Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОДЫН ТӨМӨР ЗАМЫН ЧИМЭЭ БУЮУ УРД ХӨРШТЭЙГӨӨ САНАЛ НЭГДЭХ ӨДРҮҮД


А.Халиун

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах төслийг Засгийн газрын 1 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцээд, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

Хэлэлцээр нь хоёр талд урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах Нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм.

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлсэн билээ. Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ- ын хоорондын хэлэлцээр өнгөрсөн 11 дүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урд хөршид айлчлах үеэр Шанхай хотноо батлагдсан бөгөөд хэлэлцээрт тусгасан ажлууд хэрэгжих шат руугаа орж буй юм.

Гашуунсухайт, Ганцмод төмөр замын хил холболтын Ажлын хэсгийг Монголын талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ахалж байна. Хятадын талд мөн Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд хоёр талын Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 60 удаа уулзалт зохион байгуулж, шат ахисаар бодит ажил ундрахад ийнхүү ойрхон иржээ.

16 жил гацсан энэ төслийн алдагдсан боломжийн өртгийг манайх ч, урд хөрш ч тооцоолжээ. Хэрвээ, төмөр зам 2015 онд ашиглалтад орсон бол түүгээр 232 сая тонн нүүрс тээвэрлэн экспортолж, 18.5 тэрбум доллар буюу 63.8 их наяд төгрөг олох боломжтой байсан гэсэн тооцооллыг АҮЭБЯ- наас гаргасан.

Хятадын талын тооцоолж буйгаар нийт 14 тэрбум юанийн алдагдал хүлээгээд байгаа аж. Үүний 7.2 тэрбум юань нь Гашуунсухайт боомт руу тавьсан 300 км төмөр замын зардал болон энэ замыг 10 жил ашиглалгүй орхисонтой холбоотой гарах үр дүнгүй зардал 2.7 тэрбум юаниар хэмжигдэнэ. Харин одоо уг боомтын терминалыг өргөтгөх, Монголын хил рүү нарийн царигийн төмөр зам оруулж ирэхэд нэмэлт 4 тэрбум юань шаардлагатай хэмээн учирлаж буй аж.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨРТГИЙГ 5.8 ЖИЛД НӨХНӨ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ хоорондын хэлэлцээрийн хүрээнд ямар ажлууд өрнөх вэ?

Энэ нь ганц төмөр замын хил холболт барих, угсрах ажил биш. Төмөр зам холбох гэрээнээс гадна Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээр хийх гэсэн 3 цогц асуудлыг шийдвэрлэснээр хилийн хоёр талд "шороонд дарагдсан" төмөр зам амь орж, асуудал гацаанаас бүрэн гарах юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, 1 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар Төмөр замын гэрээний 99%, Нүүрс худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийн 80%-ийн тохиролцоонд хүрчээ. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил хэлэлцээрийн шатанд яваа бөгөөд хоёр тал ажиллаж байна хэмээн мэдэгдсэн.

Нэршилтэй холбоотой асуудал буйг энд тодруулъя. Гашуунсухайт-Ганцмодын төмөр замыг холбох гэсэн нэршлээр хэлэлцээрт тусгасан ч яг үнэндээ холбох боломжгүйг талууд сайн мэднэ. Холбоно гэхээр хоёр улсын талаас ирэх төмөр зам урд урдаасаа нийлнэ гэсэн үг. Тийм биш. Хилийн боомтын цаана 300 метрт Хятадын нарийн царигийн төмөр зам, хилийн боомтоос 10 км-ийн наана Монголоос өргөн царигийн төмөр зам бий.

Энэ хоёр зам залгагдах боломжгүй бөгөөд нарийн, өргөн царигтай хос төмөр зам бүхий 1.4 км урт гүүрэн байгууламж барих аж. Энэхүү байгууламжаар хоёр талын төмөр зам тодорхой зайнд өөр өөрийн царигаар хил нэвтэрч, терминалаар ачааг шилжүүлэн ачиж, буулгах юм.

"Гүүрийн өндөр 28 метр, газар доорх суурь нь 50-60 метр байна. Манайд ийм хэмжээний томоохон байгууламж барьсан туршлага байхгүй. Тиймээс энэ гүүрэн байгууламжийг хоёр тал хамтарч, нэг компаниар бариулахаар тохирсон.

Хоёр улс өөр өөрийн хил доторх төмөр замын байгууламж барих өртгийг хариуцна. Монголын талд байгуулахыг бид өөрсдийн зардлаар барина.

Гашуунсухайт-Ганцмодын боомтын хил холболтын гүүрэн байгууламжийг 979 тэрбум төгрөгөөр барих ТЭЗҮ бэлэн болсон. Энэ зардлыг "Эрдэнэс Тавантолгой" ХК гаргах бөгөөд нарийн, өргөн царигийн гүүр, далангийн газар шорооны ажил, нарийн царигийн өртөө, хөдлөх бүрэлдэхүүн гэх мэт 6 багц ажлыг хийхээр төлөвлөжээ. 2025-2027 онд барилга угсралтын ажлыг эхэлж, 2027 онд ашиглалтад оруулж, нүүрс болон бусад барааг тээвэрлэх эхлэхээр төлөвлөжээ. Энэхүү бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын өртгийг 5.8 жилд нөхөхөөр тооцоолжээ.