Улаанбаатар хот. Жил бүрийн 1 дүгээр сарын 26-нд Австралийн үндэсний өдөр тохиодог. Энэ өдрийг бид 65,000 жилийн түүх соёлоо эргэн дурсахын зэрэгцээ улс үндэстэн, ололт амжилтаараа бахархан нийтээрээ тэмдэглэдэг заншилтай.
Үндэсний өдөр нь Австрали иргэн байхын утга учрыг эргэцүүлэн тунгаах, орчин цагийн Австрали Улсын ололт амжилтыг тэмдэглэх, өнгөрсөн түүхээ эргэн дурсах, Абориген болон Торрес Стрейт арлын уугуул ард түмний залгамж холбоо, тэсвэр тэвчээр, түүх соёлыг хүндэтгэхэд оршино. Өнөөгийн Австрали нь 300 гаруй өвөг дээдсээс гаралтай олон үндэстэнтэй улс юм.
“Австралийн үндэсний өдөр нь Австрали хүн байхын утга учир, эрх тэгш зарчим, амьдралын чанар, хүртээмжтэй байдлыг эргэцүүлэх боломжийг бидэнд олгодог. Хүний эрхийг дээдэлдэг ардчилсан, нээлттэй эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нь Австрали, Монгол Улсыг нэгтгэдэг суурь зарчим билээ. Энэ зарчмыг үндэслэн манай хоёр улсын хамтын ажиллагаа боловсрол, эдийн засаг, аюулгүй байдал, иргэд хоорондын харилцаа зэрэг чухал салбаруудад бэхжиж байна” гэж Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит онцоллоо.
2024 он Австрали, Монголын харилцаанд чухал түүхэн жил болж өнгөрөв. Австралийн Парламентын Сенатын Ерөнхийлөгч Сью Лайнс болон парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан явдал нь хоёр орны харилцааг улам бэхжүүлсэн. Австралийн Жендэрийн эрх тэгш байдлын асуудал эрхэлсэн Элчин сайд Стефани Копус Кэмпбэлл Монгол Улсад зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцов. Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Австралийн IMARC олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалтад төлөөлөгчдийн хамт оролцсон юм.
Манай хоёр орны эдийн засгийн харилцаа 2024 онд улам бэхжив. Австрали, Монгол Улс Агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зуран, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэв. Эрчим хүчний салбарт шинэ гэрээ байгуулж, Монголын эдийн засгийн өсөлтөд тууштай хувь нэмэр оруулах Оюу толгой болон уул уурхайн хамтарсан төслүүдэд ахиц дэвшил гарсан жил боллоо.
Австралийн тэтгэлэгт хөтөлбөр хүртэгчдийн тоо 17 болж нэмэгдэв. 8,000 орчим Монгол иргэн Австрали Улсад суралцаж, Австралийн 20 гаруй боловсролын байгууллага манай боловсролын үзэсгэлэнд оролцон, Австралийн дөрвөн их сургууль Монгол Улсад оюутнууд авчирснаар боловсролын салбарын хамтын ажиллагаа улам өргөжсөн юм. Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбар, эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилгоор шинээр хамтын ажиллагааны гэрээнд тус тус гарын үсэг зурснаар хөгжлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлсэн.
Австрали Улс Энэтхэг-Номхон далайн түнш, гуравдагч хөршийн хувьд Монгол Улстай хийх яриа хэлэлцээнд ач холбогдол өгдөг ба өнгөрөгч онд хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, Батлан хамгаалах яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалтыг тус тус амжилттай зохион байгуулснаар стратегийн харилцаа улам өргөжив. Манай хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа зэвсэгт хүчний албан хаагчдыг сургах, харилцан төлөөлөгч солилцох, энхийг сахиулах дадлага сургуульд хамтран оролцох замаар өргөжиж байна.
Энэ онд Австралийн Элчин Сайдын Яамнаас үндэсний өдрийг Улаанбаатар хотноо бизнесийн салбарынхантай болон “Оюу толгой” уурхайд ажилладаг австрали иргэдтэй тэмдэглэн баярын арга хэмжээгээ эхлүүлж байна. Элчин Сайдын Яам 2025 оны 3 дугаар сард энэхүү тэмдэглэлт баярын өдрийг тохиолдуулан Австралийн долоо хоногийг зохион байгуулж, хоёр орны бүхий л салбарыг хамарсан хамтын ажиллагаагаа сурталчлахаар төлөвлөж байна.