Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Д.ДАЛАЙЖАРГАЛ: ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГААС "ЗӨӨВЧ ОВОО" ОРДОД 3 ЖИЛ ТУТАМ ХЯНАЛТ ТАВИНА

Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт Монгол Улсын баримтлах бодлого болон Монгол, Францын хамтарсан ураны төслийн талаар "Мон-Атом" ХХК- ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргалтай ММЈ-ийн сэтгүүлч Р.Ренчиндулам ярилцлаа.

Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн ямар бодлого баримталж байна вэ? Ураны хайгуул, олборлолт, ашиглалттай холбоотой эрх зүйн орчныг сайжруулахад ямар өөрчлөлт, шийдэл гарсан бэ?

Монгол Улсын төрөөс 2009 онд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг баталсан. Энэ бодлогын гол зорилго нь цацраг идэвхт ашигт малтмалын нөөц баялгийг нэмэгдүүлэх, түүнийг энхийн зорилгоор ашиглах, эрдэс баялгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж олборлолтоос боловсруулалт руу, улмаар экспортлогч орон болох, цаашлаад эдийн засгийн нөлөө бүхий улсуудын стратегийн сонирхлыг бий болгох, Монгол Улсын тогтвортой хөгжил, Үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэж байна. 

Цацраг идэвхт ашиг малтмал, тэр дундаа уран нь дэлхийн гадаргын гүнд хамгийн их тархсан элемент. Алтнаас 400 дахин, мөнгөнөөс 20 дахин их тархалттай төдийгүй хэдэн сая жилийн өмнө дэлхий бүрэлдэн тогтоход анх үүссэн элемент. Энэ утгаараа ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа бусад төрлийн ашигт малтмалтай адилхан ч Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулдгаараа онцлог. Хайгуулын болон ашиглалтын Тусгай зөвшөөрөл авахдаа цөмийн энергийн асуудал эрхэлсэн төв байгууллага, Цөмийн энергийн комисс, Тагнуулын төв байгууллагын саналыг тусгадаг. Харин Өнгөрсөн оны сүүлчээр батлагдсан Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цацраг идэвхт ашигт малтмал болон ураны ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ямар нэгэн хэлбэрээр орлуулах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ-аас тогтоохоор заасан.

Цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой зарим байгууллага "Мон-Атом" ХХК, Цөмийн энергийн комиссын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн талаар мэдээлэл өгнө үү?

Цөмийн энергийн комисс нь анх 1962 онд Сайд нарын Зөвлөлийн дэргэд байгуулагдсан. 2015 онд Засгийн газрын тогтоол гарч Цөмийн энергийн комиссын Ажлын алба байгуулагдан өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.

Цөмийн энергийн байгуулагдсанаас хойш Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тэр дундаа боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, геологи уул уурхай, хүнд үйлдвэрийн салбаруудад цөмийн шинжлэх ухааны хөгжил дэвшлийг нэвтрүүлэх, нутагшуулах, цацрагийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Харин "Эрдэнэс Монгол" ХХК-ийн харьяа төрийн өмчит "Мон-Атом" компанийн хувьд 2009 онд Засгийн газрын тогтоолоор "Уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх" чиг үүрэгтэй, 100% төрийн өмчит Хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр байгуулагдсан.

Цөмийн энергийн тухай хуулийн 5.2, 5.3-ын дагуу төрийн төлөөллийг хамтарсан компани байгуулах зарчмаар хэрэгжүүлж буйн нэг жишээ нь Монгол-Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК юм. Тус компанийн Хөрөнгө оруулагч "Орано майнинг" групп нь ураны зах зээлд дэлхийн томоохон тоглогчдын нэг гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх.

Монгол Улс одоогоор ураны нөөцөөр дэлхийд эхний 10-т багтаж байна. Гэхдээ энэ нь хэр баттай тоо вэ. Миний харж байгаагаар сүүлийн жилүүдэд ураны нөөц тогтоох хайгуул, судалгааны ажил манайд бараг хийгдээгүй, зөвхөн ЗХУ- ын үед гаргаж байсан таамаг тооцоон дээр үндэслээд яваад байна уу? Монгол Улсад ураны хайгуулын чиглэлээр хийгдсэн сүүлийн үеийн судалгаа, мөн ордуудын талаар нэгдсэн мэдээлэл өгнө үү?

Монгол Улсад тогтоогдсон ордуудын хүрээнд өнөөгийн байдлаар 192 мянган тонн ураны нөөцтэй болох нь батлагдсан.

Энэ нөөцөөрөө дэлхийн нийт ураны нөөцийн 2%-ийг бүрдүүлж, эхний 10 байрт багтдаг. Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд ОХУ-ын хийсэн судалгааны үр дүнгээр Монгол Улсын хэмжээнд 1.4 сая тонн ураны хүдэр байх боломжтой гэсэн таамаглал байдаг. 2000-аад оны сүүлээр манай улсад гадаадын хөрөнгө оруулалттай ураны хайгуулын 35 компанид 170 гаруй тусгай зөвшөөрөл олгосон.

2010-2011 оны Канадын хөрөнгө оруулалттай "Хан ресорсез" ХХК-ийн гаргасан арбитрын маргаан болон Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцад гарсан ослын дараа хөрөнгө оруулагчид үндсэндээ бүгд гарсан гэхэд болно. Харин Монгол-Францын хамтарсан төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулагчид ураны хайгуулын салбарт хамтран ажиллах сонирхолоо илэрхийлж, үйл ажиллагаа идэвхжин Монгол Улсын ураны нөөцийг нэмэгдүүлэх хайгуул судалгааны ажилд хөрөнгө оруулах хүлээлттэй байна.

Монгол Улс одоогоор ураны нөөцөөр дэлхийд эхний 10-т багтаж байна. Гэхдээ энэ нь хэр баттай тоо вэ. Миний харж байгаагаар сүүлийн жилүүдэд ураны нөөц тогтоох хайгуул, судалгааны ажил манайд бараг хийгдээгүй, зөвхөн ЗХУ- ын үед гаргаж байсан таамаг тооцоон дээр үндэслээд яваад байна уу? Монгол Улсад ураны хайгуулын чиглэлээр хийгдсэн сүүлийн үеийн судалгаа, мөн ордуудын талаар нэгдсэн мэдээлэл өгнө үү?

Монгол Улсад тогтоогдсон ордуудын хүрээнд өнөөгийн байдлаар 192 мянган тонн ураны нөөцтэй болох нь батлагдсан.

Энэ нөөцөөрөө дэлхийн нийт ураны нөөцийн 2%-ийг бүрдүүлж, эхний 10 байрт багтдаг. Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд ОХУ-ын хийсэн судалгааны үр дүнгээр Монгол Улсын хэмжээнд 1.4 сая тонн ураны хүдэр байх боломжтой гэсэн таамаглал байдаг. 2000-аад оны сүүлээр манай улсад гадаадын хөрөнгө оруулалттай ураны хайгуулын 35 компанид 170 гаруй тусгай зөвшөөрөл олгосон.

2010-2011 оны Канадын хөрөнгө оруулалттай "Хан ресорсез" ХХК-ийн гаргасан арбитрын маргаан болон Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцад гарсан ослын дараа хөрөнгө оруулагчид үндсэндээ бүгд гарсан гэхэд болно. Харин Монгол-Францын хамтарсан төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулагчид ураны хайгуулын салбарт хамтран ажиллах сонирхолоо илэрхийлж, үйл ажиллагаа идэвхжин Монгол Улсын ураны нөөцийг нэмэгдүүлэх хайгуул судалгааны ажилд хөрөнгө оруулах хүлээлттэй байна.


Францын хөрөнгө оруулалттай "Бадрах энержи" компанийн ураны төсөл нь "Зөөвч-Овоо", "Дулаан- Уул", "Өмнөт" гэсэн зэргэлдээ 3 ордод хэрэгжинэ. Үүнээс гадна ойрын хугацаанд хэрэгжих ураны ямар төслүүд байна вэ? Эдгээр төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Төрийн өмчит "Мон-Атом" компани Франц улсаас гадна Чех, Хятад, Орос, Казахстан улсуудтай хамтарсан төслүүд хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж байна. Эдгээрээс Чех улстай хамтран Дундговь аймагт орших Хараат, Хайрхан, Гурвансайхан болон Сүхбаатар аймаг дахь Өлзийт ураны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэж байна. Манай дараагийн томоохон төсөл гэж хэлж болно.

Бүгд найрамдах Чех улсын " Ураниум Индастри" компанийн 66%-ийг эзэмшиж буй Хөрөнгө оруулагч тал манай улсад 2012 оноос хойш хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, дээрх ордуудыг ашиглах Ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан Гэвч сүүлийн жилүүдэд зарим нэг төрийн бус байгууллагын зүгээс тус төслийг хэрэгжүүлж буй "Гурвансайхан" ХХК-ийн Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Ашиглалтын 4 тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж, хөрөнгө оруулагч тал арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргах нөхцөл байдалд хүрээд байна.

Чех улс нь 1960-аад оноос уран ашиглаж ирсэн туршлагатай, дэлхийн ураны салбарт томоохон тоглогчдын нэг. Ураны ордуудыг олборлож хүдэр боловсруулах арга нь Францын хэрэгжүүлж буй технологитой ижил. Дундговь аймагт орших дээрх ордууд болон бусад стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь бидний хувьд нэн чухал ач холбогдолтой болохыг нэмж дурдмаар байна. 

Хөрөнгө оруулагч талд, өөрөөр хэлбэл Францын "Орано майнинг" компанид итгэж, хамтран үйл ажиллагаа явуулах болсон шалтгаан болон баталгаа нь юу байв?

"Орано майнинг" бол Франц улсын төрийн Өмчит компани төдийгүй ураны цөмийн эрчим хүчний салбарт дэлхийд дээгүүрт ордог, тэргүүлэгчийн нэг. Дэлхий даяар 17 мянган ажилтантай үндэстэн дамнасан корпораци. Франц улс цахилгаан эрчим хүчнийхээ 70 гаруй хувийг цөмийн эрчим хүчээр хангадаг төдийгүй, хөрш зэргэлдээ 8 оронд эрчим хүч экспортолдог.

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахтай холбоотой ажил сүүлийн саруудад идэвхжиж, Засгийн газар яаравчлан гэрээг байгууллаа гэж үзэх иргэд байна. Уг нь энэ төсөл 28 орчим жил яригдсаны эцэст батлагдсан. Ингэж удсан гол шалтгаан нь юу вэ?

Ураны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч 3 компанийн нэг Франц улсын "Орано Майнинг" компанийн охин компани "Кожеговь" ХХК 1997 оноос хойш Монголд хайгуулын үйл ажиллагаагаа эхэлж, 2007 онд анхны нөөцийг батлуулсан. Үүнээс хойш шат дараатай олборлолтод бэлтгэх үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлээд явсан. Сүүлийн хэдхэн сар ураны төсөл яригдаад Хөрөнгө оруулалтын гэрээ хийж байгаа юм биш. Төслийн явцад бидэнд маш их саад бэрхшээл тулгарч байсан. Тухайлбал, 2017 OHOOC туршилтын үйлдвэрлэлийг эхлүүлэхээр бэлтгэж, төрийн захиргааны 30 гаруй байгууллагын 106 гарын үсэг цуглуулж байж 2021 онд туршилтын үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлсэн. Энэ мэтээр удах шалтгаан олон байлаа.

"Зөөвч-Овоо" ураны ордод 1.4 жил туршилтын олборлолт явуулсан. Миний сонссоноор тухайн нутагт олон жил амьдарч, мал малласан иргэд одоо ч байдаг гэсэн. Тэд яагаад одоог болтол тэнд амьдарсаар байгаа юм бол, эрсдэл бага гэсэн үг үү. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг цаашид хэрхэн хийх вэ?

Төслийн хүрээнд 2013 оноос хойш Засгийн газар болон Олон улсын байгууллагууд, Монгол Улсын Шинжлэх ухааны академи зэрэг байгууллагуудын нийт 8 удаагийн судалгаа явуулсан. Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанаас шалтгаалсан хөрс, ус, ургамал, мал, амьтан, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл байгаа эсэхийг судалсан байна. ШУА-ийн зүгээс 2021 онд төслийн туршилтын үйлдвэрлэлийн өмнөх үе буюу байгалийн суурь түвшний судалгаа, 2023 онд туршилтын үйлдвэрийн дараах үеийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Энэ нь бусад уул уурхайн төслүүдтэй харьцуулахад олборлолт эхлэхээс өмнө болон дараа нь суурь судалгаа хийсэн гэдгээр жишиг болохоор байгаа. Эдгээр судалгаануудын дүгнэлтийг нэгтгэвэл цацрагаас шалтгаалан хүн, малын эрүүл мэнд, байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үүсээгүй гэдгийг тогтоосон.

Малын өвчлөлийн хувьд мал эмнэлгүүдийн дундын хоршооноос Дорноговь аймгийн 3 суманд тэр дундаа ураны орд байрлаж байгаа Улаанбадрах суманд, мөн 2 суманд судалгаа хийсэн. Эндээс малын өвчлөл эдгээр сумдад Монгол орны дунджаас доогуур үзүүлэлттэй, цацрагаас шалтгаалсан ямар нэгэн өвчлөл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарсан.

Таны асууж байгаа зүйл зөв. Төслийн талбайд одоо болтол амьдарч байгаа айл өрхүүд байгаа. Тэнд ямар нэгэн эрсдэл байхгүй гэж хэлж болно. Цаашид ч байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хуулийн дагуу хийгээд явна. Түүнчлэн Олон улсын атомын энергийн агентлагаас 3 жил тутам судалгаа, хяналт тавина гэдгийг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан.

"Орано майнинг" компанитай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээн дээр АМНАТ-ыг 19% хүртэл байхаар тогтсон. Энэ нь одоогоор дэлхийн хамгийн өндөр АМНАТ болоод байна. Гэтэл хөрөнгө оруулагч тал үүнийг хүлээн зөвшөөрсөн нь зарим хүнд хард лага төрүүлж байгаа нь нууц биш. Үүний шалтгааныг Та юу гэж тайлбарлах вэ?

Анх бид дээд тал нь 5 хүртэлх хувийн роялти авдаг байсан. Цөмийн энергийн тухай хуулиар өсөн нэмэгдэх шатлалаар 19% хүртэл болголоо. Үнэхээр дэлхийд байхгүй татвар гэсэн үг. Казахстан нь ураны олборлолтоороо тэргүүлэгч орон хэр нь 5.5%-ийн роялти авдаг. Тэгэхэд бид ийм хэмжээний татвар авна гэдэг бол хөрөнгө оруулагчтайгаа хамгийн дээд хэмжээнд гэрээлсэн гэсэн үг. Хамгийн гол нь эндээс Монголын ард түмний хүртэх үр өгөөж өндөр байх юм. Монголчууд бид өмнө нь хийж байсан гэрээнээс сургамж авч, 34%- ийг орлуулж шууд борлуулалтаас ашгаа хүртэлх боломжийг хайсан. Францын тал бидний саналыг хүлээн зөвшөөрч байгаа. Тэд манайхаас олборлосон ураны шар нунтгаа баяжуулаад цөмийн цахилгаан станцад түлш болгон ашиглана. Мэдээж тэд ашгаа тооцоолсон учраас манай саналыг хүлээн зөвшөөрсөн хэрэг.

Францын талтай хамтран хэрэгжүүлэх ураны төслийн хүрээнд Хүхрийн хүчлийн үйлдвэр байгуулах нь нэгэнт тодорхой болсон. Энэ мэтчилэн төслийн хүрээнд Монгол Улсад бий болох бодитой дэд бүтцийн бүтээн байгуулалт юу байх вэ? Мөн Хүхрийн хүчлийн үйлдвэртэй болохын холбогдол, давуу тал нь юу байх вэ?

Дорноговь аймаг буюу говийн бүс нутгийг хөгжүүлэх ажлыг хоёр талаасаа ярьж тохиролцоонд хүрсэн. Улаанбадрах, Зүүнбаян сумдад жил бүр татвараас гадна нэг тэрбум төгрөгийг олгоно. Дэд бүтцийн хувьд Сайншандаас уурхайн талбай хүртэл 100 км цахилгаан дамжуулах агаарын шугам, Зүүнбаянгаас талбай хүртэл 50 км хатуу хучилттай авто зам, 500 хүний амьдрах уурхайн тосгон, Зүүнбаянгаас Улаанбадрах хүртэл 60 км сайжруулсан зам зэрэг дэд бүтцийг цогцоор нь бий болгоно. 

Монгол Улсад одоогоор жилд 10 гаруй мянган тонн хүхрийн хүчлийн хэрэглээ байдаг.

Харин төсөл хэрэгжиж эхэлснээр хүхрийн хүчлийн хэрэглээ үүнээс 20 дахин нэмэгдэнэ. Энэхүү хэрэглээг дотоодоос буюу Эрдэнэтийн зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрээс гарах элементийн хүхрийн 40%- ийг шинээр баригдах Хүхрийн хүчлийн үйлдвэрт нийлүүлснээр жилд 45 сая долларыг дотооддоо эргэлдүүлж, улсын эдийн засагт ч мөн эерэг нөлөө үзүүлнэ.

Олборлолтын явцад ураны аюултай хог хаягдлыг хэрхэн устгах вэ? Ер нь энэ бүхнийг УИХ-ын чуулган, байнгын хороод дээр олон удаа ярьсан ч мэдээллийг дахин тодруулбал...?

Үндсэн үйл ажиллагаа эхлэхэд гурван төрлийн хог хаягдал гарна. Энэ нь энгийн хог хаягдал, бага цацраг идэвхт хог хаягдал, аюултай хог хаягдал. Энд хүмүүс нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй байгаа юм. Ураны аюултай хог хаягдал гэсэн ойлголт байхгүй. Аюултай хог хаягдалд машин техникийн тос тосолгооны материал, дугуй, химийн бодисын хоосон сав гэх мэтийн хог хаягдал багтаж байгаа. Үүнийг ангилан ялгаад устгалд оруулах, эсвэл аюултай хог хаягдал боловсруулах үйлдвэрт нийлүүлнэ. Харин бага цацраг идэвхт хог хаягдал гэж байгаа. Үүнд ураныг олборлох явцад урантай уусмалаар бохирдсон шугам хоолой, хамгаалах хэрэгсэл, бээлий гэх зэрэг зүйлс багтана. Эдгээрийг Олон улсын атомын энергийн агентлагийн журмын дагуу талбай дээр менежмент хийж зохицуулна. Энэ хаягдал нь цөмийн хаягдал биш, цөмийн цахилгаан станцын хаягдалтай харьцуулашгүй л дээ. Энгийн үгээр тайлбарлавал энэ нь хүн нэг удаа цээжний томограф аппаратад орохоос 3 дахин бага, цацрагийн шарлага авах хэмжээний цацраг ялгаруулдаг. Цээжний томографид нэг удаа ороход 6 миллизиверт тун авдаг бол энэ хаягдлын дэргэд 1 цаг зогсоход 1.9 миллизиверт  нэгжтэй цацраг авдаг.

Төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс Атомын цахилгаан станцтай болох уу. Эсвэл зөвхөн ураны түүхий эд нийлүүлэгч хэвээр байх юм уу?

"Алсын хараа-2050"-д эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг хангах, шинэ цахилгаан станц барьж дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цахилгаан эрчим хүч экспортолно" гэж тусгасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол, Францын хамтарсан Ураны төслийг хэрэгжүүлнэ, Монгол Улсад атомын цахилгаан станцыг барих суурь судалгааг хийнэ" хэмээн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа 14 мега төслийн нэг болж батлагдан шат дараатай ажлууд хийгдэж байна.

Европын холбооноос 2022 онд цөмийн эрчим хүчийг "ногоон" хэмээн албан ёсоор зарласан. Мөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн Хийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд Монгол Улс 1997 онд Киотогийн протокол, 2015 онд Парисын хэлэлцээрт тус тус нэгдэн орсон. Иймд ногоон эрчим хүчийг үйлдвэрлэх Атомын цахилгаан станцыг хөгжүүлэх нь цаг үеийн асуудал болоод байна.

Францууд манайхаас олборлосон ураны шар нунтгаа баяжуулаад цөмийн цахилгаан станцад түлш болгоно. Үүний адилаар хэрвээ манай улс Атомын цахилгаан станцтай болбол Монгол Улсыг эрчим хүчээр хангах бүрэн боломжтой. Энгийнээр хэлбэл, цөмийн түлшний анхан шатны бүтээгдэхүүн энд байна гэсэн үг Бид давуу талаа ашиглан эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлж, тулгамдсан олон асуудлаа шийдвэрлэх боломж байна.