Ч.Сансар
Хятад улс сүүлийн 40 хоногийн дотор АНУ-аас шингэрүүлсэн байгалийн хийг шинээр хүлээн аваагүй гэж Bloomberg “Kpler” судалгааны байгууллагын цуглуулсан мэдээллээс иш татан мэдээлэв.
Худалдан авалтыг зогсоосон шалтгаан нь Ерөнхийлөгч Трамп Хятадын бүх импортын бараа бүтээгдэхүүнд нэмэлт 10%-ийн татвар ногдуулж, тарифын дайн эхлүүлсэнтэй холбоотой. Үүний хариуд Хятад улс АНУ-ын шингэрүүлсэн хийн импортод 15%-ийн татвар ногдуулж, түүхий нефтийн импортын татварыг буурууллаа.
Тариф ногдуулсны үр дүнд АНУ-ын үйлдвэрлэгчидтэй урт хугацааны гэрээ байгуулсан Хятадын компаниуд шингэрүүлсэн хийгээ Европт худалдаж эхэллээ гэж Bloomberg мэдээлж байна. Үүнээс гадна Хятадын компаниуд АНУ-тай байгалийн хий худалдан авах гэрээ байгуулах сонирхол нь буурч, Ойрх Дорнод, Ази Номхон далайн бүс нутгийн үйлдвэрлэгчидтэй урт хугацааны гэрээ хийхийг эрмэлзэж байгаа аж.
Хавар ирж байгаа тул байгалийн хийг эрчимтэй ашиглах улирал дуусах дөхөж байгаа. Энэ нь Европын хувьд хийн нөөцөө сэргээх тун тохиромжтой үе юм. Тиймээс хийн эрэлт хэрэгцээ хэсэг хугацаанд өндөр байх болно гэж Kpler таамаглаж байгаа аж. Kpler мөн 2025 онд Өмнөд Солонгосын шингэрүүлсэн хийн хэрэгцээ өсөж, Хятадын эрэлт буурна гэж үзэж байна. Энэ нь 2 дугаар сард шингэрүүлсэн хийн импорт буурсантай холбоотой билээ.
Эх сурвалж: www.oilprice.com