Р.Ренчиндулам
Дэлхийн уул уурхайн томоохон компанийн нэг “Rio Tinto” Швейцарын “Glencore” компанитай нэгдэх эсэх асуудал уул уурхайн салбарынхны анхаарлын төвд байна. Өмнө нь буюу 2014 онд энэ яриа хүчээ авч байсан ч олон шалтгааны улмаас энэ асуудал зогссон билээ. Тэгвэл шинэ он гараад энэ яриа дахиад эрчээ авч байна. “OilPrice.com”-д нийтэлснээр энэ талаарх эхний шатны хэлэлцээ эхэлчихсэн байгаа аж. Мэдээж олон тэрбумын хөрөнгийн асуудал яригдаж байгаа болохоор талууд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа юм. Гэхдээ хоёр компани нэгдэх талаарх мэдээллийн дараа "Glencore" компанийн хувьцааны ханш 7.4 хувиар өсөөд байна.
Хэрвээ энэ хоёр компани нэгдвэл ойролцоогоор 150 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй, дэлхийн хамгийн том уул уурхайн компани "мэндлэх" боломж бүрдэх юм. Одоогоор уул уурхайн салбарт тэргүүлэгч “BHP” группийн зах зээлийн үнэлгээ нь 127 тэрбум ам.доллар байгаа билээ.
"Bloomberg”-т бичсэнээр энэ хоёр компанийн нэгдэл амжилттай болбол “Rio Tinto” компани дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох Чилийн Колахуасид хувьцаа эзэмших боломжтой болох ажээ. BHF-ийн хувьцааны шинжээч Максим Когге” Шинжээчид энэ болзошгүй нэгдлийн цаад шалтгааныг ойлгохгүй байгаа. Үнэндээ тэдний хоорондох хөрөнгө оруулалтууд хязгаарлагдмал. Зөвхөн зэс л тэдэнд ашиг авчирч хөрөнгө оруулалтыг нь нэмэх боломжтой” хэмээн ярьжээ.
Сонирхуулахад, “Rio Tinto” эрчим хүчний нүүрснээс татгалзаж, чухал ашигт малтмал олборлолтод анхаарлаа хандуулж байгаа бол “Glencore” орлогынхоо томоохон хэсгийг нүүрсний олборлолтоос олдог юм байна.
Дэлхий дахинаа цахилгаан тээврийн хэрэгслийн батарей болон цэвэр эрчим хүчний шилжилтэд шаардлагатай металлын нийлүүлэлтэд анхаарлаа хандуулж байгаатай холбогдуулан уул уурхайн салбар дахь нэгдэл эрчимжээд буй нь энэ бололтой.
Ерөнхийдөө компаниуд өөрсдийн хөрөнгөө нэгтгэх замаар дэлхийн уул уурхайн салбарт байр сууриа бэхжүүлэхийг хүсч байна. Ялангуяа чухал ашигт малтмалын олборлолтод хийсэн хөрөнгө оруулалт 2022 онд 30 хувиар, 2023 онд 10 хувиар өссөн. Түүнчлэн, литийн эрэлт 2023 онд 30 хувиар өсч, никель, кобальтын эрэлт 8-10 хувиар нэмэгджээ. Чухал ашигт малтмалын эрэлт 2040 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд зах зээлийн үнэ цэн ч мөн хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.