Монгол, Францын албаны хүмүүс өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотноо хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан гэж Францын төрийн өмчит “Orano SA” компани мэдээллээ. “Orano” компани болон Монголын төрийн өмчит МонАтом групп хамтран 90,000 тонн ураны нөөцтэй ордуудыг ашиглахаар болсон.
Хэд хэдэн удаа саатсаны дараа энэхүү гэрээнд гарын үсэг зурсан нь “Orano”-гийн хувьд ялалт юм. Энэхүү сааталын нэг шалтгаан нь Монголд стратегийн нөөц баялгийг хамгаалах талаар маргаан үүссэнтэй холбоотой. Дэлхийн улс орнууд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олон шинэ цөмийн реактор барьж байгаа тул ураны эрэлт хэрэгцээ өсөх төлөвтэй байна.
Ураны тус төслийг хэрэгжүүлэх хугацаа 30 орчим жил бөгөөд жилд 2500 орчим тонн уран олборлоно гэж “Orano” мэдэгдсэн. Үйлдвэрлэлийг 2028 онд эхлүүлэхээр төлөвлөж байна.
Энэхүү бүтээн байгуулалт нь Баруун Африкт сүүлийн үед асуудалтай тулгараад байгаа Францын “Orano” компанийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд тусална. Somair ураны уурхайтай холбоотой маргаан ширүүссэний улмаас Нигер дахь цэргийн дэглэм тус уурхайг Францын талаас булаан авсан гэж “Orano” өнгөрсөн сард мэдэгджээ.
Эх сурвалж: mining.com