Р.Ренчиндулам
Сүүлийн гурван жил тогтмол өсч байгаа алтны үнэ өчигдөр бага зэрэг унажээ. “Economictimes”-д бичсэнээр дэлхийн зах зээл дээр алтны үнэ дунджаар унц нь 0.5 хувиар буурчээ. Алтны ханш хоёрдугаар сарын 24-нд 2956.15 ам.доллар болж дээд амжилт тогтоож байсан юм. АНУ-ын алтны фьючерс мөн 0.5 хувиар буурч, 2912.10 ам.доллар болсон гэж Ройтерс мэдээлэв.
Алтны үнийн өсөлт саармагжсан нь сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргаж байгаа татвартай холбоотой шийдвэрээс улбаалсан “худалдааны дайн”-аас хамааралтайг шинжээчид онцолж байна. Цагаан ордон Мексик, Канадын импортын бараанд 25 хувийн татвар ногдуулсны дараа байдал улам хурцдаж байгаа юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп автомашин үйлдвэрлэгч зарим компанийг нэг сарын хугацаанд татвараас чөлөөлсний дараа худалдааны хурцадмал байдал намжина гэж хөрөнгө оруулагчид найдаж байгаагаас Азийн хөрөнгийн биржүүдийн үйл ажиллагаа эрчимжиж байна.
Хэдийгээр алтны үнэ бага хэмжээгээр буурсан ч энэ нь түр зуурынх гэж шинжээчид онцолж байна. Учир нь, эдийн засгийн ээдрээтэй үед улс орнууд хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтаас хөрөнгөө хамгаалах зорилгоор алт худалдаж авах “заншил” хэвээр байгаа билээ.