The Mongolian Mining Journal, 2016 оны 11 дүгээр сар/
Профессор П.Очирбат Казатомпром Харасан үйлдвэрийн
Шар нунтгийн цехтэй танилцав. 2016 он.
Уран, берилл, тантал, ниобий, литий зэрэг цацраг идэвхт ашигт малтмал, ховор метал, газрын ховор элементийн хайгуул, олборлолт, боловсруулалтын технологийн хөгжил Казахстан улсад өндөр түвшинд хүрчээ.
Зөвхөн “Казатомпром” гэдэг үндэсний атомын компани ураны олборлолтоор дэлхийд тэргүүлдэг. Эднийх 26000 ажилтантай, ураны 22 уурхайтай, байгалийн ураны хайгуулын нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт байрт ордог ураны 14 ордтой юм.
Уулын инженер, профессор Пунсалмаагийн Очирбат
Ураны судлагдсан байдал
Цацраг идэвхт ашигт малтмалын дотроос дэлхийн ураны тавны нэг нь Казахстанд байна. Ураны нийт 1,5 сая тонн нөөцийн 1,1 сая тонныг газрын дор уусган олборлох (ГДУО) аргаар ашиглах боломжтой гэж үнэлжээ.
Зөвлөлт Засгийн үед Казахстаны нутаг уран олборлох хэтийн төлөвтэй нөөц газарт тооцогдож байжээ. Ураны хайгуул хийгдэж нөөцийг тооцоолсон нь Казахстан тусгаар улс болсны дараа ураныг эрчимтэй олборлох суурь болжээ.
Өнөөдрийн байдлаар 129 орд илрэл судлагдсан бөгөөд ордын төрөл нь Ролл-Фронт (манайхтай адил). Эдгээрээс 22 орд дээр уурхай байгуулан ашиглаж байна. Олборлож буй ураны ихэнх нь үндэсний “Казатомпром” компанид ногддог (геологи хайгуул, олборлолт, экспортод гаргах) байна.
“Казатомпром”-ын олборлож байгаа ураны ихэнх орд Кызылорда мужийн нутаг Сырдарья мөрний ураны хүдрийн бүсэд Харасан-1, Харасан-2 дугаар хэсгүүдэд оршдог. Харасан-2 ордын нөөц нь жилд 2000 тн олборлохоор тооцоход 40 гаруй жил ашиглах боломжтой аж.
Ураны хүдрийн бие 650-700 метрийн гүнд тогтсон нь өрөмдлөгийн болон технологийн нарийн шаардлага тавигддаг уул-геологийн нөхцөлтэйд тооцогдож байна. Хүдрийн биетийн зузаан нь 0,6-10,5, ураны агуулга нь 0,021-1,016%, нэгж талбайн өгөөж 1,1-37,3кт/м2, зарим хүдрийн судлын урт 4,1 км өргөн нь 50-350м хүрдэг байна.
Уран олборлох боловсруулах технологи
Байгалийн ураныг газар дор уусган олборлох (ГДУО) арга нь экологийн хувьд аюулгүй, эдийн засгийн үр ашиг өндөртэй учир голчлон хэрэглэнэ. Ураны хүдрийг газрын хэвлийд уусгаж шингэн баяжмал хэлбэрээр газрын гадаргууд гаргаж шууд боловсруулан, шар нунтаг болгож хувиргадаг. Энэ нөхцөлд уран агуулж байсан уулын чулуулаг нь газрынхаа хэвлийд үлдэж уулын үндсэн болон бэлтгэл малталт хийж үлэмж хэмжээний хоосон чулуулаг гадаргууд гаргахгүй, ил уурхайн нөхцөлд их хэмжээний хөрс хуулж газрын гадаргууд овоолохгүй, газрыг хонхойлж ухдаггүй тул байгаль орчинд ээлтэй технологид тооцогдож байна.
Энэ технологийг экологийн хувьд хамгийн цэвэр, ашигт малтмалын орд ашиглах аюулгүй, нөхөн сэргээх зардал багатай хамгийн ашигтай арга гэдгийг МАГАТЭ хүлээн зөвшөөрчээ.
ГДУО технологи бүхий үйлдвэрийн нийт өөрийн өртөг нь хүдрийн сонгодог ил, далд уурхайн өөрийн өртгөөс 2-3 дахин байга байна.
Давуу талыг тоочвол:
w Эдийн засгийн өндөр үр ашиг
w Бүтээгдэхүүний өртөг хямд
w Үйлдвэрлэлийн технологийн түвшин дээгүүр
w Хөдөлмөрийн бүтээмж өндөр
w Экологийн аюулгүй байдал
w Шороон овоолго, шингэн хаягдлын сан байгуулах шаардлагагүй
w Өөрийгөө нөхөн сэргээх чадвартай
зэрэг олон давуу талыг нэрлэж болно.
Харьцангуй богино хугацаанд үйлдэрлэлийн хүчин чадлыг эзэмших боломжтой.
“Казатомпром”-ын үйлдвэрүүдэд ГДУО технологийг 2006 оноос нэвтрүүлж эхэлснээс хойш уран олборлолтын хэмжээний өсөлтийн динамикийг дараах зурагт үзүүлэв.
Уран олборлож боловсруулах технологийн дараалал
1. Цооног өрөмдөж тоноглох
Олборлолтын талбайд технологийн тоног төхөөрөмж, уусмал шахах, сорох хоолойн сүлжээгээр тоноглох
2. Хүдрийн биет рүү хүхрийн хүчлийн сулхан уусмалыг шахах хоолой, цооногоор дамжуулан шахна.
3. Ураныг газрын дор уусгах процесс явагдаж, ураны баяжсан уусмал болон хувирна. (исэлдэлтийн шат-закисление)
4. Баяжсан уусмалыг Геотехнологийн талбайгаас сорох цооногоор татаж тунгаах цөөрөмд юүлнэ. Элс чулуулаг нь тунаж суусны дараа баяжсан уусмалыг боловсруулах цех рүү насосоор сорж оруулна.
5. Боловсруулах цехэд ураныг ион солилцооны баганаар дамжуулж давирхайд шингээж аваад буцааж давирхайнаас угааж салгаж (десорбиц) шингэн байдалтай шар нунтаг гаргаж авна. Түүнийгээ хатааж хуурай шар нунтаг болгож савлаад нэг төрлийн бүтээгдэхүүн хэлбэрээр зах зээлд борлуулж болно.
“Казатомпром”-ын ураныг газар дор уусган олборлох технологийн тойм
Ураны боловсруулалтын дараагийн дамжлага нь Баяжсан уусмалаас гаргаж авсан шар нунтгаа (десорбат) цэвэршүүлэх заводод шилжүүлж тэнд хурдасгагч урвалжаар тунадасжуулан шингэн хольц болгосны дараа шүүж, шар шахмал (прокалка) болгож түүнийгээ кальцижуулаад закиси окиси урана U3O8 өндөр чанарын хөх саарал нунтаг болгон хувиргаад, зузаан төмөр торхонд савлаж, баталгаажуулж баримтжуулаад экспортод гаргаж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь цөмийн цахилгаан станцын түлш бэлтгэх түүхий эд болдог.
Ховор металл, газрын ховор элементийн үйлдвэрлэл
“Казатомпром“ ураны хайгуул, олборлолт боловсруулалтын үйлдвэрлэлээс гадна ховор металын болон газрын ховор элементийн үйлдвэрлэл амжилттай хөгжүүлж байна. “Казатомпром”-ын бериллийн үйлдвэрлэл нь дэлхийн гурван үйлдвэрийн нэг бөгөөд хүдрийн баяжмалыг боловсруулахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэдэг. “Казатомпром”-ын боловсруулсан технологиор берилл агуулсан бүх төрлийн түүхий эдийг ашиглаж берилл болон түүний хайлшин дээр суурилсан олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болжээ.
“Казатомпром”-ын танталын үйлдвэрлэл нь хамтын нөхөрлөлийн орнууд дотроо цорын ганц бөгөөд дэлхийд дээгүүрт ордог. Энэ үйлдвэрт тантал-ниобий агуулсан түүхий эдийг бэлэн бүтээгдэхүүн болгож боловсруулах иж бүрэн дамжлага бүхий үйлдвэрлэл явагддаг. Дээрх үйлдвэрүүдийн гол бүтээгдэхүүн нь хос болон гурвалсан электрон туяаны аргаар өндөр цэвэршилттэй 3N2, 3N5, 3N7, 4N, 4N5 зэрэг хайлш гулуузыг үйлдвэрлэдэг аж.
Энд тантал болон ниобийн хавтгай болон бөөрөнхий цувимал, конденсаторын танталан нунтаг, TaY, TaW маркийн цувимал, танталан болон ниобийн NbTi, NbZr маркийн цувимал үрэл үйлдвэрлэж байна.
Профессор П.Очирбат ураны Байкен-U үйлдвэрийн цэвэршүүлэх заводын закиси окиси урана U3O8 бүтээгдэхүүнийг үзэж байна. 2016 он.
“Казатомпром”-ын олон талын хамтын ажиллагаа
Уламжлалын дагуу ОХУ-ын атомын энергийн “Росатом” улсын корпорацитай Казахстан улсын “Казатомпром” хамтын ажиллагааны гэрээтэй ба хэд хэдэн хамтын үйлдвэртэйн дотор Заречное, Харасан-1, Буденовск, Инкай зэрэг ураны ордыг хамтран ашиглаж байна.
Мөн “Казатомпром” компани Франц улсын төрийн өмчит “Арева” групптэй уран олборлох “Катко” хамтарсан компани байгуулан амжилттай ажиллаж байна. “Катко” компани Казахстаны Торткудук, Мойынкум зэрэг ураны ордыг ашигладаг. Тэд үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрөл, боловсруулалтынхаа түвшинг гүнзгийрүүлэх чиглэлээр ажиллаж, хэд хэдэн гэрээ байгуулжээ.
Казахстан улс БНХАУ-тай ураны салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаатай бөгөөд ураны үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүний дийлэнхийг Хятад улсад экспортлохоос гадна БНХАУ-ын цөмийн эрчим хүчний аж үйлдвэрийн корпораци CNEIC ба Цөмийн эрчим хүчний ерөнхий групп CGN-тэй Казахстаны Семизбай, Ирколь, Жалпак зэрэг ураны ордод хайгуул ашиглалтын хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.
БНХАУ ба Казахстаны хоорондын хамтын ажиллагаанд “Зээлээр эзэмших эрх ба түүхий эд борлуулах” гэсэн нэгэн сонирхолтой өвөрмөц хэлбэрийг сонгон хэрэгжүүлж буй гэнэ.
Япон улсын “Марубени” оролцсон консорциум “Казатомпром”-ын Байкен-Харасан-2 ордыг 95 хувийн хөрөнгө оруулалттай хамтран ашиглаж байна. Япон Казахстаны ураны салбар дахь хамтын ажиллагаа нь зөвхөн уран олборлох төдий биш уран боловсруулах, цөмийн түлш үйлдвэрлэх чиглэлээр өргөжих төлөвтэй. “Казатомпром” болон Японы “Тошиба” корпораци газрын ховор элементийн хамтарсан компани байгуулах тохиролцоонд хүрчээ.
“Казатомпром” Канад улсын “Камеко” корпорацитай Инкай уурхайн ураны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх уурхайг нөхөн сэргээх үйлдвэрлэл байгуулах чиглэлээр судалгааны асуудал яригдаж байна. “Камеко” корпорацитай гексафторид ураны (UF6) үйлдвэр барих гэрээ байгуулжээ.
БНСУ-ын Эрчим хүчний корпораци Казахстан улсын Аж үйлдвэр худалдааны яам хооронд БНКУ-д уран олборлох, цөмийн эрчим хүчний асуудлаар хэд хэдэн хэлэлцээр хийжээ.
Энэтхэг улс Казахстан улсаас уран импортолдог бөгөөд цөмийн цахилгаан станц барих яриа ч байдаг бололтой.
Байгаль орчны бодлого
Уран байгаль дээр байхдаа радио идэвхгүй эрдэс. Аюултай байдал нь ураны задралын үед радий, радоноос үүсдэг. Ураныг ялгаж авахад хүдрийн оршиж байсан орчинд радио идэвхжилт нь үлддэг.
Ураныг сонгодог ил уурхай, далд урхайн аргаар олборлож баяжуулахад үүсдэг хөрс чулуулгийн овоолго, баяжуулах фабрикийн хаягдал үүсэх, радио идэвхжилт нь хүрээлэгч орчиндоо зохих хэмжээний аюултай нөхцөл үүсгэнэ. Гэхдээ уран олборлодог үйлдвэр бүр цацрагийн идэвхжилтийг саармагжуулах тусгай хөтөлбөртэй, түүнийгээ маш нарийн хэрэгжүүлдэг тул оршин суугчид, хүрээлэгч орчны амьдралын нөхцөлийг хэвийн байлгаж, экологийн тэнцвэрийг бүрэн хадгалж чаддаг байна. Аж үйлдвэрийн бусад цогцолборыг бодвол уул уурхайн үйлдвэр нь геомандлын бүхий л орчинд илүү их нөлөөлдөг. Газрын гадаргуу, агаар мандал, усан мандал, биомандал, нийгмийн хүрээнд бүгдэд нөлөөлнө. Учир иймээс экологийн аюулгүй байдлыг зөв үнэлж аливаа технологийн болон зохион байгуулалтын шийдвэр гаргахдаа эн тэргүүнд харгалзах асуудал байдаг.
Үйлдвэрийн аюулгүй байдлыг хангах албаны гол үүрэг аливаа сөрөг нөлөө үзүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх, хамгаалалтын иж бүрэн арга хэмжээг төлөвлөх, гүйцэтгэлд хяналт тавихад чиглэгддэг байна. Хөдөлмөрийн эрүүл орчин, аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангах, байгаль орчныг хамгаалах нь амин чухал ажил гэж “Казатомпром” үздэг байна.
“Казатомпром”-ын удирдлага
Казахстан улсын үндэсний атомын компани “Казатомпром”-ын болон Цөмийн түлшний циклийн (ЯТЦ) удирдах зөвлөлийн гишүүн, үйлдвэрлэл эрхэлсэн ерөнхий захирлын албатай, физик математикийн шинжлэх ухааны доктор, Казахстан Улсын байгалийн шинжлэх ухааны академийн гишүүн (академич) хэргэмтэй Ибраев Бауржан Муктарханович гэдэг аугаа их хүнтэй хамт явж Казахстаны ураны аж үйлдвэрийн хөгжилтэй танилцаж, Кызылорда мужийн ураны Харасан-2, Байкен-U зэрэг үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нүдээр үзэх ховорхон завшаан надад олдов.
Ноён Ибраев Бауржан нь Казахстаны ураны хэд хэдэн үйлдвэр, компанийг тэргүүлж байсан туршлагатай удирдагч, Казахстаны Цөмийн физикийн институтын ажилтан, Онолын физикийн институтын захирал, Берлиний нейтрон судлалын төвд BER-2 реакторын судалгаан дээр ажилласан үйлдвэрлэл, сургалт, эрдэм шинжилгээний ажлын асар туршлагатай, өндөр нэр хүндтэй эрдэмтэн хүн байна. Иймэрхүү хүмүүс Казахстаны цөмийн эрчим хүчний салбарыг авч явж, амжилтад хүргэж байгааг мэдэрлээ. Ажил хэрэгч, даруу төлөв, нөхөрсөг сайхан сэтгэлтэй энэ хүн Монгол улсад нэгэн цагт алба хааж байсныг сонсоход сонин байлаа.
Надаас юугаа ч нуулгүй үзүүлсэн. Бид онгоцоор, машинаар Астана-Алмата-Кызылорда Харасан-Туркестан-Шымкент-Тараза-Алмата гэсэн замналаар хоёр өдөр маш сонирхолтой, ажил хэрэгч аялал хийлээ. Надад ихээхэн анхаарал тавьж, Казахстаны цөмийн аж үйлдвэрийн гайхамшгийг үзүүлж тайлбарлаж өгсөн эрхэм нөхөр Бауржан Ибраевтаа талархлаа илэрхийлж, Монгол Казахстан улсын хооронд ураны салбарт маш үр дүнтэй харилцан ашигтай хамтарч ажиллах өргөн боломж байгаа талаар бидний санал бодол нэг байсныг тэмдэглэн, энэ сайхан мөч удахгүй ирэхийн ерөөл айлтгая.
Биднийг маш хүндэтгэлтэй хүлээн авч элэгсэг дотно ярилцсан Кызылорда мужийн дарга Кушербаев Крымбек Елеуовичид гүн хүндэтгэлээ илэрхийлэхэд таатай байна.
Уран олбололт, шар нунтаг үйлдвэрлэлт, саарал нунтаг үйлдвэрлэлт гээд гурван өөр газар, гурван өөр заводод үйлдвэрлэдэг байсан бүтээгдэхүүнийг нэг дор нэг үйлдвэрт буюу ураныг газрын гүнд уусган олборлохоос эхлээд шар нунтаг үйлдвэрлээд түүнийгээ Аффинажийн заводод закиси-окиси уран болтол цэвэршүүлж, өндөр өртөгтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цогцолбор болгосон Байкен-U үйлдвэрийн ерөнхий захирал Бердалиев Бауыржан Алмахановичид баяр хүргэж талархал илэрхийлье.
Эдгээр хүмүүст ийнхүү талархал илэрхийлэхийн учир нь чухамхүү ураны аж үйлдвэрийг хөгжүүлэхэд тэдний бүтээсэн шинжлэх ухаан, технологийн гайхамшгийг бахархсан сэтгэлээ илэрхийлж, улам их амжилт хүсэхэд оршиж буй юм.
Бид яах вэ?
Хүний сайхан юмыг үзэж сэтгэл хөдлөх сайхан юм. Энэ нэг хэрэг. Харин бид яагаад ингэж чадаагүй билээ гээд бодохоор сэтгэл гутрах юм. Уг нь 1990-ээд оны эхээр Казахстан манай хоёр улс уран судлалын хувьд гарааны бараг ижил түвшинд байж билээ. Гэтэл өнөөдөр Казахстан улсын цөмийн аж үйлдвэр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрчээ. Гэтэл бид тэг “0” зогсоолдоо байсаар. Тэд 20 жил бүтээн байгуулж хоосон яриад юу ч бүтээсэнгүй. Мардайг зогсоолоо! Хаалаа! Тонолоо! “Хан ресурс”-ийг зогсоолоо, хөөлөө, шүүхдлээ, төлбөр төллөө, хохирлоо. “Арева”-г саатуулсаар, тээг тавьсаар… Одоо ингэсхийгээд болох байлгүй дээ…
Манайхыг тойроод хэдэн арван атомын цахилгаан станц баригдаж, баригдах гэж байна. Цөмийн түлшний хэрэгцээ нэмэгдэж байна.
Бид урагшилмаар байна. Үүний тулд цаг алдалгүй хоёр чухал шийдвэр гаргаж хэрэгжүүлмээр байна.
Нэгдүгээрт “Арева”-гийн ураны орд ашиглах тусгай зөвшөөрлийн дагуу туршилтын үйлдвэр барих гэрээг нэн даруй байгуулж, 2017 оноос үйлдвэр бариулах хэрэгтэй байна.
Хоёрдугаарт Казахстан улстай цацраг идэвхт ашигт малтмалын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг даруйхан байгуулж, энэ чиглэлээр идэвхтэй эрчимтэй ажиллаж эхлэх хэрэгтэй байна. Боловсон хүчнээ тэнд бэлдэж болмоор байна. Техник технологийг тэндээс авч болмоор байна. Хөрөнгө оруулалтыг тэднээс болон тэдний хамтрагчдаас авах боломж бас байна.
Эхлээд хүн, мал, байгаль орчинд ямар ч аюулгүй “шар нунтаг” үйлдвэрлээд үзье. Бидний боломжийг (Ураны металлогений мужлалын схемээс харж болно) Төр минь зоригтой шийдээч, түмэн олон минь итгэлтэй дэмжээч гэж ахмад уурхайчин, анхны Ерөнхийлөгч нь уриалж байна.