Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

2025 онд нефтийн үнэ ямар байхыг геополитик  шийднэ

Р.Ренчиндулам

Америкийн хөрөнгө оруулалтын ”Citi” банкны шинжээчид 2025 онд нефтийн үнэ ямар байх талаар таамаг дэвшүүлжээ. “Reuters” агентлагын мэдээлснээр 2025 онд нефтийн үнийн өсөлт бууралт, эрэлт нийлүүлэлтээс илүүтэйгээр геополитикийн нөхцөл байдлаас шалтгаална гэдгийг шинжээчид онцоллоо. Мөн Орос-Украйны дайны өрнөлөөс шалтгаалан 2025 оны эхний улиралд үнэ бага зэрэг өсөх боловч хоёрдугаар хагаст үнэ буурах төлөвтэй байгааг онцлон тэмдэглэжээ.

“Газрын тосны үнийн хэтийн төлөв нь Ираны нөхцөл байдал болон /Оросын Украйнд явуулж байгаа дайнаас шалтгаалж өөрчлөгдөх нь тодорхой байна. Энэ нөхцөл байдалд Трампын засаг захиргааны бодлогоос их зүйл шалтгаална” гэж  ”Citi” банкны шинжээчид онцолжээ.

Тэд  2025 онд” Брент” маркийн газрын тосны баррель нь дунджаар 67 ам. доллар байна гэж оны өмнө таамаглаж байсан юм. Тухайн үеийн таамгаар хоёрдугаар улиралд 68 ам.доллар, гуравдугаар улиралд 63 ам.доллар, дөрөвдүгээр сард 60 ам.доллар болно гэж байв.

Өмнө нь Байдены засаг захиргаа Оросын газрын тос үйлдвэрлэгч хоёр компанид хориг арга хэмжээ тавьсан нь Хятад, Энэтхэгийн томоохон худалдан авагчдыг сандаргаж нэмэлт эх үүсвэр хайхад хүргэсэн билээ.

Харин Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч  болсныхоо дараа газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд үндэсний хэмжээний эрчим хүчний онц байдал зарлаж, АНУ-ыг Парисын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэрээнээс гаргах зэрэг өргөн хүрээтэй төлөвлөгөөгөө танилцуулсан. Удахгүй тэрээр Орос, Украйны төрийн тэргүүнүүдтэй уулзаж геополитикийн шийдлүүд хайх бөгөөд үүний дараа дэлхийн эдийн засаг, тэр дундаа түүхий эдийн үнэ ханшид нөлөөлөх дүр зураг тодорхой болох ажээ.