Р.Ренчиндулам
Монгол Улсын Засгийн газар, болон Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг С.А.С” компани хоорондын "Хөрөнгө оруулалтын гэрээ"-нд гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2025.01.17/ боллоо. Ингэснээр Монгол, Францын хамтарсан ураны төсөл албан ёсоор барианаас хөдөлж байгаа юм.
Ёслолын үйл ажиллагаанд Монголын талыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Шадар сайд С.Амарсайхан, Т.Доржханд болон хологдох албан тушаалтан оролцлоо. Харин Францын талыг төлөөлж, Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартайн, “Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас тэргүүтэй албан тушаалтан оролцлоо.
Гэрээнд гарын үсэг зурсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн юм.
Тэрбээр “Өнөөдөр байгуулж буй энэхүү гэрээ бол гуравдагч хөрштэй хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой гэрээ. Засгийн газар, УИХ-аар батлуулсан хөрөнгө оруулалтын гэрээг соёрхон баталснаар гэрээг ирээдүйд хэлбэрэлтгүй дагаж мөрдөх болно. Франц улс бол манай улсын гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад улс төрийн бүхий л дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, чуулганаар нээлттэй хэлэлцэн баталсан парламентын гишүүд, улс төрийн намын удирдлагууд, Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, хамт олон салбарын нийт эрдэмтэн судлаачиддаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 2024 оны сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хөтөблөрийг дэвшүүлж, олон жилийн турш улстөржин гацсан 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарласан. Хамтарсан Засгийн газар ийнхүү гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа. Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчныг цоо шинээр ойлгуулж, гадаадын шууд хөрөнгө оруулалт тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авч ирэх эхлэл болно гэдэгт итгэлтэй байна. Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний түүхий эд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулна. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх чухал алхмыг Монгол Улс хийж чадлаа” гэв.
Дараа нь Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартайн үг хэлэв.
Тэрбээр "2025 он бол бидний хамтын амжилт, бахархалын жил байх болно гэж бодож байна. 2023 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Эмманюэл Макрон Монгол Улсад айлчлал хийсэн бол мөн оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Парист хариу айлчлал хийсэн. Хоёр орны Ерөнхийлөгчдын айлчлал үр дүнгээ өглөө. Учир нь, дээрх айлчлалаас хойш хоёр жилийн дараа дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж байна. Ингэхдээ түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурж байна. Хоёр улсын хувьд стратегийн томоохон ач холбогдолтой хэлэлцээр учраас түүхэн гэж байгаа юм. Зөөвч-Овоо орд нь дэлхийн 10 том ордын нэг. Энэ орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно. Энэ орд Дорноговь аймаг, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал түлхэц үзүүлнэ. Мөн энэхүү гэрээ нь манай эрчим хүчний хангамжийг баталгаажуулснаар Францын тусгаар тогтнолд хувь нэмэр оруулах болно. Бид цаашид бүх төрлийн харилцаагаа гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтаа бэхжүүлж, харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна. Франц Улс Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг. Бид энэ төслийн бүх үе шатанд та бүхэнтэй хамт байж, мэддэг, чаддаг зүйлсээ санал болгох болно" гэлээ.