Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумд амжилттай оролцож байна. Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржханд, Европын сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Тэргүүн ерөнхийлөгч Юрген Ригтеринк нар өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7% бууруулах Парисын гэрээний амлалтын дагуу 1 тэрбум ам.доллар хүртэлх санхүүжилтийг сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины эх үүсвэр, эрчим хүч хадгалах зай хураагуурт олгох, эрчим хүчний эдгээр төслийг хувийн хэвшлээр хийлгэхээр тохиролцож баталгаажуулав. Эхний 500 Мвт-ийн төслийг ирэх 3 жилийн дотор хийж дуусгах, эхний 100 Мвт төслийг 2025 ондоо багтаан эхлүүлэх, төслийн ажлыг бататгахаар ЕСБХБ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч энэ оны төгсгөлд Монголд айлчлахаар боллоо.