохицуулж буй эрхзүйн актуудад системийн шинжилгээ хийх нь” сэдэвтэйгээр судалгаа явуулсан. 2023 онд эхлүүлсэн энэ ажил 850 орчим хуудастай, гурван боть тайлан болсон. Энэ ажлын хүрээнд найман сарын хугацаанд нийгмийн зургаан салбарын мэргэжилтнүүд хамтран уул уурхайн эрхзүйн орчныг зохицуулж буй 54 хууль, 23 дүрэм, 89 журмыг шинжилсэн. Ингээд нийт 160 орчим эрхзүйн актыг шинжлээд үзэхэд таван төрлийн доголдол илэрсэн. Нэгдүгээрт 6 хуулийн 20 заалтын үзэл баримтлал Үндсэн хуультай зөрчилдөж байсан. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний хуулийн заалтад тусгасан үүргийг иргэд биелүүлдэггүй, эсвэл хуулийн этгээд, төрийн байгууллага биелүүлдэггүй гэсэн үг.
Мөн бид 54 хуулийн нэр томьёоны тайлбарыг шинжилсэн. Гурван хуульд нь нэр томьёоны тайлбар байгаагүй. Бусад хуульд оруулсан 777 нэр томьёог судлаад үзэхэд 316 доголдол байсан. Тухайн томьёог дарга өөрийн үзэмжээр тайлбарлах боломжтой, эсвэл тухайн томьёог хоёр тал өөр өөрөөр тайлбарлан маргалдах боломжтой байсан. Дээрх 54 хуульд 720 системийн доголдол илэрсэн. Энэ нь зорилгыг нь тодорхойлоогүй, хэрэгжилтийг хэмжих хэмжүүр байхгүй, оролцогч талуудын үүргийг нь бүрэн тодорхойлоогүй, өгөгдөл мэдээллийг нь бүртгээгүй гэх мэт доголдол байсан. Мөн 54 хуулиар 5467 үүргийг тодорхойлсон ч түүнд нь 3246 доголдол байсан. Тэр нь, хэн, хэзээ, юу хийх нь тодорхойгүй байсан. Эдгээр зөрчлүүдийг залруулахын тулд бид ойлголтоо нэгтгээд дараа дараагийн ажлуудыг хийх шаардлагатай.
Үндсэн хуульд уул уурхайд хамааралгүй нэг ч цэг, таслал байхгүй
Тус илтгэлийн дараа “Хууль эрх зүйн саад тотгорыг арилгаж, дэлхийн хөрөнгө оруулагчдыг татах нь” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийг Монголын эдийн засгийн зөвлөлийн захирал Ц.Түмэнцогт чиглүүлж, АҮЭБ-ийн сайдын зөвлөх Л.Чой-Иш, Системийн инженерчлэлийн институцийн захирал Д.Жаргалсайхан, Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани, “Sandvik Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Брэд Кларк нар оролцлоо.
Ц.Түмэнцогт: Уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчин, хэрэгжүүлэх төслүүд, салбарын бодлогын талаар мэдээлэл өгөхгүй юу?
Л.Чой-Иш: Засгийн газрын боловсруулсан 14 мега төслийн 6-7 нь АҮЭБЯ-тай холбогдож байгаа. Олборлолтоос боловсруулалт руу чиглэхэд хууль эрх зүйн орчин дээр ажиллах, хувийн хэвшлийг дэмжих зэрэг шаардлага тулгарч байгаа. Энэ салбар хувийн, гаднын хөрөнгө оруулалтад тулгуурлан хөгжинө. Тиймээс хөрөнгө оруулагчдыг тогтвортой байлгах, таатай орчныг нь бүрдүүлэх бодлого баримталж байгаа. Эрхзүйн орчинд шинэчлэл хийх шаардлага байгаа нь үнэн. Салбар яамны зүгээс хууль эрхзүйг байнга солихоос зайлсхийж зөрчил, доголдлыг засах бодлого баримталж байгаа.
Ц.Түмэнцогт: Канад бол Монгол Улсын уул уурхайн салбарт гол хөрөнгө оруулагчдын нэг юм. Цаашид хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд юу байх бол?
Элчин сайд Сандра Шуфани: Уул уурхай бол Монгол Улсын эдийн засгийн чухал салбар бөгөөд Канад улс энэ салбараас гадна бусад салбарт ч хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн хийхэд бэлэн байгаа.
Канад ногоон эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүч болон ногоон эдийн засгийг дэмжихийг тэргүүлэх чиглэл болгож, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ), Азийн Хөгжлийн Банк (АХБ)-аар дамжуулан Монголын жижиг, дунд үйлдвэрүүдэд зээл олгосоор байх болно. Гэсэн хэдий ч уул уурхай бол гол анхаарал татсан чиглэл хэвээр үлдэнэ.
Канад нь 60 төрлийн ашигт малтмал, металл олборлодог. Манай орны уул уурхайн салбар ДНБ-д 150 тэрбум ам.долларын хувь нэмэр оруулж, олон мянган ажлын байрыг бий болгодог. Энэхүү туршлагаа Монгол Улстай хуваалцахад бэлэн байна.
Ц.Түмэнцогт: Уул уурхайн салбар нь Монгол Улсын ДНБ-ий 30 хувийг, экспортын орлогын 90 хувийг бүрдүүлдэг. “Sandvik Mongolia” зэрэг компаниудын хувьд Монголд үйл ажиллагаа явуулахад тулгарч буй сорилтууд юу вэ?
Брэд Кларк: КОВИД-19 цар тахлын үеэр экспорт бараг зогсож, эдийн засагт хүчтэй нөлөөлсөн. Богино хугацааны асуудлыг шийдвэрлэхийн тулд хялбар зам сонгох нь урт хугацаанд орон нутаг, оролцогч талуудад сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй.
Нэн тэргүүний сорилт бол хэт их зохицуулалтаас зайлсхийж, үйл ажиллагааны эрх чөлөөг хадгалах явдал юм. 2013 онд уул уурхайн салбар болон гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан хязгаарлалт нь Засгийн газартай бүтээлч хамтын ажиллагаа явуулах шаардлагатай байгааг харуулсан.
Логистикийн асуудлыг ярихгүй орхиж болохгүй. Тээвэр, логистикийн үйл явцыг сайжруулах нь салбарын үйл ажиллагааны эрх чөлөө, үр ашигт томоохон хувь нэмэр оруулах болно.
Ц.Түмэнцогт: Салбарын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ямар ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзэж байна вэ?
Д.Жаргалсайхан: Миний хувьд уул уурхайн салбарт олон жил ажилласан. Өөрийн туршлага, мөн дээр дурдсан судалгаа дээр тулгуурлаад ярихад манай салбар идэвхгүй хэвд байгаад байгаа. Салбарыг амжилттай явуулахын тулд нийгмийг бүхлээр нь ойлгох хэрэгтэй. Тэгээд түүнд тохируулаад өөрийн мэдлэг, арга, туршлагыг боловсруулахаас өөр аргагүй болоод байна. Тулгамдсан асуудлыг яам, төрийн байгууллага шийдвэрлэж өгөхийг хүлээгээд сууж болохгүй. Нөгөө талаас бид өөрөө өөрсдийгөө цэгцлэх цаг нь болсон. Үндсэн хуулиа сайн уншаад, хэрэгжүүлж заншмаар байна. Үндсэн хуульд уул уурхайд хамааралгүй нэг ч цэг, таслал байхгүй. Монгол Улсын иргэн бүр баталгаатай эдлэх эрхийг Үндсэн хуулийн 16-р зүйлд тусгасан байдаг. Ядаж эдгээр эрхүүдээ мэдээд авах хэрэгтэй. Үндсэн хуулиа танин мэдээд үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна. 2019 оны ҮХ-ийн өөрчлөлтөөр өгөөжийн талаар тусгасан. Гэхдээ нийгэмд өгөөжтэй уул уурхай гэж яг юу болох нь тодорхой бус байгаа. Энэ ойлголтыг тодорхой болгохоос эхлээд бидэнд уншиж судлах, цэгцлэх, тодорхой болгох асуудлууд их байна. Эдгээрийг бид хамтдаа л хийх учиртай.
Ц.Түмэнцогт: Хөрөнгө оруулалтын тухай хууль болон татварын дарамттай холбогдуулан таны санаа бодлыг сонсъё?
Брэд Кларк: Төрийн танхимууд хөрөнгө оруулалт, татвар, уул уурхайн нөөц болон хөдөлмөрийн хуулиудын талаар санал оруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. Монголын уул уурхайн салбар 10 хүрэхгүй жилийн түүхтэй учраас зуу гаруй жилийн туршлагатай орнуудтай өрсөлдөхөд бэрхшээлтэй юм.
Хөрөнгө оруулалтын хууль нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж олгож байгаа нь сайн үзүүлэлт боловч хэрэгжилт хамгийн чухал билээ. Төрийн танхимууд тус хуулийг дэлхий дахинд таниулах үүрэгтэй. Ингэснээр хөрөнгө оруулалтыг татаж чадна.
Татварын дарамтаас гадна НӨАТ зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Эдгээр асуудлыг амжилттай шийдэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа голлох үүрэгтэй байдаг.
Ц.Түмэнцогт: Канадын уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааг илүү үр өгөөжтэй болгож, илүү их хөрөнгө оруулалт татахын тулд Монгол Улс юу хийх ёстой гэж үзэж байна вэ?
Элчин сайд Сандра Шуфани: Канадын уул уурхайн компаниуд Монголд төдийгүй дэлхий дахинд идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2021 он гэхэд Канадын 750 компани 96 улсад уул уурхайн хөрөнгөтэй байсан нь дотоодын хөрөнгө оруулалтаас хоёр дахин их байлаа. Тэдгээр компанийн зөвхөн тав нь Монголд үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь ашиглагдаагүй их нөөц бололцоо байгааг илтгэж байна.
Эхний алхам нь Монгол Улс уул уурхайн салбартаа тодорхой, урт хугацааны стратеги боловсруулах явдал юм. Хөрөнгө оруулагчид энэ салбарын ирээдүйн чиг хандлагын талаар тодорхой ойлголттой байх хэрэгтэй. Тухайлбал, Монгол аль ашигт малтмалд төвлөрөх, дэлхийн зах зээлд ямар байр суурь эзлэх, эсвэл дэлхийн уул уурхайн өрсөлдөөнд хэрхэн оролцох зэргийг тодорхой болгох шаардлагатай.
Олон жилийн турш гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татсан Өмнөд Америк, Африк зэрэг улсуудтай өрсөлдөхийн тулд хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц байх нь чухал.
Жишээлбэл, “Orano” төслөөс суралцаж, гадаадын хөрөнгө оруулалтын сайн жишээ болгон харуулах нь Канадын уул уурхайн компаниудын Монголд итгэх итгэлийг нэмэгдүүлэх боломжтой.