Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

2025 онд нүүрсний үйлдвэрлэл ойролцоогоор 80.5 сая тонн байна

П.Жаргалсүрэн

Хоёр улсын засгийн газрын хамтын ажиллагааны үр дүнд нүүрсний тээвэрлэлтэд тулгараад байсан асуудлуудыг шийдэх ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж эхэлснээр 2025 онд Монгол улсын БНХАУ руу экспортлох нүүрсний дүн хэмжээ 80.5 сая тоннд хүрэх төлөвтэй байна. 

Тээвэрлэлттэй холбоотой хилийн боомт дээр тулгардаг байсан асуудлуудыг хоёр улсын хамтын ажиллагааны үр дүнд шийдэж, тээвэрлэлтийн хилийн хяналтын үйл явцыг хялбарчлан, нүүрс зөөх автомашины замыг нэмж барьснаар БНХАУ руу экспортолсон нүүрсний орлого 2023 онд өнгөрсөн онтой харьцуулахад 40 гаруй хувиар ихэссэн дүнтэй байна. 

2022 оны 12 дугаар сард “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай” хууль батлагдан, биржийн эрхзүйн орчин бүрдсэнээр 2023 оноос эхлэн тус биржээр дамжуулан эрдэс бүтээгдэхүүнийг амжилттай арилжаалж эхэлсэн. 

Энэхүү биржийн үйл ажиллагааг эхлүүлснээр гадаадын худалдан авагчдыг уул уурхайн бүтээгдэхүүнийг шууд худалдан авах боломжийг бүрдүүлсэн юм. 2024 оны 3 дугаар улирлын байдлаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржид бүртгэлтэй 21 компани, 11 уул уурхайн биржийн арилжааны эрхтэй брокерын компаниуд байгаа бөгөөд нийтдээ 19.6 тонн эрдэс бүтээгдэхүүний 450 хэлцлийг амжилттай хийсэн байна. 

Биржийн үйл ажиллагаа амжилттай эхэлснээс хойш эхний 8 сарын турш зөвхөн нүүрс арилжаалагдаж байсан бол одоогийн байдлаар төмрийн хүдэр, төмрийн баяжмал, хайлуур жонш болон зэсийн баяжмалыг арилжаалсан байна. Нийт арилжааны дийлэнх буюу 95.5 хувийг нүүрс, 4.1 хувийг төмрийн баяжмал болон хүдэр, 0.3 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол үлдсэн 0.1 хувийг хайлуур жоншны арилжаа бүрдүүлжээ. 

Уул уурхайн бирж үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр Монгол улс эрдэс баялгийн бүтээгдэхүүнүүдээ зах зээлийн үнээр зарах боломжтой болж эхэлсэн. Биржийн үйл ажиллагаа нь олон улсын зах зээл дээрх бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлтийн циклтэй давхцан өмнө нь нэг тонн зэс 70-90 ам.доллараар зарагддаг байсан бол 160 180 ам.доллар болж өссөн дүнтэй байна. 

Эх сурвалж: Монгол улсын эдийн засгийн 2025 оны төлөв байдлын таамаглалын тайлан