АНУ-ын Уильям ба Мэригийн коллежийн “AidData” мэдээллийн санд Хятад улс дэлхийн гол ашигт малтмалын нийлүүлэлтийг хянахын тулд санхүүгийн янз бүрийн арга хэрэгслийг хэрхэн ашигладгийг харуулжээ. Зэс, кобальт, никель, литий, газрын ховор элемент зэрэг нь цахилгаан тээврийн хэрэгслийн батарей, нарны зай хураагуур зэрэг шинэ технологид зайлшгүй шаардлагатай.
Энэхүү чиглэлээр 2000-2021 онд Хятадын санхүүгийн институтүүд бага, дунд орлоготой 19 улсад 57 орчим тэрбум ам.долларын зээл олгосон гэж тус тайланд дурджээ.
Үүнээс үзвэл Хятад улс их хэмжээний гадаад валютын нөөцөө ашиглаж, байгалийн баялаг ихтэй орнуудын ашигт малтмалын ордод хяналтаа тогтоохоор зорьж буй нь ойлгомжтой юм. Тухайлбал, тус улс Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Перугийн зэс, кобальтад хөрөнгө оруулж, Индонезид никелийн үйлдвэрлэлд томоохон хувь нийлүүлжээ. Үүний зэрэгцээ, Аргентинд литийн олборлолтыг санхүүжүүлсэн байна.
Энэхүү хөрөнгө оруулалтын 75 гаруй хувь нь хамтарсан үйлдвэрүүд байгуулах, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нийлүүлэх замаар хэрэгжиж байгаа аж. Ингэснээр тухайн нөөцийг олборлох, боловсруулахад Хятадын компаниуд хүчтэй хяналт тавих боломжтой гэсэн үг.
Хятад улс эрдэс баялгийн салбарт оруулж буй санхүүжилт болон "Бүс ба Зам” санаачилгын хоорондох гол ялгааг дээрх тайланд мөн онцолжээ.
Ашигт малтмалын салбарт оруулж буй санхүүжилт “Бүс ба Зам” санаачилгаас ялгаатай нь илүү өргөн хүрээний зээлдүүлэгчдийг хамруулдагт оршино. Үүнд, Хятадын Industrial and Commercial Bank, Bank of China болон Citic зэрэг төрийн өмчит банкнууд орох юм.
Эх сурвалж: mining.com