Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Г.ЭРДЭНЭТУЯА: МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН САЛБАРТ ТУУТ СТАНДАРТ НЭВТЭРСНЭЭР ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХҮРЭХ ТОМ АЛХАМ БОЛНО

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацын хэрэгжүүлж буй Тогтвортой уул уурхайн төлөө (ТУУТ) стандартын талаар Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагаас тодрууллаа.

МУУҮА-ийн гишүүн байгууллагууд Хариуцлагатай уул уурхайн Кодекс (ХУУК)- ийг хэрэгжүүлэн ажилладаг. Тогтвортой уул уурхайн төлөө (ТУУТ) стандарт нь кодексоос юугаараа ялгаатай вэ?

Хариуцлагатай уул уурхайн кодекс нь Монгол Улсын хариуцлагатай уул уурхайн суурь зарчим, хууль дүрмийг хэрэгжүүлэхэд чиглэсэн, ТУУТ-д тулгуурлан боловсруулсан сайн дурын стандарт юм. Харин ТУУТ нь хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлтийг илүү нарийвчилсан, олон улсын түвшний үзүүлэлтүүдийг тусгасан ч дотоодын компаниудад бүрэн нээлттэй, хэрэгжүүлэх боломжтой стандарт. ТУУТ стандарт нь уул уурхайн компанийн гүйцэтгэлийг байгаль орчин, орон нутаг, нийгмийн хөгжил, компанийн засаглалын хүрээнд тодорхой, үнэлэхүйц шалгууртайгаар дүгнэдэг.

Уг стандартыг хэрэгжүүлэх процессыг товч тайлбарлавал компани нь:

ТУУТ-ын 9 протоколын 34 шалгуур үзүүлэлтийн дагуу өөрийн үнэлгээг жилд 1 удаа хийнэ.

3 жил тутам хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ.

Уул уурхайн салбарын оролцогч талуудын төлөөллөөс бүрдсэн бие даасан олон талт зөвлөл нь ТУУТ-ын хэрэгжилт болон хөндлөнгийн үнэлгээний тайланг хянан ажиллана.

ТУУТ-ын 9 протокол нь:

1. Нутгийн уугуул иргэд болон орон нутгийн харилцаа

2. Аюулгүй, эрүүл, нэр хүндтэй ажлын байр

3. Тэгш боломж, олон талт, хүртээмжтэй ажлын байр

4. Эрсдэлийн менежмент болон мэдээлэл харилцааны төлөвлөгөө

5. Хүүхдийн болон албадан хөдөлмөр эрхлэхээс сэргийлэх

6. Биологийн олон янз байдлын менежмент,

7. Хаягдлын далангийн менежмент,

8. Усны менежмент,

9. Уур амьсгалын өөрчлөлтийн менежмент 

Эдгээр протоколуудын ихэнх нь манай компаниудын хувьд хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн зайлшгүй хийгддэг ажлууд байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн менежмент зэрэг шинэ тутам гарч буй зарим нэг асуудлаас бусад нь бидний сүүлийн 20 жилийн турш сайжруулж ирсэн үйл ажиллагаанууд учир хэрэгжилтэд хүндрэл үүсэхгүй гэж харж байна.

ТУУТ стандартыг хэрэгжүүлснээр уул уурхайн компаниуд ямар бодит ашиг тусыг хүртэх вэ?

Олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, зах зээлд нэр хүндээ өсгөх, санхүүгийн дэмжлэг авах зэрэг томоохон боломжууд нээгдэнэ. Дэлхийн уул уурхайн компаниудын дунд нэр хүндтэй стандартуудын нэг болох ТУУТ нь тухайн төслийн гүйцэтгэл бус, компанийн үйл ажиллагааны бүх түвшинд хяналт тавьж, байгаль орчны менежмент, орон нутаг, нийгмийн харилцааг сайжруулахыг шаарддаг.

Жишээлбэл, манай гишүүн "Mongolian Mining Corporation" (ММС) ТУУТ стандартыг хэрэгжүүлж эхэлснээр 2023 онд өөрийн үнэлгээг амжилттай дуусгаж, аюулгүй ажиллагаа болон биологийн олон янз байдлын үнэлгээгээр дээд түвшний буюу АА+ үнэлгээг авсан нь ТУУТ-ын бодит үр дүнг илэрхийлэхээс гадна Монголын уул уурхайн компаниуд бүрэн хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлж байна.

ТУУТ стандартын хэрэгжилтийг хөндлөнгийн үнэлгээчид үнэлж, олон талт зөвлөл хянадаг нь эрх ашиг хөндөгдсөн оролцогч талуудын үүрэг оролцоог тэгш хангаж, олон талт харилцааг чухалчилсны үр дүнд салбарын үйл ажиллагаа тогтвортой байхад хувь нэмэр оруулж байна. Энэ нь хуулиар зохицуулах боломжгүй харилцааны асуудлыг дараагийн түвшинд гаргах боломжийг оролцогч талуудад өгч байгаагаараа давуу талтай.

Мөн олон улсад эрдэс баялгийн салбарт тэргүүлэгч орнуудын хэрэгжүүлж байгаа хариуцлагатай уул уурхайн стандартыг хожуу гараанаас гарсан манай улсын компаниуд богино хугацаанд үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хэрэгжилтийг хангаж чадаж байна гэдэг нь чамлахааргүй амжилт гэж үзэж болно.

Цаашид салбарын хэмжээнд уг стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж хэрэгжилтийг хангаж, жил ирэх тутам биелэлтийн түвшин дээшилж байж салбарын хөгжлийн хурд, үр өгөөж тогтвортой байх нөхцөл бүрдэх юм.

Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)- ын шалгуур үзүүлэлтүүд ТУУТ стандарттай хэрхэн уялдах вэ?

ТУУТ стандартын нэг онцлох үзүүлэлт бол байгаль орчны нөлөөллийн менежмент юм. БОНЗ-ын шалгуур үзүүлэлтүүд ТУУТ-д багтаж, харилцан уялдаатай байдлаар компанийн гүйцэтгэлийг илүү нарийвчлан үнэлдэг.

Тухайлбал, ТУУТ нь усны нөөцийн зохистой менежмент, хаягдлын далангийн менежмент, агаарын бохирдлыг бууруулах, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, байгаль орчны хамгааллыг сайжруулах арга хэмжээг үнэлдэг. Иймд ТУУТ стандартыг хэрэгжүүлэгч компаниуд үйл ажиллагааныхаа байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, илүү тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах замаар БОНЗ- ын үнэлгээ болон тогтвортой байдлын тайланд шаардлагатай мэдээллээ давхар гapгax боломжтой. 

Олон улсын хариуцлагатай уул уурхайн нэгдсэн стандарт боловсруулах үйл явцын талаар мэдээлэл өгнө үү?

Энэхүү нэгдсэн стандартыг боловсруулахдаа (The Consolidated Mining Standards Initiative) Зэс тэмдэг (The Copper Mark), Канадын Уул Уурхайн Ассоциацийн Тогтвортой уул уурхайн төлөө стандарт, Дэлхийн Алтны Зөвлөлийн хариуцлагатай уул уурхайн зарчмууд, Олон Улсын Уул Уурхайн Зөвлөлийн (ІСММ) уурхайн зарчмууд стандартуудыг нэгтгэн хамгийн өргөн хүрээтэй, хамгийн олон шалгуур үзүүлэлттэй байхыг зорьж байна.

Олон улсын нэгдсэн стандартыг боловсруулах явцад уул уурхайн салбарын гол оролцогч талууд болох компаниуд, төрийн байгууллагууд, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын санал бодлыг тусгах зорилгоор өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулж буй бөгөөд нэгдсэн стандартыг 2025 онд эцэслэн гаргахаар ажиллаж байна.

ТУУТ стандарт Монголын уул уурхайн салбарын ирээдүйг хэрхэн тодорхойлох вэ?

Монголын уул уурхайн салбарт ТУУТ стандартыг нэвтрүүлж буй нь олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ил тод нээлттэй, хариуцлагатай, тогтвортой хөгжлийг баталгаажуулах чухал алхам юм. Энэ нь зөвхөн Монголын төдийгүй олон улсын жишигт хүрэх чухал хөшүүрэг болно гэж найдаж байна.