Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Рио Тинто”-гийн удирдлагын төлөвлөгөөг хөрөнгө оруулагчид дэмжихгүй байна

Р.Ренчиндулам

Уул уурхайн аварга компани “Рио Тинто”-гийн удирдлага ойрын хугацаанд  хөрөнгийн зах зээлд олон тэрбум долларын хувьцаа гаргах төлөвлөгөөтэй байгаа билээ. Үүнд тус компанийн хөрөнгө оруулагчид тааламжгүй хандаж байгаа бөгөөд төлөвлөгөөгөө цуцлах шаардлагатайг сануулж байна. “Financial review”-д бичсэнээр “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ төлөвлөгөөг компанийн хөрвөх чадвар, бизнесийн тэнцвэрт байдлыг сайжруулахад чиглэсэн хэмээн тайлбарлажээ.  

Энэ талаар өнгөрсөн долоо хоногт Сиднейд “Рио Тинто”-гийн санхүүгийн асуудал эрхэлсэн захирал Питер Каннингхэм болон Австралийн хөрөнгө оруулагчдын хооронд хийсэн уулзалтын үеэр хүчтэй яригдсан юм. Тус уулзалтын дараа хөрөнгө оруулагчдын дунд хийсэн судалгаагаар олонхи нь хувьцаа гаргахыг дэмжээгүй ажээ. “Barclays”-ийн шинжээч Амос Флетчер энэ асуудлаар өөрийн дүгнэлтийг хэлэхдээ,  бид хувьцаа эзэмшигчдийнхээ үгийг сонсох ёстой гэж онцолжээ.

Шинжээчдийн онцолж байгаагаар одоогоор “Рио Тинто” нэмэлт хувьцаа гаргах шаардлага бага ажээ. Учир нь, тус компани 2024 онд 10.8 тэрбум ам.долларын цэвэр ашиг олсон байна. Өр нь ч бага буюу 5.5 тэрбум ам.доллар байгаа нь өөрийн хөрөнгийн хэмжүүр болох 9 орчим хувьтай тэнцэж байгаа аж.

Хэдийгээр “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм өөрийн төлөвлөгөөг түүхий эдийн үнэ буурч байгаа энэ үед компанийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд онцгой чухал арга гэж итгэл төгс тайлбарлаж байгаа ч дэмжлэг авах магадлал бага байна. “Рио Тинто”-гийн нийт хувьцааны 77 орчим хувь нь Лондонд бүртгэлтэй байдаг ажээ.