Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Цэвэр эрчим хүчний үнэ энэ онд үргэлжлэн буурна

Ч.Сансар

Ногоон эрчим хүчний импортод татвар ногдуулах замаар дэлхийд үндэсний зах зээлээ хамгаалах (протекционизм) хандлага улам газар авч байгаа ч салхи, нарны эрчим хүч, батарей хуримтлуурын станц зэрэг цэвэр эрчим хүчний технологийн өртөг энэ онд үргэлжлэн буурах төлөвтэй байна гэж BloombergNEF судалгааны байгууллага пүрэв гарагт мэдээллээ.

Дэлхийн бараг бүх улс оронд шинэ салхин болон нарны станцууд нүүрс эсвэл хийгээр ажилладаг шинэ станцуудаас илүү хямд эрчим хүч үйлдвэрлэж байна. Сэргээгдэх эрчим хүч хямдарч байгаа нь улс орнуудад чулуужсан түлшнээс татгалзаж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх боломж олгож байгаа юм.

Өнгөрсөн онд Хятад цэвэр технологи бүхий бүтээгдэхүүн их хэмжээгээр үйлдвэрлэсний үр дүнд сэргээгдэх эрчим хүчний зардал буурсан. АНУ, Европт дотоод зах зээлээ хамгаалахын тулд Хятадын нарны цахилгаан станцын эд анги, цахилгаан автомашин зэрэг бүтээгдэхүүний импортод татвар ногдуулсан.

Хятад улс нэг мегаватт/цаг цахилгааныг бусад орнуудаас 11-64%-иар хямд үйлдвэрлэж чадна гэж тайланд дурджээ.

Цэвэр эрчим хүчний технологийн өртөг 2025 онд цаашид 2-11%-иар буурах төлөвтэй байна. Хэдийгээр худалдааны хоригууд  энэхүү хандлагыг сааруулж болох ч 2035 он гэхэд цэвэр технологиор үйлдвэрлэсэн цахилгааны үнэ 22-49%-иар буурна гэж BNEF тооцоолж байна.

"Хятад улс цэвэр эрчим хүчний технологийг маш хямд экспортолж байгаа тул дэлхийн бусад улс орнууд өөрсдийн зах зээлээ хамгаалах үүднээс худалдааны хориг хязгаарлалт тавих бодолтой байна. Гэхдээ зардал буурах ерөнхий чиг хандлага нь маш хүчтэй байгаа тул хэн ч, тэр байтугай ерөнхийлөгч Трамп ч үүнийг зогсоож чадахгүй," гэж BNEF-ийн Эрчим хүчний эдийн засгийн хэлтсийн дарга Маттиас Киммел хэлэв.

Эх сурвалж: www.reuters.com