Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хятад нүүрсний зах зээлийн гол тоглогч хэвээр байна

Р.Ренчиндулам

АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоныхоо дараа эдийн засгийн бодлогоо тодорхойлохдоо Хятадыг онцолсон. Ингэснээр өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Хятадтай худалдааны дайн хийж байснаа үргэлжлүүлэх нь тодорхой болсон. Нэгэнт бодлого тодорхой болсон учир Хятадын эрх баригчид хариу арга хэмжээ авах нь тодорхой. Тэгвэл эдийн засгийн, тэр дотроос металлургийн нүүрсний зах зээлд Хятад улс ямар байр суурьтай байгааг “Fastmarkets”-ийн шинжээчид тодорхойлжээ. Тэдний онцолсноор металлургийн нүүрсний зах зээлд Хятадын нөлөө, ялангуяа Австралийн зах зээлд голлох цэг хэвээр байх юм байна. Дэлхийн нүүрсний хамгийн том тоглогч болохын хувьд Хятадын эдийн засгийн өсөлт, бууралт олон улсын зах зээлийн үнэд хүчтэй нөлөөлдөг нь хэвээр байх ажээ.

Хятадын зүүн хойд хэсгийн усан гарам, арилжаа худалдаа болон үйлдвэрийн том хот болох Даляны түүхий эдийн биржийн үнийн хэлбэлзэл, макро эдийн засгийн томоохон бодлогын мэдэгдлүүд ч олон улсад нөлөөлсөөр. Хятад улс Австралийн коксжих нүүрсний хоригийг цуцалснаас хойш хамгийн том худалдан авагч болж, спот зах зээлд өөрийн байр сууриа бататгаж чадсан.

Энэтхэг нь далайн тээврээр хамгийн том нүүрс импортлогч хэвээр байгаа ч Хятад улс тэднээс түрүүлж алхаж чадсаар байна. Гэхдээ Энэтхэг улс Австралийн нүүрсний хамгийн том импортлогч хэвээр байгаа юм. Тодруулбал, 2024 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл Австралиас нийлүүлсэн нүүрсний нийт экспортын 29%-ийг тус улс эзэлж байна. Мөн хугацаанд Австралийн экспортод Хятадын эзлэх хувь ердөө 6% буюу 5.62 сая тонн байсан ч коксжих нүүрсний спот зах зээлийн үнийг тогтооход гүйцэтгэх үүрэг нь мэдэгдэхүйц өсчээ. “Fastmarkets”-ийн  шинжээчдийн судалгаагаар Хятад улс 2024 онд дээд зэрэглэлийн коксжих нүүрсний нийт гүйлгээний 45 орчим хувийг эзэлсэн нь 2023 оныхоос 10%-иар өссөн үзүүлэлт юм. Цаашид ч энэ байдал үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд нүүрсний зах зээлийн гол тоглогч хэвээр байх ажээ.