Т.Бямбанаран
Саяхан Ерөнхийлөгч Дональд Трамп Украин улстай критикал минералын салбарт хамтран ажиллаж, үүний хариуд ОХУ-тай хийж буй дайнд цэргийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн танилцуулсан "Ялалтын төлөвлөгөө"-ний нэг хэсэг нь хөрөнгө оруулагчдыг уг салбарт татах явдал байв.
Зай хураагуур болон орчин үеийн дэвшилтэд технологийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардагдах критикал минералын салбар хурдацтай хөгжиж байгаа бөгөөд Украин олон улсын болон бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэх боломжтой ажээ.
Тус улсын нутаг дэвсгэр АНУ-аас стратегийн ач холбогдолтой хэмээн тодорхойлсон 50 төрлийн ашигт малтмалын 23-ыг, Европын Холбооны зайлшгүй шаардлагатай гэж үзсэн 34 төрлийн ашигт малтмалын 26-г агуулдаг байна. Түүнчлэн, титан, бал чулуу, литий, берилли болон газрын ховор элемент (ГХЭ) зэргийн нөөцөөр дэлхийд өрсөлдөхүйц байр суурьтай.
Эдгээр ашигт малтмалын нөөцийг Украинд хэсэгчлэн ашиглаж байгаа боловч металл хайлш, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төдийлөн ашиглаагүй хэвээр байна. Одоогоор эдгээрийг олборлох 30 тусгай зөвшөөрөл олгогдоод байгаа гэнэ.
Тус улсын мэдэлд 30 гаруй лицензгүй орд, 400 орчим илрэл бий. Мөн титан, хөнгөн цагаан, цахиур, германий, галлий олборлох чадамжтай голлох үйлдвэрүүдийг эзэмшдэг аж.
Дэлхий дахинд дээрх элементүүдийн эрэлт, хэрэгцээ нэмэгдэж буйтай холбогдуулан тус улс НАТО болон “Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага”-ын гишүүн орнуудтай нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэж, эдийн засгаа хөгжүүлэх боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Гэвч энэхүү баялгийг олборлоход томоохон хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи шаардагддаг. Хөрөнгө оруулалт татахын тулд Украины Засгийн газар зохицуулалтын шинэчлэл хийхээр ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: www.mining.com