Р.Ренчиндулам
ХАБЭА-н /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй/ стандарт нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалах үүрэгтэй. Гэвч улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, үйлдвэрлэлийн осол гэмтэл, түүнээс шалтгаалсан нас баралтын түвшин өндөр байгаа нь ХАБЭА-н стандарт өөрөө “болохгүй” болсныг илтгэнэ.
Улсын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт нийт 156 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Задлаад харвал, 54 нь хөдөлмөрийн аюулгүй байдал, 97 нь хөдөлмөрийн эрүүл ахуй, 5 нь мэргэжлээс шалтгаалсан өвчний стандарт юм. Гэвч эдгээр стандартын 70 гаруй хувийг шинэчлэх шаардлага нэгэнт үүсжээ.
ХАБЭА-н стандартад улсын үзлэг явуулжээ. Нэгдсэн дүнгээр 57 стандартыг хүчингүй болгох шаардлагатай гэж дүгнэжээ. Учир нь, бүгд 15 жилийн өмнө батлагдсан, цаг үеийн шаардлагаас хоцрогдсон, хуучирсан эсвэл практикт огт хэрэглэгддэггүй стандартууд байгаа юм. Үүнээс гадна, нийт стандартын 47-г дахин хянах шаардлагатай гэж үзжээ. Тэдгээрийн зарим заалт нь хоорондоо зөрчилтэй, давхацсан, агуулга, үг хэллэг тохиромжтой бус байсан бол 6 стандартын холбогдох заалтыг дахин хянах шаардлагатай байгаа аж. Харин зөвхөн 46 стандартыг л хэвээр мөрдөх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Д.Нарансүх: Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн 70 хувь нь уул уурхайн салбараас оношлогдож байна
ХАБЭА-н салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүхээс тодрууллаа.
-Уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ямар түвшинд байна вэ. Хэрхэн сайжруулах вэ?
-Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт нь бүх салбарт мөрдөгддөг. Уул уурхайн салбар нь улсын эдийн засагт маш том байр суурь эзэлдэг. Нөгөө талаас, уул уурхайн салбарын техник, технологи нь өөрөө ажлын байрны эрсдэл үүсгэдэг. Хэрэв стандарт сайн мөрдөгдөж байгаа бол уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл бага байх боломжтой. Харамсалтай нь статистикаар уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн осол цөөнгүй гарч байна. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн 70 хувь нь уул уурхайн салбараас оношлогдож байна. Тэр дундаа тоосжилттой холбоотой өвчлөл их байна. Уул уурхай нь тоос үүсгэхээс гадна зарим эрдсийг боловсруулахдаа химийн бодис ашигладаг. Үүнтэй холбоотойгоор уушгины өвчлөл, сонсгол алдагдах эмгэг зэрэг өвчлөл энэ салбарт өндөр байна.
-2018 онд энэ чиглэлийн улсын үзлэг явуулж байсан юм билээ. Гэвч одоо ч ХАБЭА-н стандарт хангалтгүй хэвээр байгаа нь энэ удаагийн дүнгээс харагдаж байна. Тэгвэл энэ удаагийн судалгааны үр дүнд үндэслээд цаашид хэрэгжүүлэх бодит өөрчлөлт нь юу байх вэ. Товчхондоо, энэ судалгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарыг өөрчилж, сайжруулж чадах уу. Дараагийн алхам нь юу вэ?
-Бидний хийсэн стандартын улсын үзлэгийн дүнг нэг талаас судалгаа гэж хэлж болох байх. Бид энэ жил явуулсан стандартын улсын үзлэгийн дүнд үндэслээд дараа дараагийн жилд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж байгаа. Өөрөөр хэлбэл, 2025, 2026 онд хэдэн стандартыг шинэчилж, хэдийг нь шинээр боловсруулах зэрэг төлөвлөгөөг гаргаад, төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ мэргэжлийн нийгэмлэг, холбоод, салбарын яамд, байгууллагуудтай хамтран зохион байгуулалт, менежменттэйгээр ажиллана. Эцсийн үр дүнд, стандарт сайн болсноор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл буурах том хүчин зүйл бий болох юм. Стандарт шинэчлэгдээд гарсны дараа түүний хэрэглээг дэмжих, сурталчлах, стандартад хяналт тавих зэргээр шат шатны байгууллагуудын уялдаа холбоо шаардлагатай байгаа.
-Нөгөө талаас стандартыг мөрдөх, хэрэгжүүлэх нь чухал. Хувь хүн, аж ахуйн нэгжүүд стандартыг мөрддөггүйгээс янз бүрийн эрсдэл гарах нь ч бий. Энэ нь магадгүй стандартыг хэрэгжүүлээгүй тохиолдолд авах арга хэмжээ, хариуцлага сул байдагтай холбоотой байж болох юм. Хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиар аж ахуйн нэгж байгууллага нь ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд стандартыг мөрддөг байх шаардлагатай. Хэрэв заавал мөрдөх ёстой стандартыг аж ахуйн нэгж байгууллага мөрдөөгүйгээс хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирвал тухайн байгууллагад хариуцлага тооцох механизм байдаг.
Стандарт нь заавал мөрдөх болон сонгон хэрэглэх гэсэн төрөлтэй байдаг. Заавал мөрдөх стандарт нь техникийн зохицуулалт гэдэг баримт бичгийн хэлбэр рүү шилжээд Засгийн газраар орсон. Мөрдөгдөөд эхэлж байгаа. Тэгэхээр стандартыг мөрдөөгүйгээс өвчлөл гарч, амь нас эрсэдвэл хуулийн хариуцлага хүлээнэ.
-ХАБЭА-тай холбоотой хяналт шалгалт хангалттай байж чадаж байна уу?
-Хяналтын байгууллагуудын хяналтын чадавхыг сайжруулах шаардлага бол байгаа. Үүний тулд хяналтын байцаагчдыг чадавхжуулах, мэдлэг чадварыг нь хөгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай байгаа.
Мөн хяналтын тогтолцоог шинэчлэх, цахим хяналттай болох шаардлагатай. Тухайлбал, улсын хэмжээнд хөдөлмөрийн эрүүл ахуйн 30 байцаагч байдаг. Ийм тооны хүн 20-30 мянган эрсдэлтэй аж ахуйн нэгжид бүгдэд нь хяналт тавих боломжгүй. Тиймээс цахим хяналтыг нэвтрүүлж, аж ахуйн нэгжүүдийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн цахим системд холбосноор заавал байцаагч очиж эрсдэлийн хяналт хийлгүйгээр цахимаар хянаад, шаардлагатай үед очиж шалгадаг болох шаардлагатай байгаа. Мөн байцаагчдын тоог нэмэгдүүлэх, тэднийг чадавхжуулах шаардлагатай байна.