“Оюу толгой” ХХК 2022 онд гүний уурхайг нээж, өнгөрсөн онд 124 дэх хүдэр буулгуурын тэсэлгээ хийсэн байна. 2025 онд уурхайн олборлолт өмнөх оноос 50%-иар нэмэгдэн зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсжээ.
2028-2030 онд гүний болон ил уурхайгаас жилд дунджаар 500 мянган тн зэс үйлдвэрлэх төлөвтэй байна.
Өөрөөр хэлбэл оргил үедээ өдөрт 17,000 цахилгаан автомашин үйлдвэрлэх хэмжээний зэс үйлдвэрлэдэг дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм.
1,300 метрийн гүнд дэлхийд тэргүүлэх бүтээн байгуулалтыг амжилттай хийсэн монгол залуус, гадаадын мэргэжилтнүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.
Энэ бүтээн байгуулалт уул уурхайн салбарт сайн жишиг болон хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Оюу толгойн уурхайн үйлдвэрлэл, олборлолт жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд дэлхийд тэргүүлэх өндөр технологийг нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажиллаж байгаа нь уурхайн нийт хамт олны хүч хөдөлмөр, хүчин зүтгэл гэдгийг онцоллоо.
“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Оюу толгойн ордоос олборлож байгаа зэс ногоон хөгжилд Монгол Улсын оруулж байгаа хувь нэмэр. Энд үйлдвэрлэсэн зэсийн баяжмал дэлхий дахинд салхин сэнс, цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийн амин чухал орц гэдгийг хэллээ.
“Рио Тинто” групп Оюу толгойд 2023 оны байдлаар 17 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. 2010 оноос хойш 12 их наяд төгрөгийн татвар төлсөн.
Оюу толгойд 20 гаруй мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь Монголчууд, үүнээс 25 хувь нь Өмнөговь аймгийн иргэд юм. Нийт ажилчдын 23 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ирэх 10 жилд энэ тоог 50 хувьд хүргэхээр төлөвлөжээ.
2014-2024 оны байдлаар Оюу Толгой төсөл манай улсын нийт экспортын орлогын 17 орчим хувь, эрдэс бүтээгдэхүүний экспортын 20 хувь, гадаад валютын нөөцийн 44 хувийг бүрдүүлсэн байна.
2024-2051 онд энэ төслөөс манай улсын хүртэх нийт өгөөж 11.9 тэрбум ам.доллар болох юм.