Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс ашигт малтмалын экспортоо хязгаарлаж эхэллээ

Ч.Сансар

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятад улсын импортод ногдуулсан 10%-ийн нэмэлт татвар хүчин төгөлдөр болсноос хойш хэдхэн минутын дараа Хятад улс батлан ​​хамгаалах, цэвэр эрчим хүч болон бусад салбарт ашигладаг таван металлын экспортыг хориглосноо зарлалаа.

Гянт болд, индий зэрэг металлын экспортыг хязгаарлах шийдвэр нь Хятад улс критикал минералын салбар дахь ноёрхлоо ашиглан бусад орнуудад шахалт үзүүлэх гэсэн оролдлого юм.

Экспортын хязгаарлалт аажмаар нэмэгдэж байгаагийн улмаас барууны компаниуд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг шинээр зохион байгуулахад хүргэж байна.

Бээжингээс 2023 оноос хойш экспортыг хязгаарласан ашигт малтмалын жагсаалтыг танилцуулъя:

Лити, галли боловсруулах технологи: Хятад улс батарейны эд анги үйлдвэрлэх, лити, галли зэрэг чухал ашигт малтмалыг боловсруулах зарим технологийн экспортыг хязгаарлахыг санал болгов. Уг хязгаарлалт нь хэзээ хүчин төгөлдөр болох нь тодорхой бус байна.

Сурьма, галли, герман: Вашингтон Хятадад үйлдвэрлэдэг компьютерын чипийн эсрэг арга хэмжээ авсны хариуд Бээжин эдгээр критикал минералыг АНУ руу экспортлохыг хориглов. Хятад улс сурьма, галли, герман зэрэг металлын салбарт ноёрхдог бөгөөд дэлхийн нийт нийлүүлэлтийн 50-90%-ийг олборлож, боловсруулдаг.

Соронз үйлдвэрлэх технологи: 2023 оны 12 дугаар сард Хятад улс газрын ховор элементээр соронз үйлдвэрлэх технологийг экспортлохыг хориглосон. Өмнө нь газрын ховор элементийг олборлох, цэвэршүүлэх технологийг хориг үйлчилж байсан. Эдгээр элемент дэлхийд түгээмэл байдаг ч Хятад улс техникийн хувьд нарийн төвөгтэй, байгаль орчинд хор хөнөөлтэй цэвэршүүлэх технологи эзэмшдэг. Хятадад дэлхийд нийт олборлосон газрын ховор элементийн бараг 90%-ийг боловсруулдаг.

Бал чулуу: 2023 оны 10 дугаар сард Хятад улс үндэсний аюулгүй байдлын хүрээнд бал чулууны зарим бүтээгдэхүүнийг экспортлоход зөвшөөрөл авах шаардлагатай болно гэж мэдэгдсэн. Хятад бол дэлхийн бал чулууны хамгийн том үйлдвэрлэгч болон экспортлогч орон. Мөн дэлхийн бал чулууны 90 гаруй хувийг боловсруулж, дэлхийн бараг бүх цахилгаан автомашины батарейнд ашигладаг материал болгодог.

Эх сурвалж: www.reuters.com