Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ 2027 ОНООС ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДЛЫН ДУТАГДАЛГҮЙ БОЛНО

А.Халиун

3асгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө эрчим хүчний салбарт реформ хийж, энэ салбарыг зах зээлийн зарчимд нийцүүлэн хөгжүүлэхээ мэдэгдсэн. Реформын хүрээнд эхний ээлжинд эрчим хүчний системийн чадлын дутагдлыг нөхөх, шинэ эх үүсвэрийг нэмэх чиглэлд сүүлийн жилүүдэд эрчимтэй ажилласны үр дүн гарч, өнгөрсөн өвлийн оргил ачааллын үетэй зэрэгцэн хэдэн шинэ станц ашиглалтад орлоо.

Шинэ оны өмнөхөн:

  • "Багануур" цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, 12 дугаар сарын 13-наас Төвийн системд эрчим хүч нийлүүлж эхлэв.
  • 600 МВт-ын хүчин чадал бүхий "Бөөрөлжүүт цахилгаан станц"-ын эхний блок 150 МВт-ын станцын галлагааг хийж, төвийн эрчим хүчний системд нийлүүллээ.
  • 2028 оны эхээр эрчим хүчний төрийн өмчит компаниудын хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, олон нийтэд санал болгоно.

Завханы Тосонцэнгэл суманд "Тосон" дулааны цахилгаан станцын эхний блок блок 22МВт-ын станц ашиглалтад орж, өнгөрсөн 1 дүгээр сараас баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд хүч нэмэгдүүлэв.

Мөн Сэлэнгэ аймагт эхлүүлсэн 70МВт-ын станц 2026 онд, Төв аймгийн Баян сумын нутаг дахь 660 МВт- ын цахилгаан станцын эхний блок 2027 онд, хоёр дахь блокийг 2028 онд 6 дугаар сарын 30 гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Үүн дээр Бөөрөлжүүтийн 600 МВтын цахилгаан станцын үлдсэн 3 блок болох 450МВт-ын станцыг 2028 онд Төвийн эрчим хүчний системд холбох юм.

Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд ийнхүү ар араасаа системд холбогдсоноор 2027 оны 6 дугаар сарын 30-нд Монгол Улсын эрчим хүчний систем цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалгүй болно гэсэн тооцоолол гарч байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдлээ.

ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ ӨССӨН Ч ЭРЧИМ ХҮЧНИЙ ИМПОРТЫН ХЭМЖЭЭ БУУРАВ

Эрчим хүчний дутагдсан хэрэглээгээ манай улс ОХУ-аас импортлон хангасаар байна. Хэрэглээ 17.00- 22.00 цагийн үед огцом нэмэгддэг бөгөөд энэ дутагдлыг импортын эрчим хүчээр нөхдөг. Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд нэмэгдэж байгаа ч ойрын 2 жилдээ оргил ачааллын үед эрчим хүчээ хэмнэхийг хэрэглэгчдэдээ уриалсаар байх нь.

2025 оны 2 дугаар сарын эхний 10 хоногт цаг агаар огцом хүйтрэв. Дээрх хугацааны хамгийн хүйтэн үдшийн 1, 2 дугаар сарын 9-ний 20.00 цагт эрчим хүчний системийн оргил ачаалал 1566 МВт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 118 МВт-аар өсжээ. Гэвч импорт 90 МВт-аар буурсан гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлсэн. Шинэ станцууд ашиглалтад орж, дотоодын эрчим хүчний эх үүсвэрийн чадлын хэмжээ нэмэгдсэнээр ийм эерэг үзүүлэлт гарчээ.

Алдагдалтай ажиллаж ирсэн эрчим хүчний үйлдвэрлэлийн үнэ тарифыг өртөгт нь ойртуулах зорилгоор цахилгаан, дулааны үнэ тарифыг шатлалтайгаар шинэчлэн тогтоож, 2024 оны 11 дүгээр сарын 16-наас цахилгааны хэрэглээн дээр шинэчилсэн тарифыг мөрдөж эхэллээ.

2024 оны жилийн эцсээр 1 КВт/ цаг цахилгааны өртөг 280 төгрөг, хэрэглэгчдэд нийлүүлэх дундаж тариф нь 216 төгрөг байв. 1КВт/цаг тутамд 64 төгрөгийн алдагдал хүлээж байсан цахилгааны тарифыг нэмж, хэрэглэгчдэд үйлдвэрийн бодит өртгөөр нь нийлүүлж байна.

Уул уурхайн бизнес эрхэлдэг ААН-үүдийн тариф 294 төгрөгөөс 16%-иар нэмэгдэж 342 төгрөг, албан байгууллагуудынх 222 төгрөг байсныг 30 орчим хувиар нэмж 285 төгрөг болгосон. Шинэ тариф мөрдөгдсөнөөс хойших 3 сарын хугацаанд ямар өөрчлөлт гарсныг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Тэрбээр, Эрчим хүчний үнэ тарифыг нэмснээр эерэг үр дүнгүүд гарч эхэлсэн. Нэгдүгээрт, Багануур, Шивээ-Овоо зэрэг эрчим хүчний нүүрс нийлүүлэгч компаниуд алдагдалгүй ажиллаж эхэллээ. Хоёрдугаарт, Эрчим хүчний нүүрсний төмөр замын тээвэрлэлтийн тариф алдагдалгүй боллоо. Гуравдугаарт, Эрчим хүч үйлдвэрлэгч станцууд алдагдалгүй ажиллаж эхэллээ гэв.

Үнэ тарифын шинэчлэлийг дагаад нүүрсний уурхай, тээвэрлэлт гээд эрчим хүчний үйлдвэрлэлд оролцогч бүх дамжлагын ААН-үүд нь алдагдлаас гарч, ашигтай ажиллах ирээдүй харагджээ.

Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооноос сүүлийн 2 жилд эрчим хүчний компаниудын зардлыг бууруулж, хэмнэлтийн горимд ажиллуулжээ. Хэмнэлтийн бодлогыг цаашид ч үргэлжлүүлэх бөгөөд 2025 онд төрийн өмчит 27 компаниас 17 тэрбум төгрөг хэмнэхээр тооцоолсон байна. Эцэст нь эрчим хүчний салбар улсын төсвийн татаасгүй болно гэж өөдрөгөөр харж буй аж.

ТӨРИЙН ӨМЧИТ ЭРЧИМ ХҮЧНИЙ КОМПАНИУДЫН ХУВЬЦААГ 2028 ОНООС АРИЛЖААЛНА

"Эрчим хүчний үйлдвэр, компаниудад тендерийн будилаан гардаг. Тоног төхөөрөмжүүдийг өндөр үнээр шахдаг" гэх мэт хардлага, шүүмжлэл тасардаггүй. Салбарын шинэчлэлийн хүрээнд үйлдвэр компаниудын засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулна. Өнөөгийн алдагдалтай ажилладаг компаниудыг хөрөнгө оруулагчид сонирхохгүй байна. 2025-2027 онд алдагдалгүй, ашигтай ажиллавал 2028 оны эхээр эрчим хүчний төрийн өмчит компаниудын хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, олон нийтэд санал болгоно. Эрчим хүчний салбарыг эдийн засгийн бусад салбараа боомилогч биш дэмжигч салбар болгон хөгжүүлнэ.

Эрчим хүчний реформын эхлэлийг амжилттай тавьснаар цаашид шинэ эх үүсвэрийн төслүүд хэрэгжих, энэ салбарт хөрөнгө оруулагчдын сонирхол татах, үр ашигтай ажиллах боломж бүрдлээ" гэсэн дүгнэлтийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлж байна.