Т.Бямбанаран
Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын усан онгоцны үйлдвэрлэлийг сэргээх зорилгоор Хятадын холбогдолтой хөлөг онгоцнуудад өндөр төлбөр ногдуулах санал дэвшүүлжээ. Ингэснээр АНУ-ын нүүрсний нөөц хуримтлагдаж, хүнд байдалд байгаа хөдөө аж ахуйн зах зээлд тодорхойгүй байдал үүсжээ. Тус улсын экспортлогчид бараа бүтээгдэхүүнээ гадаадад гаргах хөлөг онгоц олоход саад учраад байна.
Трамп энэхүү төлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Уг саналын хүрээнд Хятадад үйлдвэрлэсэн, эсвэл Хятадад үйлдвэрлэсэн усан онгоц тээвэрлэсэн флотын хөлөг онгоцнуудад 1.5 сая ам.доллар хүртэл торгууль ногдуулах магадлалтай.
Үүний улмаас хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, барилга, үйлдвэрлэлийн салбарын экспортод шаардлагатай хөлөг онгоцны хүртээмж хязгаарлагдмал болжээ. Мөн АНУ-ын томоохон экспортлогчид болон тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд гадаадад бараагаа хүргэхэд хүндрэлтэй болжээ.
АНУ-ын нүүрсний экспорт зогсох эрсдэлтэй
Боомтын төлбөрийн тухай саналаас болж хөлөг онгоц эзэмшигчид АНУ-ын нүүрсний тээвэрлэлтэд оролцохоос татгалзсан гэж Xcoal Energy & Resources компанийн гүйцэтгэх захирал Эрни Трэшер хэлсэн байна.
Тэрээр, “Тус төлбөрийг хэрэгжүүлбэл АНУ-ын нүүрсний экспорт 60 хоногийн дотор бүрэн зогсох эрсдэлтэй бөгөөд 130 тэрбум ам.долларын тээвэрлэлтэд аюул учруулж буй хэрэг. Үүгээр ч зогсохгүй АНУ-ын нүүрс тээвэрлэлтийн зардлыг 35% хүртэл нэмэгдүүлж, улмаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадваргүй болгоно” гэсэн юм.
Баруун Виржиниа муж дахь уурхайнуудад нүүрсний нөөц хуримтлагдаж байгаагаас болж уурхайчдаа халах бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа ажээ.
АНУ-ын газрын тос, байгалийн хийн экспорт саатаж болзошгүй
Уг төлбөр дан ганц нүүрсний экспортыг бус, газрын тос, шингэрүүлсэн байгалийн хий, боловсруулсан түлш зэрэг эрчим хүчний бусад бүтээгдэхүүний экспортод саад болоод байна гэж АНУ-ын Нефтийн Хүрээлэн (American Petroleum Institute) 3 дугаар сарын 10-нд мэдэгдсэн.
Түүнчлэн, боомтын төлбөрийн хүрээнд дотоодын экспортыг зөвхөн АНУ-д үйлдвэрлэсэн, тус улсын далбаатай хөлөг онгоцоор хийх юм байна. Гэвч АНУ-ын далбаатай ачааны хөлөг онгоцны тоо 200 ч хүрэхгүй бөгөөд зарим нь тус улсад үйлдвэрлэгдээгүй юм.
Иймээс тус улсын эрчим хүчний, тэр дундаа шингэрүүлсэн байгалийн хийн экспорт эрс хязгаарлагдахад хүрчээ. Учир нь, дээрх шаардлагад нийцэх шингэрүүлсэн хий тээвэрлэгч онгоц одоогоор ашиглалтад байхгүй. Түүнчлэн, химийн бүтээгдэхүүний экспорт ч хүнд байдалд орж болзошгүй гэж Олон улсын далайн тээврийн холбооноос анхааруулжээ.
Эх сурвалж: www.reuters.com