Р.Ренчиндулам
Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын хэлэлцээрийн төслийг эцсийн байдлаар батлах хуулийн төсөл бэлэн болжээ. Тиймээс уг төслийг УИХ-ын холбогдох байнгын хороодтой хэлэлцэхээр боллоо. Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн /2025.01.22/ хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрт эцсийн байдлаар гарын үсэг зурах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д тус хуулийн төслийг хүргүүлэхээр болсон юм.
Тус хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа. Тэрбээр “Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболт эрэмбэлэгдэж байгаа. Цаашлаад Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавчийн төмөр замын боомтуудын хил холболтын асуудал шийдэгдэх нөхцөл бүрдэх юм. Эдгээрийг байгуулахад Засгийн газар хооронд байгуулах үндсэн чиглэлийг УИХ-аар саяхан баталсан. Энэ хүрээнд хэлэлцээрийн эцсийн хэлбэрийг хэлэлцэн баталлаа. Үндсэн чиглэл нь 12 заалттай. Хил холболтоос гадна сэргээгдэх эрчим хүчний экспорт, барилгын салбар болон бусад салбарт хоёр улсын хооронд хийгдэх төслүүдэд гараа болж, экспортоо нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх төсөл хөтөлбөрийн эхлэл болж чадна гэж найдаж байна” гэлээ.
Хэрэв УИХ-ын олонх тус хуулийн төслийг дэмжвэл хоёр улсын Засгийн газар хил холболтын хэлэлцээрт гарын үсэг зурж, төсөл албан ёсоор эхлэх нөхцөл бүрдэх юм.