Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМАНД АЖИЛЛАЛАА

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд (АҮЭБЯ) ажиллаж, Аж үйлдвэрийн паркийн бодлогын асуудал, үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.  

Уулзалтын үеэр АҮЭБ-ийн сайд Ц.Туваан төрөөс үйлдвэрлэл, технологийн паркийн (ҮТП) талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийн талаар танилцуулжээ. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх “Эрдэнэс” ҮТП-ийн хэрэгжүүлж буй төрийн өмчит үйлдвэрлэл, технологийн зургаан паркийн танилцуулгыг хийлээ. Мөн хувийн өмчит үйлдвэрлэл, технологийн парк болох Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй “Алтан ширээт” ҮТП, орон нутгийн өмчит үйлдвэрлэл, технологийн парк болох Налайхын барилгын материалын ҮТП-ийн төлөөллүүд өөрсдийн ҮТП-ийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаар танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд үүний долоон төсөл нь АҮЭБЯ-д хамаардаг. 

Засгийн газрын хуралдаанаар хөтөлбөрт тусгагдсан нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, гангийн цогцолбор, зэс боловсруулах цогцолборын байршлыг тогтоож, төслийн ажлыг эрчимжүүлэх албан даалгаврыг гаргасан.

“Улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай” хэмээн байнгын хорооны гишүүд онцолж, цаашдаа харилцан уялдаа холбоогоо сайжруулж, үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг хамтран шийдвэрлэх, нэгдсэн бодлого, удирдлага чиглэлээр хангаж, дэмжиж хамтран ажиллах болно гэсэн юм.