Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросууд хадгаламжаа хамгаалах зорилгоор алтыг ихээр худалдан авч байна

Т.Бямбанаран

Өнгөрсөн онд Оросууд урьд өмнө байгаагүй их хэмжээгээр алт худалдан авч, улсынхаа жилийн олборлолтын дөрөвний нэгтэй тэнцэх алт эзэмшсэн байна. Энэ нь ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний үед хадгаламжаа хамгаалах оролдлогын нэг хэсэг байв.

“Дэлхийн алтны зөвлөл”-ийн Лхагва гарагт нийтэлсэн мэдээллээр 2024 онд тус улсын хэрэглэгчид нийт 75.6 тонн буюу 2.7 сая унц цул алт, зоос болон үнэт эдлэл худалдаж авсан нь дэлхийд тавдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт байлаа. Ингэснээр өмнөх оныхоос 6%-иар, Орос-Украины дайнаас хойш бараг 60%-иар өссөн гэсэн үг.

Тус улс дэлхийн хоёр дахь том алт олборлогч гэдгийг дурдах нь зүйтэй. Үүнээс гадна, жилд 300 гаруй тонн үнэт металл олборлодог. Гэвч Украинд халдсанаас хойш Оросын алт Барууны зах зээлээс шахагдаж, Лондон, Нью-Йорк зэрэг арилжааны төвүүд рүү хийх нийлүүлэлт бараг зогссон гэхэд хилсдэхгүй. Оросын Төв банк хүртэл алтыг их хэмжээгээр худалдаж авалгүй удаж байна.

Орос-Украины дайны дараагаар Оросууд доллар болон еврод хөрөнгө оруулахаас татгалзаж, хадгаламжаа хамгаалах өөр арга зам хайж эхэлснээр жижиглэнгийн алтны эрэлт өсөхөд хүргэсэн юм. Барууны хориг арга хэмжээний улмаас хил дамнасан төлбөр тооцоо хүндэрч, зарим гадаад валютын хомсдол үүссэн бөгөөд рублийн ханш түүхэн доод түвшинд хүрснийг бид мэднэ.

Орос улс алтны жижиглэн худалдааг дэмжих зорилгоор Украины халдлагын дараахан 10 гаруй жилийн турш яригдаж байсан нэмэгдсэн өртгийн албан татварыг цуцалсан юм.

Эх сурвалж: www.mining.com