Р.Ренчиндулам
Хятадын түүхий нефтийн илүүдэл өнгөрсөн арванхоёрдугаар сард бага зэрэг буурсан ч боловсруулах үйлдвэрүүд Оросын хямд ачаа тээврийг ашиглах болсны улмаас 2024 онд өдөрт 1 сая баррелиас давсан байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр дэлхийн түүхий нефтийн хамгийн том импортлогч Хятад улсын нефтийн илүүдэл өнгөрсөн арванхоёрдугаар сард өдөрт 1.77 сая баррель байжээ.
Хятад улс стратегийн болон арилжааны нөөцөд орж байгаа болон гадагш худалдаж буй түүхий нефтийн хэмжээгээ тодорхой мэдээлдэггүй ч зарим тоог энэ салбарын олон улсын шинжээчид мэдээлж байна. Тухайлбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард бэлэн байгаа түүхий нефтийн нийт хэмжээ 15.48 сая баррель болсон бөгөөд үүний 11.27 сая баррель нь импорт, 4.22 сая баррель нь дотоодын үйлдвэрлэлээс бүрдэж байв.
Хятадын нефть боловсруулах үйлдвэрүүд 13.98 сая баррелийн боловсруулалт хийснээр арилжааны болон стратегийн нөөцийн агуулахуудад 1.5 сая баррель газрын тосны илүүдэл гарсан байна. Шинжээчдийн онцолсноор 2024 онд түүхий нефтийн импорт өдөрт 11.04 сая баррель буюу 2023 оныхоос 210 мянга буюу 2.1%-иар буурсан ч дотоодын нефтийн олборлолт 2024 онд 1.8%-иар өсч 4.24 сая баррель болжээ.
Сүүлийн үед газрын тосны үнэ бага багаар өсч байгаа нь илүүдэл гарахгүй байхад эергээр нөлөөлнө гэж үзэх шинжээчид ч байгаа юм. Өнгөрсөн 1-р сарын 15-нд “Брент” маркийн газрын тос баррель нь 82.63 ам.долларт хүрсэн нь долдугаар сарын 9-ний өдрийн арилжааны үнээс 7.4%-иар өссөн үзүүлэлт юм. Хятадын газрын тос боловсруулах үйлдвэрүүд түүхий нефтийн үнэ хэт өндөр, эсвэл өснө гэж тооцож байгаа үедээ импортоо багасгадаг. Үүний эсрэгээр буюу түүхий нефтийн үнийг харьцангуй хямд гэж үзвэл боловсруулах гэж байснаас илүү ихийг худалдаж авах хандлагатай байдаг ажээ.