Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хятад-АНУ-ын үнэ тарифын өрсөлдөөн үргэлжлэх үү? 

Р.Ренчиндулам

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсон нь олон улсын улс төр болон эдийн засагт нөлөө үзүүлэх нь нэгэнт тодорхой болоод байгаа билээ. Ялангуяа энэ нь АНУ, БНХАУ-ын харилцаанд хэрхэн нөлөөлөх нь судлаач, мэргэжилтнүүдийн анхаарлыг их татаж байна. Трампын өмнөх засаг захиргааны үед Хятад улс АНУ-ын нүүрсний импортод татвар ногдуулсан нь удаан хугацааны турш маргаан дагуулсаар ирсэн. Харин одоо геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа үед Хятад руу хийх АНУ-ын экспортын ирээдүй ямар байх талаар мэргэжилтнүүд таамаг дэвшүүлсээр байна. 

“Fastmarkets”-ийн судлаачдын онцолсноор бол нөхцөл байдал өмнөх шигээ болох магадлалтай аж. Учир нь, Дональд Трамп Хятадын эсрэг хатуу байр суурь баримтлах бодолтой байгаагаа хэлсэн билээ. Тэдний үзэж байгаагаар хоёр улсын хоорондох татварын асуудал дахиад л маргаан дэгдээх хэдий ч  үүнээс шалтгаалж зарим тохиолдолд  нааштай өрсөлдөөн бий болгох юм байна.

Одоогийн байдлаар Хятадын худалдааны компаниуд АНУ-ын коксжих нүүрсний импорт, ялангуяа төрийн өмчит компаниудтай харилцахаас татгалзаж байна. Учир нь, Трамп  энэ удаа Хятадын бараа бүтээгдэхүүнд  хэр татвар ногдуулах нь хүлээлт үүсгээд байгаа юм. Хятадын Засгийн газар хэрхэн хариу арга хэмжээ авах нь ч тодорхойгүй байгааг судлаачид онцолж байна. 

АНУ-ын коксжих нүүрс нь Хятадын нийт коксжих нүүрсний импортын 8.54 орчим хувийг бүрдүүлдэг. 2024 оны эхний 10 сард Хятад улс АНУ-аас 8.48 сая тонн коксжих нүүрс импортолжээ.  Харин Хятадын нийт импорт 99.25 сая тонн байв.

Трамп өмнөх засаглалын үедээ буюу 2018 оны 3-р сард 1974 оны Худалдааны тухай хуулийн 301-р хэсэгт заасны дагуу оюуны өмчийн хулгай, шударга бус худалдаа эрхэлсэн гэж үзэн Хятадын 50 тэрбум ам.долларын импортын бараанд  гаалийн татвар ногдуулж байсан. Үүний хариуд Хятад улс Америкийн бараанд 25 хувийн татвар ногдуулсан билээ.