Р.Ренчиндулам
Монгол Улсад одоогоор хайгуул хийж, олборлолтод бэлдсэн ураны 13 орд бий. Эдгээр ордын 40 орчим хувьд газар дор уусган баяжуулах аргаар олборлолт явуулах боломжтой ажээ. Энэ хэрээр ураныг газар дор уусган баяжуулах аргын технологи Монгол Усад чухал байгаа юм. Газар дор уусган баяжуулах арга ашиглах нь хямд төсрийн дээр ураны хүдрийн 70-90 хувийг ялгаж авах боломжтой гэдгээрээ давуу талтай.
ШУА-иас “Ураны уусган баяжуулах технологийн эргэн тойронд” хэлэлцүүлгийг өчигдөр /2025.02.12/ зохион байгуулж, тус технологийн хүрээнд хийсэн судалгааг холбогдох эрдэмтэд танилцууллаа.
Дэлхийд нийт ураны 60 гаруй хувийг энэ аргаар олборлож байна
Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын зөвлөх геологич, доктор Г.Жамсрандорж улсын хэмжээнд байгаа ураны орд, нөөцийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Өсгөж болох үнэлгээгээр Монгол Улс 1.4 сая тонн ураны баялагтай. Ураны нөөцийг олборлоход орчин үед өртөг өндөртэй уулын ажил хийх эсэхээс хамаарч ил ба далд малталтын аргаар болон газар дор уусган олборлох гэсэн аргыг ашиглаж байна. Элсэн чулуутай ураны ордыг уулын нэвтрэлт хийлгүйгээр хямд төсөр аргаар олборлож байгаа. Дэлхийд нийт ураны 60 гаруй хувийг энэ аргаар олборлож байна” гэлээ.
Тэртээ 1948 оноос Монгол Улс ураны судалгааг явуулж эхэлжээ. Судалгааны үр дүнд 19 цацраг идэвхжилийн бүсийг тодорхойлсон байна. Ингээд 1992 онд ЗХУ-тай хамтран Мардайн голын ордод ураны олборлолт явуулж эхэлжээ. Гэвч 1998 онд дэлхийн зах зээлд ураны үнэ унасан тул уурхайн үйлдвэрлэл зогсож, Мардайн тосгоныг Монголын талд хүлээлгэн өгснөөр энэ салбарын үйл ажиллагаа зогссон гэж хэлж болно. Үйл ажиллагаа явуулсан цаг хугацаанд тус ордоос нийт 535 тонн ураны хүдрийг зөөвөрлөж, нийт нэг сая 400 мянган шилжих рублийг Сангийн яаманд тушааж байсан болохыг тэрбээр илтгэлдээ дурдсан юм.
Карбонатын эрдсийн агуулга 2%-иас бага бол хүчил, их бол шүлтийг сонгоно
Хэдийгээр газар дор уусган баяжуулах нь эдийн засаг хийгээд бусад олон талаар давуу талтай ч энэ аргыг ашиглах эсэх нь газрын бүтцээс шалтгаалдаг аж. Энэ талаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан тайлбарлахдаа “Ураны хүдрийн биетийн байршлаас шалтгаалаад ил, далд, газар дор уусган баяжуулах гэсэн гурван янзаар олборлолт явуулдаг. Газар дор уусган баяжуулснаар хөрөнгө оруулалт, зардал бага ордог, байгаль орчинд үзүүлэх бохирдол, хог хаягдал, тоосжилт бага зэрэг давуу талтай. Мөн усны зарцуулалт маш бага, ураныг ялгаж авах чадвар өндөр, ядмаг хүдрээс ч олборлох боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ аргаар хүдрээс ураны 70-90 хувийг нь ялгаж авах боломжтой. Харин зардлын ихэнх хувийг химийн урвалж бодис эзэлдэг нь сул тал болдог. Мөн хүдрийн биет агуулж буй чулуулагт өөрчлөлт ордог, газрын доорх усыг буцааж байгалийн түвшинд нь хүргэх боломжгүй зэрэг нь сул тал” гэлээ.
Товчхондоо газар дор уусган баяжуулах аргыг сонгоход хэд хэдэн зүйлсийг харгалзан үздэг юм байна. Тухайлбал, тухайн ураны хүдэр нь элсэрхэг, усаар ханасан давхаргад байршсан байх, уусах чадвар өндөртэй байх шаардлагатай аж. Үүний дараа хүчлийн эсвэл шүлтийн гэсэн хоёр төрлийн бодисоос сонгон ашиглана. Үүнийг сонгоход давхаргын чулуулгийн байдал нөлөөлөх бөгөөд карбонатын эрдсийн агуулга 2%-иас бага бол хүчил, их бол шүлтийг сонгон ураны хүдэр байгаа газрын гүн рүү шахдаг юм.
Ингэхдээ 5-20 граммын сулруулсан хүхрийн хүчлийн уусмалыг газрын гүн рүү хоолойгоор дамжуулан шахна. Дараа нь ууссан ураныг газрын гадарга руу татаж гаргаад уурхайн боловсруулах үйлдвэрлэл рүү шилжсэний дараа ураныг уусмалаас салгах, шүүх, тунадасжуулах, хатаах, шар нунтаг болгох зэрэг процессууд үргэлжилдэг юм.
Боловсруулах үйлдвэрт өрнөх дээрх процессын зарим хэсэгт ч хүхрийн хүчлийг ашиглах юм. Шар нунтгийн тухайд байгальд байгаа урантай адил буюу 25-40 мянган БК/г цацраг ялгаруулдаг нь зарим иргэдийн төсөөлдгөөс хор уршиг багатай. Байгальд байхдаа ямар хэмжээний цацраг ялгаруулж байсан яг л тэр хэмжээнд байдаг юм. Монгол Улсын хувьд Зөөвч-Овоо ураны ордод газар доор уусган баяжуулах аргыг ашиглах бөгөөд эндээс гаргаж авсан шар нунтгийг экспортлох юм. Харин түүнээс цааших процесс буюу шар нунтгийн тээвэрлэлт, боловсруулалт зэргийг хөрөнгө оруулагч тал хариуцах юм.
Туршилтын олборлолтын дараа Зөөвч-Овоо уурхайн ус, хөрс өөрчлөлтгүй гарчээ
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч-Овоо ордод уран олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн туршилтыг 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 12 дугаар сард явуулсан. Үүнтэй холбоотойгоор газрын доорх усны чанарт судалгаа явуулжээ. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн Б.Одсүрэн судалгааны дүнг танилцуулахдаа “50 км-ийн радиус доторх талбайг хамруулсан. Судалгаанд Зөөвч-Овоо ордын хоёр цооног, малчдын бага гүнтэй 18 гар худаг багтсан. Үүний хоёр нь Зөөвч-Овоо ордын лицензийн талбайд хамрагдаж байсан бол бусад нь Сайншанд, Улаанбадрах суманд харьяалагдаж байсан. Лицензийн талбайтай хамгийн ойр худаг нь 5.6 км, хамгийн хол нь 48.2 км, 2-12 метр гүнтэй худгууд байсан. Тус хэсгүүдээс 2021, 2023, 2024 онд дээж авсан. Олборлолт явуулах давхаргын ус нь 130-170 метрийн гүнд байрлаж байгаа. Энэ түвшний ус дээрх он жилүүдэд явуулсан судалгаагаар өөрчлөлттэй буюу 2.6-8 ph, түүнээс дээших болон дооших давхаргын ус өөрчлөлтгүй гарсан” гэлээ.
Мөн Зөөвч-Овоо ордын хөрсний чанарт судалгаа явуулжээ. Энэ судалгааг ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн хөрсний лабораторийн эрхлэгч, доктор Х.Золжаргал танилцуулахдаа “2021, 2023, 2024 онуудад судалгаа явуулсан. Эдгээр гурван оны дунджаар хөрсний онцгой хорт металлын хэмжээ стандартаас даваагүй буюу бохирдолгүй гэж гарсан” гэв.
Ураныг сүүлийн 60 жилийн туршид цөмийн цахилгаан станцын түлш болгон ашиглаж байна
Уран нь дэлхий дээрх хамгийн хүнд элементүүдийн нэг бөгөөд сүүлийн 60 жилийн туршид цөмийн цахилгаан станцын түлш болгон ашиглаж байгаа. Ингэхдээ уран нь олон шат дамжлага дамждаг. Тэр бүхнийг МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч доктор А.Цэндсүрэн танилцууллаа.
Товчхондоо дараах үе шатуудыг дамжиж эрчим хүч болно;
-Ураны хүдэр олборлож, шар нунтаг үйлдвэрлэх
-Олборлосон шар нунтгийг баяжуулахад тохиромжтой хэлбэрт хувиргах /хий/
-Үүний дараа байгалийн уран дахь U235-ын агууламжийг баяжуулах
-Баяжуулсан ураныг цөмийн түлш болгон үйлдвэрлэнэ
-Үйлдвэрлэсэн түлшийг Цөмийн цахилгаан станцад хүргэснээр цахилгаан эрчим хүч болгон хэрэглэгчдэд очно.
Харин энэ үйл явцын зөвхөн шар нунтаг гаргах аргыг дурдахад нэлээд урт процесс хөвөрнө. Тухайлбал, олборлосон ураны хүдрийг буталж нунтаглаад хүхрийн хүчилд уусгана. Улмаар үүнээс бий болсон хүдрийн холимгийг хатуу, шингэнээр нь салгаж ураны уусмалыг нь ялгаж авна. Үүний дараа уусмал дахь уранаас бусад металлыг ялгаж цэвэршүүлээд концентрацийг нь нэмэгдүүлнэ. Энэ бүхний дараа химийн аргаар уусмалыг тунадасжуулж, хатааснаар бид бүхний мэдэх шар нунтгийг гаргаж авдаг ажээ.
Сонирхуулахад, энэ шар нунтгийг 200 литрийн багтаамжтай поошигт хийж савладаг юм байна. Энэ шар нунтгийг цөмийн түлш болгон хувиргадаг 6 улс байдгийн нэг нь Франц улс юм.