Т.Бямбанаран
"Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.02.13/ боллоо. Тус хэлэлцүүлгийг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайдын яам, Монголын геологийн үндэсний төв хамтран зохион байгуулсан юм.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр Монгол Улс болон Их Британийн геологийн албадын хийж буй судалгааны ажлыг танилцуулж, эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд геологийн судалгааны гүйцэтгэх үүргийн талаар ярилцсанаараа онцлог байлаа.
Монгол Улс чухал элементийн нөөц арвинтай тул дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой
Британийн Геологийн Судалгааны Албаны (BGS) эдийн засгийн геологич Эймир Деди “Критикал минерал ба Дэлхийн чиг хандлага” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ. Тэрээр яриандаа критикал минерал буюу чухал ашигт малтмал нь ногоон эрчим хүчний шилжилтэд голлох үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв. Мөн илтгэлдээ сэргээгдэх эрчим хүчний технологиуд, тухайлбал салхин сэнс, цахилгаан тээврийн хэрэгсэл болон нарны хавтан үйлдвэрлэхэд олон төрлийн чухал металл шаардлагатай болохыг дурдлаа.
Түүнчлэн Британийн Геологийн Судалгааны Алба нь дэлхийд энэ чиглэлийн судалгаагаар тэргүүлэгч байгууллага бөгөөд засгийн газрууд болон олон нийтийн шийдвэр гаргалтад дэмжлэг болох зорилгоор геологи, хайгуул судалгааны талын мэдлэг мэдээллээр ханган ажилладаг ажээ. Тэд 2025 оны 5 дугаар сараас 2027 оны 4 дүгээр сарын хооронд “EGRET” гэх судалгааны төсөл хэрэгжүүлэх юм байна. Үүнээс гадна, “Дэлхийн эрдсийн бүтээгдэхүүн” нэртэй судалгааны бүтээлийг 2008-2012, 2016-2020, мөн 2018-2022 оны байдлаар тус тус гаргажээ.
Хатагтай Эймир Деди хэлэхдээ, “Их Британи улс ойролцоогоор 33 чухал түүхий эдийн нөөцтэй бөгөөд үүнд хөнгөн цагаан, кобальт, литий, газрын ховор элемент, мөнгө, никель багтдаг. Эдгээр нь батарей, нарны хавтан, цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг цэвэр эрчим хүчний технологиудад зайлшгүй шаардлагатай байдаг. Дэлхий даяар чухал минералын эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа нь ногоон эрчим хүчний технологид шилжих шаардлага үүсч буйтай холбоотой юм. Эдгээр түүхий эдийг олборлохдоо байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэх нь зүйтэй. Монгол Улсын хувьд эдгээр чухал элементийн нөөц арвинтай тул дэлхий дахины нийлүүлэлтийн сүлжээнд өрсөлдөх бүрэн боломж бий. Гэсэн хэдий ч уурхайн дэд бүтэц, боловсруулалтын хүчин чадал болон техник, технологи зэрэг сорилтуудаа шийдвэрлэх шаардлага тулгараад байна. Гагцхүү ингэж чадвал өөрсдийн байгалийн баялгаа бүрэн ашиглах боломжтой” гэсэн юм.
Уул уурхайн салбарын суурь болсон геологийн салбарыг эрчимжүүлэх хэрэгтэй байна
Хөрөнгө оруулалтыг хэрхэн сайжруулах талаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагаас тодрууллаа.
-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татахад юу дутагддаг вэ?
-Манайд улс төрийн тогтвортой байдал дутагдалтай байгаа. Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт нь манай улсад орж ирж буй нийт хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг эзэлдэг. Цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдаа тогтвортой байлгах нь чухал байна.
-Их Британийн геологийн албатай хамтран ямар ажил хэрэгжүүлж байна вэ?
-Өндөөрийн хэлэлцүүлгийг Их Британийн Геологийн алба хамтран зохион байгуулж байгаа. Уул уурхайн салбарын суурь болсон геологийн салбарыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Тэр дундаа хэрэглээ нь өсөн нэмэгдэж байгаа чухал ашигт малтмалын салбар, мөн уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт, технологийн дэвшилтэй холбоотойгоор чухал ашигт малтмал гэж тодорхойлсон элементүүдийн хэрэглээ, олборлолт нэмэгдэхээр байна. Тиймээс олон улсад энэ чиглэлийн хөрөнгө оруулалт ч нэмэгдэж байна. Үүнийг Английн геологийн алба бидэнд танилцуулж байна.
Манай улсын хувьд манайд ямар төрлийн ямар ямар элемент байгааг эрж хайх шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, геологи судалгааны ажлаа эрчимжүүлж байж эрдэс баялгийн салбарын тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ. Мэдээж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Үүнээс илүү чухал байгаа зүйл нь бидэнд тогтвортой байдал болоод байна. Үүнийг хангах нь бидний нэн тэргүүний асуудал. Тиймээс хоёр улсын геологийн алба хамтран ажиллаж, хэрхэн үр бүтээлтэй ажиллагааг эрчимжүүлэх вэ гэдэг дээр санал солилцож байна.
-Монгол Улс тухайн хөрөнгө оруулалтыг хүлээж авах эсэхийг Засгийн газар шийдэж байгаа. Харин бусад оронд хэрхэн шийдэж байна вэ?
-Манайх стратегийн орд гэдэг утгаараа хөрөнгө оруулалт авахдаа хэлэлцээр хийдэг хуультай. Бусад оронд тийм ойлголт байдаггүй. Гаднын орнууд байгаль орчноо чухалчлаад тэндээ тохируулж эрсдэлгүй хөрөнгө оруулалтыг илүүд үздэг.